“IAU 50 km World Championships 2026” буюу хэт холын марафон гүйлтийн 2026 оны ДАШТ Энэтхэгийн Дели хотод гуравдугаар сарын 14-нд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээн нь анх 2025 оны арванхоёрдугаар сард товлогдож байсан ч тодорхой шалтгааны улмаас 2026 оны гуравдугаар сарын 14 болж хойшлогдсон юм. Ийнхүү шинэ товын дагуу зохион байгуулагдсан энэ удаагийн ДАШТ-д дэлхийн олон орны шигшээ багийн тамирчид оролцож, 50 километрийн зайд хурд, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан бөгөөд багийн дүнг тухайн улсын шилдэг тамирчдын нийлбэр амжилтаар тооцсон байна. Нийтдээ 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд улс орнууд 4-6 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээжээ. Багийн нийлбэр дүнгээр Монголын тамирчид дөрөвдүгээр байранд орсон түүхэн амжилтуудын эзэд боллоо.
Тодруулбал, Монгол Улсаас эмэгтэй ганцаарчилсан төрөлд дөрвөн эмэгтэй тамирчин оролцжээ. Эхний тамирчин мастеруудын ангилалд 100 км, 12 цагийн гүйлтийн дээд амжилтын эзэн, ОУХМ М.Оюун-эрдэнэ 50 километрийн зайд 4 цаг 8 минут 43 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Энэ зай, насны ангиллын дээд амжилтыг 2015 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хотод болсон ДАШТ-ний үеэр АНУ-ын тамирчин Нэнси Уилл 4 цаг 12 минут 55 секундээр тогтоож байжээ.
Хоёр дах тамирчин болох гүйлтийн холбооны шигшээ баг, ”Хурд” марафон гүйлтийн клубийн тамирчин Б.Номин-Эрдэнэ 3 цаг 20 минут 32 секундийн амжилтаар тавдугаар байранд шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол биелүүллээ.
Удаах тамирчин гүйлтийн холбооны шигшээ баг, “Mongolian Elite Runners” клуб, Зэвсэгт хүчний 327-р ангийн тамирчин, Монгол Улсын хэт холын уралдааны цагт суурилсан уралдааны рекордын эзэн, ОУХМ Б.Сарангуа 3 цаг 27 минут 33 секундийн амжилтаар есдүгээр байранд оржээ.
Сүүлийн тамирчин гүйлтийн холбооны шигшээ баг ”Хурд” клубийн тамирчин, Монгол Улсын 100 километрийн дээд амжилтын эзэн, ОУХМ Д.Бадамхатан 3 цаг 53 минут 40 секундийн амжилтаар 20-р байр эзэлжээ.