Open iToim app
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 6
Ковидын үед бизнес эрхлэгчид ээлж дараалан үйл ажиллагаагаа зогсоож зарим нь хаалгаа барьж нөхцөл байдал хүнд байлаа. Энэхүү сорилтыг боломж гэж харж бизнесээ эхлүүлсэн хүний нэг бол “Говидара” брэндийн үүсгэн байгуулагч Б.Цэнгэлмаа. Монголоор говийн дарь эх, санскрит хэлнээс хөрвүүлэхэд тэнгэрийн ариун мод гэсэн утгатай Говидара нь уламжлалт анагаах ухааныг эм зүйн шинжлэх ухаантай хослуулан инновац шингэсэн бүтээгдэхүүн гарган авдаг. Тус брэндийн анхны бүтээгдэхүүн бол шүршдэг ганга. Өдгөө шүршдэг арц, шүршдэг ариун ганга болон гангатай салфетик, саван зэрэг бүтээгдэхүүн гаргаад байна. 
Арц гангыг амилуулсан инновац
undefined
Б.Цэнгэлмаа оюутан байхдаа буюу 2016 онд МҮОНРТ-ээс зохион байгуулдаг залуу зохион бүтээгч уралдаанд оролцож, шилдэг 15-ын нэг болсон нь өөрийн брэндийг үүсгэх эхлэл болжээ. Уг үйл явдлаас урам зориг авсан тэрээр эмчийн мэргэжлээ сольж эм зүйчээр сурч илүү олон төрлийн судалгаа хийж эхэлсэн байна. Ингээд 2018 онд Старт Ап Монголиа болон Мерси Корлоос зохион байгуулсан Энтрепрёнер тэмцээнд тэргүүн байр эзэлж 10 сая төгрөгийн грант авав. Энэхүү тэмцээнд түрүүлээд авсан мөнгөөрөө бүтээгдэхүүн хийх анхны төхөөрөмжөө авч байжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа гангатай гар ариутгагчаа албан ёсоор зах зээлд нэвтрүүлжээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэхээс гадна судалгаагаа ч гүнзгийрүүлсээр байгаа бөгөөд гурван жилийн өмнө үйлдвэртэй болж, нэрийн дэлгүүрээ ч нээгээд байна. Говидара үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш одоогийн байдлаар 40 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулжээ. 
Энгийнээс эрүүл
undefined
Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн арц, ганга нь шинжлэх ухаан талаасаа бактери, мөөгөнцрийн эсрэг маш өндөр идэвхжилт антиоксодант агуулдаг. Итгэл үнэмшил шашин талаас харвал сөрөг энергийг устгадаг. Одоо ч арц, гангийг хэрэглэдэг хүмүүс олон байгаа ч завгүй ачаалалтай үед хэрэглэх нь ховор. Б.Цэнгэлмаагийн хувьд хүмүүсийн өдөр тутмын амьдралд илүү ойр, хэрэглэхэд хялбар болгосон. Шүршдэг хэлбэртэй арц, ганга нь гар ариутгах, агаар цэвэршүүлэх, сэтгэл санаагаа сэргээх боломжийг олгож байна.  “Энгийнээс эрүүл” гэсэн уриатайгаар ажилладаг тус компанийн бүтээгдэхүүний үр дүнг харуулсан судалгаа саяхан хийгджээ. Тодруулбал компани саяхан итгэмжлэгдсэн лабораторитой хамтран улсын сургууль дээрээс орчны агаарын дээж буюу бүх төрлийн хатуу гадаргуугийн арчдасын шинжилгээ авсан байна. Ингээд шүршдэг арц гангыг хэрэглэсний өмнө болон дараахийг харьцуулахад хэрэглэсний дараа бактерийг 100 дахин устгаж байна гэсэн дүн гарчээ. 
Монголын үнэртэй салхийг олон улсад гаргах нь 
“Өв соёл гэдэг зөвхөн урлаг соёлоор хязгаарлагдахгүй. Бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан уламжлалт анагаах ухаан, ахуй соёлоо түгээн хадгалж байна” гэж тэрбээр онцлов. Шүршдэг арц,  шүршдэг ариун ганга болон гангатай салфетикуудыг  хэрэглэсэн хүн өөрийнхөө сэтгэгдлийг эргэн тойрондоо хүргэх байдлаар өөрөөр хэлбэл, амнаас ам дамжсан сурталчилгаагаар хэрэглэгч нар өөрсдөө эрэл хайгуул хийж ирдэг. Тухайлбал, 2025 онд Ази, Номхон далайн бүсийн чуулганд оролцохдоо 50 орны 5 мянган жуулчинд нэгэн зэрэг хүрч ажилласан. Үүний дараа Япон, Солонгос, Нидерланд, Шинэ Зеланд, Америкаас олон хэрэглэгч холбогдож санал хүсэлтээ илэрхийлжээ. Хэрэглэгчдийн дийлэнх нь “монгол үнэртэж байна” болон бага нас, нутгийг минь санагдуулж эморуулдаг шүү гэх сэтгэгдэл хэлэх нь түгээмэл. Энэ утгаараа тус компани сүүлийн  үед Монголын үнэртэй салхийг дэлгэрүүлье гэсэн консепцын дагуу ажиллаж байна. 
undefined
Уул уурхайн салбар бол манай эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар ч гэсэн төр засгаас дэмжвэл жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж боддогоо тэр хуваалцав. Говидара компани экспортод гарах бэлтгэлээ базааж гэрийн даалгавраа хийгээд явж байна. Тэд өнгөрсөн онд болсон дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганы үеэр МҮХАҮТ, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад томоохон газрын хамтран санаачилсан Weide хөтөлбөрөөс 30 мянган ам.долларын тэтгэлэг авчээ. Уг тэтгэлэг нь экспортод гарахаар зорьж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг бэлдэх зорилготой. Аливаа нэг төсөлд улсынхаа нэрийг авч явж байгаа учраас хариуцлагатай байж дараагийн хүмүүстээ боломжийг нээж өгөхөөр зорьж буйгаа энэ үеэр дурдлаа. 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн