Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Ираны дайн эхэлснээс хойш ОХУ чулуужсан түлшний экспортоосоо 6 тэрбум евро олжээ

Ираны дайн эхэлснээс хойш ОХУ чулуужсан түлшний экспортоосоо 6 тэрбум евро олжээ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 13
АНУ–Израилын Ирантай хийж буй дайн эхэлснээс хойш өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд ОХУ чулуужсан түлшээ борлуулснаар 6 тэрбум евро (5 тэрбум фунт) орлого олжээ.
Энэ орлогоос харахад гуравдугаар сард нефть, хий, нүүрсний борлуулалтаас ОХУ нэмэлтээр 672 сая евро олсон байна. Учир нь эдгээр түүхий эдийн өдрийн дундаж үнэ хоёрдугаар сартай харьцуулахад 14 хувиар өссөн юм.
Энэ өсөлтийн ихэнх хэсэг буюу ойролцоогоор 625 сая евро нь нефтийн худалдаанаас орж иржээ. Уг мэдээллийг Эрчим хүч ба Цэвэр Агаарын Судалгааны Төв (CREA) хэмээх судалгааны байгууллагын гаргасан тоо баримтад үндэслэсэн байна.
Энэхүү мэдээлэл нь Дональд Трамп даваа гарагт дэлхийн зах зээл дээрх үнэ огцом өссөний хариуд Оросын нефтьтэй холбоотой АНУ-ын хориг арга хэмжээг сулруулах боломжтой гэж мэдэгдсэний дараа гарчээ. Дэлхийн зах зээлд үнэ өсөхөд нөлөөлсөн уг мөргөлдөөн хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израилын хийсэн агаарын цохилтоор Ираны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсанаар эхэлсэн.
CREA-гийн тайлан нь Олон улсын Эрчим хүчний Агентлаг (IEA)-ийн анхааруулгатай давхцаж гарсан бөгөөд тус агентлагийн хэлснээр энэ дайн Персийн булангийн бүсийн нефть, хийн үйлдвэрлэлийг өдөрт дор хаяж 10 сая баррелиар бууруулж, “дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн доголдол”-ыг үүсгээд байна.
Оросын түүхий эдийн экспортын орлого нь улсын төсвийн чухал эх үүсвэр бөгөөд үүгээрээ Украин дахь дайн зэрэг цэргийн зардлыг санхүүжүүлдэг гэж үздэг.
Германы Urgewald төрийн бус байгууллагын хориг арга хэмжээний идэвхтэн Александр Кирк:
“Зах зээл сандрах үед авторитар дэглэмтэй экспортлогч орнууд ашиг хүртдэг. Хоёр хүрэхгүй долоо хоногийн дотор ОХУ чулуужсан түлшний экспортоос ойролцоогоор 6 тэрбум евро олсон. Энэ мөнгө эцэстээ Кремлийн дайны машиныг тэтгэдэг” гэжээ.
Тэрээр цааш нь:
“Одоо хоригийг сулруулах нь зах зээлийг тогтворжуулахгүй. Харин Оросыг ижил нефтийг илүү өндөр үнээр зарах боломж олгоно. АНУ-ын хориг арга хэмжээ Оросын нефтийг зах зээлд ихээхэн хямд үнээр зарагдахад хүргэсэн. Хэрэв хоригийг сулруулбал энэ зөрүү нэг шөнийн дотор арилж, Кремльд олон тэрбумын нэмэлт орлого авчирна” гэсэн байна.
Ирантай холбоотой дайн эхлэхээс өмнө гарсан CREA-гийн тоон мэдээллээс харахад Оросын нефтийн экспортын хэмжээ өссөн ч нефть, хийн экспортоос олсон орлого сүүлийн 12 сарын хугацаанд буурсан байна.
Мөн Олон улсын Эрчим хүчний Агентлаг (IEA) пүрэв гарагт мэдээлэхдээ Ираны дайн эхлэхээс өмнөх сард Оросын түүхий нефть болон боловсруулсан бүтээгдэхүүний орлого буурсан бөгөөд энэ нь 2022 онд Украинд дайн эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болсон гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн