Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

"Энхийн зөвлөл" -ийг нь дэмжсэн Монгол Улсад Трамп итгэл хүлээлгэсэнгүй

"Энхийн зөвлөл" -ийг  нь дэмжсэн Монгол Улсад Трамп итгэл хүлээлгэсэнгүй
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Манай улс “гуравдагч хөрш”-ийн бодлого, ардчилал, энх тайвны үнэт зүйлсийг гадаад бодлогынхоо тулгуур хэмээн тодорхойлж ирсэн. Энэ хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан олон улсын энх тайвны чиг баримжаатай санаачилгууд, түүний дотор “Энхийн зөвлөл” хэмээн нэрлэгддэг хамтын ажиллагаанд нэгдсэн нь гадаад бодлогын идэвхтэй алхам гэж үнэлэгдэж байв.
Онолын хувьд ийм санаачилгад нэгдэх нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөх, ардчилсан үнэт зүйлсийг дэмжигч орны хувьд байр сууриа бататгах, АНУ зэрэг барууны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх ач холбогдолтой. Мөн Монгол Улс энхийг эрхэмлэгч, төвийг сахисан бодлого баримталдаг улсын хувьд ийм төрлийн хамтын ажиллагаанд оролцох нь гадаад бодлогын нэгэн хэлбэрт тооцогдоно.
Гэвч бодит байдал дээр энэ төрлийн оролцоо нь заавал бодит ашиг авчирдаг эсэх нь эргэлзээтэй. Үүний тод жишээ нь АНУ-ын визийн бодлогын өөрчлөлт юм. Саяхан гаргасан Дональд Трампын засаг захиргааны шийдвэрээр АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болоод буй.
Эндээс нэг том зөрчил харагдана. Нэг талаас Монгол Улс АНУ-ын санаачилсан энхийн, ардчиллын шинжтэй хамтын ажиллагаанд оролцож, улс төрийн хувьд “найрсаг түнш” гэж тодорхойлогдохыг хичээж буй. Нөгөө талаас, бодлогын практик түвшинд Монгол Улсын иргэдэд итгэх итгэл сул, цагаачлалын эрсдэлтэй улс орон гэж үнэлэгдэж байгаа нь энэ визийн бодлогоор илэрч байна.
Түүнчлэн "Энхийн зөвлөл"-д нэгдсэн орнуудаас зөвхөн Монгол, Камбож гэсэн хоёрхон улс 50 орныг хамарсан энэхүү жагсаалтад багтсан нь асуудлыг бүр ч тодруулж байна. Ижил санаачлагад нэгдсэн Төв Азийн Казахстан, Узбекистан зэрэг улсуудыг энэхүү жагсаалтад нэмээгүй гэдгийг тодотгох хэрэгтэй. Үүнийг зөвхөн АНУ-ын дотоод бодлогын шийдвэр гэхээс илүүтэй, тухайн улс орнуудын гадаад бодлогын үр нөлөө, дипломат харилцааны чанартай холбож болох юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд олон улсын санаачилгад нэгдэх, улс төрийн мэдэгдэл хийхээс илүүтэйгээр бодит дипломат ажил, хэлэлцээ, элчин сайдын яамдын идэвх, үр ашиг чухал болох нь харагдаж байна. Хэрэв гадаад бодлого зөвхөн тунхаглал, оролцооны түвшинд үлдэж, иргэдийн бодит ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй бол түүний үр нөлөө хязгаарлагдмал хэвээр байх билээ.
Иймээс Монгол Улс гадаад бодлогоо илүү прагматик, үр дүнд чиглэсэн болгох шаардлага тулгарч байна. Олон улсын тавцанд идэвхтэй оролцох нь чухал боловч, тэрхүү оролцоо нь иргэдийн амьдралд бодитоор хэрхэн нөлөөлж байгааг хэмжих, үнэлэх нь түүнээс дутахааргүй чухал юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн