Open iToim app
Мега төсөл | 5 мин уншина

Дэлхийн хотууд гол дайруулж автозам барихаас татгалзаж байхад Улаанбаатар Туул гол дээгүүр хурдны зам барина

Дэлхийн хотууд гол дайруулж автозам барихаас татгалзаж байхад Улаанбаатар Туул гол дээгүүр хурдны зам барина
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 24
Туулын хурдны замын ажил эхэлсэнтэй холбоотойгоор хоёр талын талцсан байр суурь эрчимжиж эхэллээ. Нэг талаас ард иргэд уг бүтээн байгуулалтын байгальд орчинд үзүүлэх нөлөө, төсөвт өртгийг шүүмжилж байгаа бол нөгөө талаас албаныхан Туул голын экосистемийг алдагдуулахгүйгээр ажлаа явуулна гэж тайлбарлаж буй. Тэгвэл олон улсад Туулын хурдны замтай төстэй, хот дундуурх гол дээгүүрээ зам барьсан ямар жишээ байгааг харцгаая.
Хотын дундуур урсдаг гол мөрөн дээгүүр авто зам барих санаа хотжилт эрчимжиж байсан үед практик, бүр шинэлэг шийдэл гэж үзэгдэж байв. XX зууны дунд үеэс хотууд тэлж, автомашины хэрэглээ огцом өсөхөд хот төлөвлөгчид нэг том бэрхшээлтэй тулгарсан нь газрын хомсдол байлаа. Үүний улмаас үер ус, бохирдол зэрэг асуудалтай холбогдож ашиг багатайд тооцогддог байсан гол мөрнийг дэд бүтцийн хувьд тохиромжтой зай гэж харах болов. Ингэснээр олон хот голын эрэг дагуу, усан дээгүүр, зарим тохиолдолд бүр голыг бүрэн дарж авто зам барьсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд ийм төслүүд нь байгаль орчин, инженерийн болон нийгмийн ноцтой үр дагаврыг дагуулж, улмаар олон хот эдгээр шийдвэрээ өөрчлөн, замуудаа буулгасан жишээтэй.
Гол дээр шууд баригдсан авто замын хамгийн тод жишээ бол БНСУ-ын Сөүл хотын Чонгечон авто зам юм. 1960-аад оны сүүлээр баригдсан энэ зам Чонгечон голыг бүхэлд нь бетон доор нууж, байгалийн урсгалыг далд сувгийн хэлбэрт оруулсан. Анхандаа энэ төсөл нь ариун цэврийн асуудлыг шийдэж, авто замын багтаамжийг нэмэгдүүлсэн хөгжлийн бэлгэ тэмдэг гэж үнэлэгдэж байв. Гэвч удалгүй сөрөг үр дагаврууд ил болж эхэлжээ. Голыг битүү зам дор оруулснаар агаарын бохирдол нэмэгдэж, хотын дулааны арал эффект хүчтэй болж, замын ачаалал улам ихэссэн байна. Мөн хуучирсан гүүрэн зам нь аюулгүй байдлын эрсдэл дагуулж эхэлжээ. Иймээс 2000-аад оны эхээр тус замыг буулгаж, голыг сэргээх шийдвэр гаргасан нь асар их өөрчлөлт авчирсан юм. Үүний үр дүнд температур буурч, экосистем сэргэж, тухайн бүс нь нийтийн амралт, аялал жуулчлалын төв болж хувирсан. 
АНУ-д ч мөн адил ийм өөрчлөлт ажиглагджээ. Сан-Франциско хотын Эмбаркадеро өндөр хурдны зам нь Сан-Франциско далайн эрэг дагуу баригдсан өндөр зам байв. Нэгэн цагт их хэмжээний тээврийн урсгалыг дамжуулж байсан энэ зам хотыг далайн эргээс тусгаарлаж, орчны чанарыг доройтуулж, эдийн засгийн боломжийг хязгаарласан байна. 1989 оны Лома Приета газар хөдлөлтийн дараа зам ноцтой гэмтэж, засварлахын оронд буулгах шийдвэр гаргажээ. Тийнхүү задгай өргөн чөлөө болон шинэчлэгдсэн усан эрэг бий болж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн байна. Энэ нь усны ойролцоо баригдсан дэд бүтэц богино хугацаанд үр ашигтай байж болох ч урт хугацаанд өндөр өртөгтэй асуудал үүсгэдгийг харуулж байна.
Зарим хотод зам голын дээр биш ч ойрхон баригдсан нь мөн адил хүндрэл дагуулсан тохиолдол бий. Сиэтл хотын Аляскийн замын өндөр зам нь усны эрэг дагуу баригдсан бөгөөд сул хөрсөн дээр суурилсан тул газар хөдлөлтийн үед хөрс шингэрэх эрсдэл өндөр байв. Иймээс эцэст нь буулгаж, газар доогуурх хонгил замаар сольжээ. Нью-Йорк хотын FDR авто зам нь Ийст Риверийн дагуу хиймэл дүүргэлт дээр баригдсан бөгөөд үерийн эрсдэлд өртөмтгий, ялангуяа “Сэнди” хар салхины үед ноцтой асуудал үүсгэсэн байна. 
Азийн зарим хотод газар хомсдол илүү тул ийм шийдэл илүү түгээмэл. Японы Токио хотын Шутү авто зам нь Нихонбаши голын дээгүүр баригдсан хэсгүүдтэй. Энэ нь орон зай хэмнэсэн ч байгаль орчин, хотын гоо зүй, түүхэн үнэт зүйлсэд сөргөөр нөлөөлсөн. Урьд нь хотын амьдралын чухал хэсэг байсан гол мөрөн бетон байгууламжийн доор дарагдаж, өнөөдөр зарим хэсгийг буулгах талаар хэлэлцүүлэг өрнөж байгаа аж.
Эдгээр жишээнүүдээс гол дагуу эсвэл ойролцоо баригдсан замууд ихэвчлэн богино хугацааны хэрэгцээг хангах зорилготой байсан ч байгалийн усны системийг алдагдуулж, экологийн эрсдэлийг нэмэгдүүлснээс гадна хотын амьдрах орчны чанарыг бууруулсан нь харагдаж байна. Мөн сул хөрс, зэврэлт, байгалийн гамшгийн нөлөө зэрэг инженерийн хүндрэлүүдийг дагуулсан тохиолдол олон байна.
Өнөөдөр дэлхий даяар өөр нэгэн шинэ чиг хандлага ажиглагдаж байна. Хотууд гол дээгүүр авто зам барихын оронд тэдгээрийг буулгаж, усны урсгалыг сэргээж, эргийг олон нийтэд зориулсан орон зай болгон хөгжүүлэхэд анхаарч байна.
Туулын хурдын замын тендерт шалгарсан “ХаоЮань групп” ХХК -ийн тухай
Дараагийн дурдах ёстой асуудал бол зам барих гүйцэтгэгч компанийн асуудал юм. Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан байдаг. Гэтэл энэ компанийн тухай нээлттэй эх сурвалжийн мэдээлэл маш хомс. Бүхэл бүтэн 2.3 их наяд төгрөгөөр баригдах төслийг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь ч эргэлзээтэй компани хариуцаж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна.
НЗДТГ-ын албан мэдээнд дурдсанаар тус компани нь Ази, Европ, Африк тивүүдэд томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлсэн арвин туршлагатай аж. Тухайлбал, Серби, Ангол, Казахстан, Малайз, Хятад зэрэг улсуудад авто зам, төмөр зам, орон сууц, усан хангамжийн төслүүд хэрэгжүүлсэн гэх мэдээлэл бий. Үүнд,
  • Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл
  • Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл
  • Сербийн 253 км хурдны зам
  • Сербийн E763 хурдны зам
  • Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл
  • Казахстан Кама хурдны замын төсөл
  • Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл
  • Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл зэргийг дурджээ.
Гэвч дээрх төслүүдийн талаарх нээлттэй эх сурвалжуудыг шалгахад өөр дүр зураг ажиглагдаж байна. Эдгээр төслүүдийг ихэвчлэн Хятадын төрийн өмчит том корпорацууд хэрэгжүүлжээ.
Жишээлбэл, Сербийн E763 хурдны зам болон бусад авто замын төслүүдийг “China Communications Construction Company” болон “Shandong High-Speed Group” зэрэг компаниуд гүйцэтгэсэн байна. Мөн Серби–Унгарын төмөр зам нь “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжсэн бөгөөд Хятадын томоохон төмөр замын корпорацууд оролцсон нь ил тод мэдээлэгдсэн.
Анголд хэрэгжсэн төмөр зам болон нисэх буудлын дэд бүтцийн төслүүдийг “China Railway Construction Corporation” болон “China Railway Engineering Corporation” зэрэг дэлхийн хэмжээний компаниуд гүйцэтгэсэн байдаг. Эдгээр төслүүдийн аль дээр нь ч “ХаоЮань групп” ХХК компанийн оролцоог батлах баримт олдсонгүй. Магадгүй тус компани санхүүжилт, зохион байгуулалт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр эдгээр төслүүдэд оролцсон байж болно. Тэглээ гээд Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр ажиллахад хангалттай туршлагатай, итгэж болохуйц компани мөн эсэх нь эргэлзээтэй хэвээр. Зарим эх сурвалж зам барилгын компани биш машины эд анги үйлдвэрлэдэг худалдааны компани гэсэн мэдээллийг ч өгч байгаа юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн