Монгол Улс Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндий гэсэн дөрвөн чөлөөт бүстэй. Эдгээр нь экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой боловч хуулийн тогтолцоо сул байгаагаас архины зөвшөөрөл өгөхөөс өөр ажил хийхгүй байна. Иймээс Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа аж.
Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг “эдийн засгийн тусгай бүс"-ээр тодорхойлж, энэ хэлбэрт шилжүүлнэ. Мөн үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулан чөлөөт худалдааны бүс, экспорт борлуулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэргээр төрөлжүүлнэ. Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээг “нэг цонхны үйлчилгээ”-ний зарчимд тулгуурлаж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зэрэг өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж буй аж. Тэгвэл Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулах үеэр сэтгүүлчид Шадар сайд Х.Ганхуягаас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ямар үр дүн гарах тухай асуухад дараах хариултыг өгсөн юм.
-Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар юу, юу өөрчлөгдөх вэ. Ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улс чөлөөт бүстэй боловч энэ бүс архины зөвшөөрөл өгөхөөс өөр ажил хийдэггүй. Учир нь хуулийн тогтолцоо нь ийм. Тиймээс бид чөлөөт бүсүүдээ тэргүүлэх чиглэлээр нь байгуулах шаардлагатай. Хууль шинэчлэхгүйгээр чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх боломж маш хязгаарлагдмал. Замын-Үүдийн чөлөөт бүсийн замын бүтээн байгуулалтыг хийж байна. Одоогоор түр зам ашиглах асуудлыг айлын талд өгчихсөн. Гэхдээ дэд бүтцийн ажил буцаагаад бүгдийг нь шалгадаг хууль зүйн ажил хийх шаардлагатай. Евразийн хэлэлцээр хийгдсэнтэй холбоотойгоор Алтанбулаг чөлөөт бүсэд хувийн хэвшлийнхний ажиллах сонирхол өндөр байна. Улс хөрөнгө оруулалт хийх, гадаадаас зээл авах хязгаарлагдмал нөөцтэй. Тиймээс хувийн хэвшилд хөрөнгө оруулалтаа тат, дэд бүтцээ ашиглалтад оруул. Тэгээд наад чөлөөт бүсээ ашигла гэсэн бодлогыг барьж байна. Цагаан нуурыг ч гэсэн энэ чиглэл рүү оруулна. Энэ чөлөөт бүс магадгүй логистик болон гурван улсын хоорондын экспортын чиглэлийг хөгжүүлэх боломж олгоно. Энэ мэтчилэн сонирхож байгаа газарт нь өгөөд дараагийн чөлөөт бүсийг хөгжүүлэх байдлаар явна. Чөлөөт бүсийн хууль нь бизнесийн орчинтой холбоотой учраас 60 хоног зайлшгүй хүлээх шаардлагатай. Түүний дараа өргөн барих юм. Гэхдээ энэ жил нэлээд эрчимжүүлэхээр зорьж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлуудыг энэ жил дуусгахаар зорьж байна. Ингэснээр айлын талтай харилцаа холбоо үүсгэх боломжтой болно. Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийх ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Хөрөнгө оруулалтаа авчих юм бол өөрөө хөдөлгөөнд орох юм.
-Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулъя гэхээр баахан зөвшөөрөл шаарддаг. Эсвэл сумын байцаагч очоод хаадаг асуудал ярьж байна. Ер нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал төрийн хүнд суртлыг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ хуулиар зөвшөөрөл болон хяналтыг хялбар болгож, тусгай дэглэм үйлчилдэг байя. Ер нь чөлөөгүй чөлөөт бүсүүдийг чөлөөлье гэдэг уриан дор энэ ажлыг явуулна. Зөвшөөрлийг нэг цонхны үйлчилгээгээр хялбаршуулсан байдлаар олгоно. Дээд тал нь долоон хоногийн хугацаанд шийддэг байхаар хуульд оруулсан. Мөн хяналттай холбоотой асуудал үүсвэл үүнийг бүсийн захиргаа хянана. Шаардлагатай бол тухайн салбарын хяналтыг давхар хийх юм.Ер нь сумын байцаагч сайн дураараа гүйж очоод хаадаг асуудлыг цэгцэлнэ гэсэн үг. Одоо байгаа хуулиар хууль эрх зүйн асуудал үүслээ гэхэд сумын шүүх дээр гомдол гаргадаг ч асуудал шийдэгдэхгүй олон жил гацдаг. Иймээс маргаантай асуудлыг Арбитрын шүүхээр шийдэхээр зохицуулсан.
-Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал эдийн засгийн үр өгөөж нь ийм байна гэсэн тооцооллыг гаргасан уу?
-Бидний яриад байгаа эдийн засгийг солонгоруулах асуудал яг энэ чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу эдийн засгийн тусгай бүсийн хуулиар нээгдэх боломжтой. Чөлөөт бүсээр дамжуулан хөрөнгө оруулагчдад таатай орчныг бий болно. Мөн экспортын төрлийн нэмэгдүүлэх боломжтой. Бүсүүдийг тэргүүлэх чиглэлээр ангилж хөгжүүлнэ. Үүнийг дагасан нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцийг давхар шийдээд явна. Чөлөөт бүс, хөгжлийн төвүүдээр дамжуулан улс орноо бүсчилж хөгжүүлэх боломжтой гэсэн үг.
-Евразийн хэлэлцээртэй холбоотой стандарт, бар кодоо нэгтгэе гэсэн ажил ямар шатандаа явж байна вэ. Үүнийг чөлөөт бүс дээр хэрхэн яаж уялдуулах вэ?
-Ерөнхий сайдын захирамжаар тарифын саад тотгорыг арилгах, хилийн боомтын асуудлыг шийдвэрлэх, тохирлын болон лабораторийн асуудлыг хоёр талаас нь шийдэх зорилгоор ажлын хэсэг гарсан, ажиллаад явж байна. Манай талаас хийх ажил их байгаа. Хөгжүүлэлтийн асуудал нэлээд тулгамдаад байна. Үүнтэй холбоотойгоор стандартын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихаар бэлдэж байна. Лабораторийн дүгнэлтэд маргаан гарлаа гэхэд үүнийг тасалдаг лаборатори байхгүй. Маргаан таслах эрх үүрэг байхгүй, хүний нөөц нь ч бэлтгэгдээгүй байна. Иймээс лабораториудаа шаталсан болгоё. Анхан шатны, сорилтын тэгээд баталгаажуулдаг лаборатори байна. Энэ нь хувийн болон төрийнх аль аль нь байж болно. Ийм болгосноор хөрөнгө оруулалт, хүний нөөцийг төлөвлөх, цалингийн асуудлыг шийдэх боломжтой болно. Итгэмжлэлийн болон тохирлын төвүүдийг ч хувийнх эсвэл төрийн гэж ялгахгүй. Ингэж чадвал экспортод гарах боломж нь нэмэгдэнэ.