Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Г.Занданшатарын салаа зам

Г.Занданшатарын салаа зам
Нийтэлсэн 6 цагийн өмнө
Хаврын чуулганы эхний өдөр л улс төр халаад эхэллээ. МАН-ынхны хагарал дээр нэмэгдээд УИХ дахь АН-ын бүлэг МАН-ын дарга Н.Учралыг спикерийн суудлаас буухыг шаардав. Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдлээ. 42 суудалтай сөрөг хүчин нь чуулганы хуралдаандаа суухгүй гэдэг зүгээр орхиж болох  улс төр биш. Тиймээс ч МАН-ын дарга нар өчигдөр орой хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдэх талаар ярилцсан.
Хэрвээ МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгвөл Ерөнхий сайд болно. МАН-ын дүрэмд ч намын дарга Ерөнхий сайд болно гэдэг утга бий. Энэ утгаараа Г.Занданшатарын Засгийн газар огцорч, намын дарга нь Ерөнхий сайд болох нь цаг хугацааны л асуудал байсан. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар салаа замын эхэнд ийнхүү ирж “гацаанд” орлоо. Түүний хамгийн том сул тал бол “УИХ-ын гишүүн биш” гэдэг нөхцөл байдал байнга чөдөрлөсөөр ирсэн. Улстөрчийн хувьд Ерөнхийлөгч ч болчихож болохоор, юу л бол юунд хүрч болохоор улстөрийн таатай нөхцөлд ирсэн энэ цаг үед тойргоосоо сонгогдож чадаагүй гэдгээр чөдөрлөгдчихөөд байгаа. Тэгвэл өнөөдөр тэр хоёр замын уулзвар дээр ирээд байна.
Нэгд, Ерөнхий сайдын ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших
Г.Занданшатар Ерөнхий сайд МАН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гараад удаж байгаа, өөрөө амаараа хэлээгүй ч ил цагаан зүтгээд эхэлсэн. Тиймээс намынхантайгаа тохиролцож, Ерөнхий сайдын ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр морио эмээллээд 21 аймгаар тойрох ч юм уу  гараад өгч болно. Гол нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тохироогоо намын дарга нартайгаа хийж чадвал Г.Занданшатар Ерөнхий сайдын хамгийн сайн сонголт энэ. Парламентын гишүүн биш, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Ерөнхий сайд болсон Г.Занданшатар энэ удаад тэсч үлдсэн ч дахиад тэсч чадахгүй. Огцрох нь цаг хугацааны л асуудал.
Хоёрт, Намынхаа Их хурлыг хийж, намын дарга болох
Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэхийг хүсч байгаа л бол намын Их хурлаа хуралдуулж, намын даргаа авах. Сөрөг хүчин Ардчилсан намынхан аль нэг намын дарга парламентыг удирдах нь буруу гэж үзэж байгаа учраас МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөхийг шаардаж байгаа. Тиймээс Ерөнхий сайд нь намын даргаа авчихвал Ардчилсан намынхны тавьсан шаардлага үндсэндээ биелнэ гэсэн үг. Гэхдээ намын Их хурлаа хийж, шинэ даргаа сонгоод тавхан сар болж байгаа МАН-ынхан дахин даргаа солих нь юу бол.
Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар салаа замын эхэнд хаашаа алхах вэ гэх асуултад хариулт олох гээд урьд шөнө нойргүй хоносон биз ээ.
Хэрвээ яг одоогийн байгаа хуваарилалтдаа өөрчлөлт оруулахгүйгээр дахин нэг удаа Ерөнхий сайдаараа үлдэх гэж зүтгэвэл юу болохыг бүгд мэдэж байгаа.
Бүгдээрээ тоо бодоод үзье. Ардчилсан намын 42, “Үндэсний эвсэл”-ийн дөрвөн гишүүн, өнөөдрийг хүртэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэж ярьдаг М.Нарантуяа-нара гишүүн дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын П.Сайнзориг, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Б.Баярбаатар, А.Ариунзаяа гээд дор хаяад МАН-аас 26 кноп бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг унагачих хэмжээний гишүүд нөгөө талд гарсан. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарын хамгийн зөв шийдвэр тохироод, огцрох.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн