Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын томоохон тэмцээний нэг "BLAST Open Rotterdam 2026" гуравдугаар сарын 18-нд Дани улсын Копенхаген хотод эхэлж, дэлхийн шилдэг 16 баг 1.1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.
Монголын "The MongolZ" баг В хэсгийн эхний тоглолтдоо Германы "MOUZ"-тай учраа таарч, 2:0 харьцаатай илт давуу ялалт байгууллаа. Тэд Nuke дээр 13-11, Inferno дээр 13-3 оноогоор өрсөлдөгчөө буулган авч, тэмцээнийг хожлоор эхлүүллээ. Энэхүү тоглолтод “Techno4k” буюу М.Содбаяр 1.73 рейтинг үзүүлж, 42 kill хийж бүх тоглогчдыг тэргүүллээ.
Хоёр багийн өмнөх тоглолтыг харвал "The MongolZ" баг өндөр чансаатай тэмцээний хүрээнд "MOUZ"-тай долоон удаа учраа таарч тоглоход ердөө нэг л удаа хожсон. Тэр нь 2024 онд Хятадын Шанхай хотод зохиогдсон “Shanghai Major” тэмцээний хэсгийн шатанд нэмэлт үед буулган авч байжээ. Үүнээс хойш 15 сарын дараа "MOUZ" багийг хожлоо.
Мөн энэ удаагийн тэмцээнд багийн дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай өмнөх "ESL Pro League Season 23" тэмцээний адил биечлэн оролцож чадахгүй байгаа бөгөөд цахимаар багтайгаа холбогдон тактик, заавар зөвлөгөө өгч байгаа юм.
“The MongolZ” ийнхүү “MOUZ” багийг итгэл төгс хожиж, хэсгийн хоёр дахь тоглолтоо маргааш шөнө 02:30 цагаас Францын “Team Vitality” багийн эсрэг хийнэ.