Юм бүхэн учиртай гэж үг бий. Тэгвэл өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өдөр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд асан С.Амарсайхан нар чуулганы танхим руу хамтдаа орсон. Мөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа гээд одоогийн МАН-ын удирдлагын эсрэг талд гараад байгаа МАН-ын гишүүд бүгд ирсэн нь улс төрийн тохироо хийгээд хэдийнэ эхэлсэн гэсэн яриа улс төрийн хүрээнд гарсан.
Үүнтэй зэрэгцээд УИХ дахь АН-ын бүлэг МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөхийг шаардсан. Энэ зүгээр ч нэг тохиолдол биш. Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр, ХҮН намын гишүүн Ж.Золжаргал, АН-ын 42 гишүүн гээд 71 гишүүн чуулганы хуралд суухгүй бойкот хийж, УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөхийг шахна. Ингээд Н.Учрал УИХ-ын даргаа өгч, Ерөнхий сайд болсны дараа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөө УИХ-ын даргаа авах улс төр хийж байгаа аж. Хэрвээ тэдний улс төр амжилттай болж, энэ тохироондоо хүрч чадвал УИХ-ын гишүүн С.Амарсайханыг УИХ-ын даргаар томилуулахаар зүтгүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. УИХ-ын 71 гишүүн бойкот хийнэ гэдэг тоглоом биш. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар УИХ-ын даргаа авахаар, хотын даргаа хэвээр үлдэхээр ах нартайгаа тохиролцож эхэлжээ.
С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газарт ажиллаж байхдаа танхимаа огцруулах бичигт гарын үсэг зурж, Цэцийн шийдвэрээр Засгийн газар огцроогүй үлдэхэд сайдаас чөлөөлөгдөж байсан билээ.