Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

Бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин нэмэгджээ

Бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин нэмэгджээ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 31
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчин болон улаанбурхан өвчний эрсдэл нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Гар, хөл, амны өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд тохиолддог, вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Халуурах, хоолой өвдөх, ам, гар, хөл дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд хүүхдүүдийн дунд хурдан тархдаг. Ихэнх тохиолдолд хөнгөн явцтай эдгэрдэг боловч бага насны хүүхдэд хүндрэх эрсдэлтэй тул эцэг эх, асран хамгаалагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлэх шаардлагатай юм. Эцэг эх, асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
  • Хүүхдийн гарыг тогтмол савандаж угаах, ялангуяа хоолны өмнө, бие зассаны дараа
  • Хоол, хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаатай цэвэр ус хэрэглэх
  • Хүүхдийн тоглоом, өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг тогтмол угааж, ариутгах
  • Өвчтэй хүүхдийг бусад хүүхдээс тусгаарлаж, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх
  • Халуурах, тууралт гарах, хоол идэхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах
  • Хүүхдийн дархлааг дэмжих тэжээллэг хоол хүнс, амин дэм хэрэглэх
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгджээ
Халдварт өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14,465-д хүрчээ. Үүнээс нийслэлд 11,704, орон нутагт 2756 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралт 15 болоод байна. Одоогийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нийслэлд 17, орон нутагт 27 хүн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр авч үзвэл 10–14 насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн өндөр буюу 5252 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 0–4 насны 3537, 5–9 насны 1851, 15–19 насны 1789 хүүхэд улаанбурханаар өвчилжээ.
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй боловч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очиж цахим бүртгэлд шалгуулж, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувийн ариун цэвэр сахих, олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахдаа амны хаалт зүүлгэх, халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрээр эмчлэхгүй, яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн