Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Г.Дамдинням: Дотоодын нөөцийн сав баригдаж дуустал ОХУ-ын нөөцийн савыг түрээслэхээр ярьж байна

Г.Дамдинням: Дотоодын нөөцийн сав баригдаж дуустал ОХУ-ын нөөцийн савыг түрээслэхээр ярьж байна
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 11
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх, Монгол-Орос хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж эцэслэн батлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Тэрээр “2025 оны хавар энэхүү хэлэлцээрийн асуудал Монгол Улсын Их Хуралд орж ирсэн. Гэвч УИХ-ын гишүүдээс тавьсан тодорхой шаардлагуудын улмаас тухайн үед хэлэлцээрийн үйл явц түр зогссон юм. Үүний дараа Засгийн газар ОХУ-тай хийх хэлэлцээрийг зогсоолгүй үргэлжлүүлж, нэлээд хугацаанд идэвхтэй ажилласан. Ингэснээр УИХ-ын гишүүдийн тавьж байсан санал, шаардлагуудыг Монгол Улсын байр суурийн хүрээнд хэлэлцээрийн томъёололд тусгах тохиролцоонд хүрээд байна. Ойрын хугацаанд Засгийн газар уг хэлэлцээрийг байгуулах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлнэ. Үүний өмнө УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж, гарын үсэг зурах эрхээ авна. Дараа нь хэлэлцээрт гарын үсэг зурж, УИХ-аар соёрхон батлуулах дараагийн шатны ажил үргэлжлэх юм.
Энэхүү хэлэлцээрийн гол ач холбогдол нь ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх үүргийг албан ёсоор хүлээх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээрийг байгуулснаар дараагийн шатны гэрээ хэрэгжиж, ОХУ Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ хууль ёсны дагуу биелүүлэх хариуцлагатай болох боломж бүрдэнэ.
Шатахууны үнийн зөвлөлийн ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэд сайд Б.Энхтүвшин хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд шатахууны нөхцөл байдалд нөлөөлж буй томоохон хүчин зүйл нь Ойрх Дорнодод өрнөж буй зөрчилдөөн юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон улс шатахууны стратегийн нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил өнгөрсөн оны өмнө шатахууны нөөцийн сав байгуулахтай холбоотой хуулийг батлуулсан. Одоо энэ хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аль бүс нутагт, ямар хэмжээний шатахууны агуулах сав барих талаар энэ долоо хоногт багтаан зарлах юм. Үүний дараа аж ахуйн нэгжүүдээс сонирхлын хүсэлт авч, шаардлагатай материалыг бүрдүүлээд арилжааны банкуудад хүргэнэ. Банкууд төслийн санхүүжилт, зээлийн зарцуулалт болон хэрэгжүүлэх чадавхыг нь үнэлж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно. Харин Засгийн газрын зүгээс улсын төсөвт тусгуулсан 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг олгож дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр ойрын 1–1.5 жилийн хугацаанд Монгол Улс шатахууны дотоод хадгалалтын хүчин чадлаа нэмэгдүүлж, дор хаяж нэг сарын нөөц бүрдүүлэх боломжтой болно гэж тооцоолж байна.
Монгол Улсын Засгийн газар улсын төсвөөр гадаад улсад шатахууны сав, агуулах барих ямар нэг шийдвэр гаргаагүй, ийм ажил хийх талаар төлөвлөөгүй. Харин дотоодын нөөцийн сав баригдаж дуусах хүртэлх 1–2 жилийн хугацаанд, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын Монголтой хил залгаа бүс нутагт байгаа боломжит сав, агуулахуудыг түрээсэлж ашиглах талаар л яригдаж байгаа. Шатахууны нийлүүлэлтийн хувьд тасалдал үүсэхгүй гэдгийг мөн албаныхан илэрхийлсэн. Тухайлбал, 60 мянган тонн АИ-92 бензинийг 705 ам.долларын үнээр нийлүүлэх гэрээг өнгөрсөн оны өмнө сунгаж чадсан. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн хувьд ч тодорхой хүчин зүйлсээс шалтгаална. Ялангуяа дэлхийн нийт түүхий нефтийн тээврийн ойролцоогоор 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн нөхцөл байдал хэвийн байвал үнэ тогтвортой байна. Харин тэнд нөхцөл байдал хүндрэх юм бол дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх эрсдэлтэй" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн