Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн болох “Тбилисийн их дуулга” дэлхийн чансааны оноо олгох олон улсын цуврал тэмцээн Гүрж улсын Тбилис хотод өнөөдөр эхэлж, энэ сарын 22-ны өдөр багийн барилдаанаар өндөрлөнө.
Энэ удаагийн тэмцээнд Франц, Герман, ОХУ, Гүрж, Япон, Монгол тэргүүтэй 51 орны 389 жүдоч өрсөлдөхөөр боллоо. Тэмцээнийг зохион байгуулагч Гүржээс 42 жүдоч барилдах бол Японы шигшээ багаас хоёр эмэгтэй жүдоч өрсөлдөх аж.
Харин манай улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, -66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж нар, -73 кг-д олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар нар барилдана. Эмэгтэй жүдочдоос -48 кг-д А.Мишээл, -57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, -63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, -78 кг-д Ж.Урангоо нар барилдана.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорно.