Сүүлийн жилүүдэд монголчуудын өдөр тутмын амьдрал технологитой салшгүй холбогдож, төрийн үйлчилгээ авах, банкны гүйлгээ хийх, бараа бүтээгдэхүүн захиалах зэрэг олон үйлдэл гар утасны дэлгэцээр шийдэгддэг болсон. Энэ нь цаг хугацаа хэмнэж, амьдралыг илүү хялбар болгож байгаа ч нөгөө талаас цахим орчин дахь аюулгүй байдлын шинэ сорилтуудыг бий болгож байна. Ялангуяа хувийн мэдээлэл алдагдах, санхүүгийн залилангийн хохирогч болох эрсдэл нэмэгдэж, цахим залилангийн гэмт хэрэг нийгмийн анхаарал татсан асуудлын нэг болжээ.
Цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн гэмт хэрэгт техник, технологийн мэдлэг багатай иргэд, бусдад амархан итгэдэг ахмадууд, мөн богино хугацаанд амархан ашиг олохыг хүсдэг залуус илүү өртөмтгий байдаг байна. Иргэдийн цахим худалдаа, онлайн үйлчилгээ, ажил хайх зэрэг харилцаа нэмэгдэхийн хэрээр залилангийн арга хэлбэр ч улам нарийсаж, олон янзаар хувьсаж байна. Үүний улмаас 2025 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 83.6 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлсэн юм. Мөн 2025 онд цахим залилангийн улмаас иргэдэд учирсан нийт хохирол ойролцоогоор 300 тэрбум төгрөгт хүрчээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч Э.Мөрөн "Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн гэмт хэрэг эрс нэмэгдсэн. Ялангуяа фэйсбүүк хаяг ашигласан залилан, зээлийн аппликэйшнээр дамжуулсан залилан, мөн телеграмм платформ ашигласан залилангууд хамгийн түгээмэл бүртгэгдэж байна. Эдгээрээс телеграмм платформ ашигласан залилангийн хэргүүдийн дийлэнх нь гадаад улсаас зохион байгуулалттайгаар үйлдэгддэг бөгөөд гэмт этгээдүүд Монгол Улсаас гадна байрлаж, цахимаар хохирогчидтой холбогдон мөнгө шилжүүлүүлж авдаг. Ийм төрлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад олон улсын гүйлгээ, хил дамнасан зохион байгуулалт зэрэг шалтгаанаар тодорхой хүндрэлүүд тулгардаг.
Цахим залилангийн хохирогч болох гол шалтгаан нь иргэдийн хэт итгэмтгий зан, мөн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлтэй холбоотой байдаг. Гэмт этгээдүүд хүмүүсийн энэ сул талыг ашиглан янз бүрийн аргаар урхинд оруулдаг. Ялангуяа цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь гэртээ байдаг хүмүүс байдаг бөгөөд хүүхдээ харж буй ээжүүд, ахимаг насны тэтгэвэрт гарсан иргэд илүү өртөмтгий бүлэгт тооцогддог юм. Зарим залилагч эхний удаад бага хэмжээний цалин эсвэл ашиг өгч, хохирогчийн итгэлийг олж авдаг. Ингэснээр дараагийн удаад илүү их мөнгө шилжүүлэхийг санал болгож, эцэст нь хохирогч өөрөө их хэмжээний мөнгө алдах нөхцөл бүрддэг юм. Тиймээс аливаа онлайн ажил, хөрөнгө оруулалт, цахим саналд оролцохоосоо өмнө тухайн байгууллага, аппликэйшн, эсвэл хувь хүн нь хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг эсэхийг сайтар шалгаж нягтлах шаардлагатай. Хувь хүн бүр өөрийн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж, болгоомжтой хандах нь зөвхөн өөрийгөө төдийгүй бусдыг ч цахим гэмт хэргээс хамгаалах хамгийн чухал алхам юм" гэлээ.
Цахим сугалаанд оролцож залилуулсан нэгэн иргэн 2025 оны арванхоёрдугаар сарын 2-нд фэйсбүүкт “Алтанжолоо аз ёндоо” нэртэй хаягаас явуулсан хусдаг сугалаанд оролцжээ. Тус хаяг “АНУ-ын тусгай зөвшөөрөлтэй, хуулийн дагуу явагддаг сугалаа” хэмээн өөрсдийгөө танилцуулж, 100 болон 200 мянган төгрөгийн багцтай сугалаанд оролцох санал тавьсан байна.
“Би 100 мянган төгрөгийн багцаар оролцсон. Тэгтэл 649 сая төгрөг хожлоо гэсэн. Ийм их мөнгө сонсохоор үнэхээр итгэчихдэг юм билээ. Амьдрал минь өөрчлөгдөх гэж байна гэж хүртэл бодсон. Гэвч удалгүй сугалааны хожлыг шилжүүлэхийн тулд эхлээд баталгаажуулах төлбөр нэрээр 1.1 сая төгрөг шилжүүлэхийг шаардсан юм. Үүний дараа Монголд төлөх татварыг АНУ-д төлөөд гэрчилгээ гаргуулбал татваргүй орж ирнэ хэмээн тайлбарлаж, дахин 1.8 сая төгрөг шилжүүлэхийг хүссэн. Дараа нь олон улсын гүйлгээний шимтгэл, долларын ханшийн зөрүү гэх мэтээр дахин мөнгө нэхсээр, нийт дөрвөн удаагийн гүйлгээгээр 5.5 сая төгрөгийг авсан. Утсаар ярьж байгууллагаа танилцуулсан. Тэгэхээр нь бүр илүү итгэсэн. Хадгалж байсан мөнгөө явуулчихсан. Ядаж тал нь ч гэсэн эргэж орж ирэх болов уу гэж боддог юм билээ” гэсэн юм.
Өөр нэг иргэн мөн фэйсбүүкт явуулсан хусдаг сугалаанд оролцож, хохирсон байна. Тэрээр тухайн үед лайв бичлэгийг 100 гаруй хүн үзэж, олон хүн “хожсон”, “мөнгө авсан” гэх мэт сэтгэгдэл бичиж байсан нь итгэхэд хүргэсэн гэж ярьсан юм.
“Янз бүрийн гэрчилгээ үзүүлээд, гадаадын хөрөнгө оруулагчтай гэж тайлбарласан. Лайв дээр сэтгэгдэл бичиж байсан хүмүүс нь хожсон гэж хэлээд байхаар үнэн юм шиг санагдсан. Гэтэл удалгүй лайв нь зогсоод, фэйсбүүк хаяг нь хаагдаад алга болсон юм. Залилагчид итгэл төрүүлэхийн тулд хувь чатаар иргэний үнэмлэхний зураг, хаяг, бүр өөрсдийнхөө мэт харагдах баримт бичгүүдийг илгээсэн. Гэвч үнэндээ ямар ч үнэн зүйл байхгүй. Хүмүүсийг л итгүүлэхийн тулд бүхнийг хийдэг юм байна” гэлээ.
Цахим орчинд “амархан мөнгө олох”, “их хэмжээний хожил авах” гэх мэт саналд болгоомжтой хандаж, баталгаагүй сугалаа, онлайн хөрөнгө оруулалт, ажил саналд оролцохгүй байх нь хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн ийм төрлийн лайв, зар сурталчилгаатай тааралдсан тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, лайв бичлэгийг түгээхгүй байх, харин тухайн хаягийг мэдээлж бусдыг хохирохоос сэргийлэх нь чухал юм.
Цахим залилан нь зөвхөн санхүүгийн хохирлоор хэмжигдэхгүй, хохирогчдын сэтгэл зүйд ч хүчтэй нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Ялангуяа онлайн орчинд итгэж мөнгө шилжүүлсний дараа залилуулснаа мэдсэн хүмүүсийн дунд өөрийгөө буруутгах, ичих, айдас төрөх зэрэг сэтгэлзүйн хүнд мэдрэмжүүд үүсэх нь элбэг байдаг. юм
Зарим хохирогч санхүүгийн алдагдлаасаа илүүтэй “яагаад би ийм зүйлд итгэчихэв” гэсэн гэмшил, сэтгэлзүйн дарамтад удаан хугацаанд шаналдаг байна. Энэ талаар Сэтгэл судлаач Б.Санчираас тодруулж, цахим залилангийн хохирогч болсон хүмүүсийн сэтгэл зүйн онцлог, түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.
-Эдийн засгийн хүндрэл, орлогын тогтворгүй байдал нь хүмүүсийг цахим залилангийн эрсдэлд илүү өртөмтгий болгодог уу. Санхүүгийн дарамт хүний шийдвэр гаргалт, эрсдэлийг үнэлэх чадвар болон сэтгэл зүйн хүчин зүйлстэй хэрхэн холбогдож, яаж нөлөөлдөг талаар тайлбарлаж өгнө үү?
-Товчоор хэлбэл, тийм. Эдийн засгийн хүндрэл, мөнгөний дарамт ихсэх тусам хүмүүс цахим залиланд илүү амархан өртдөг. Яагаад гэвэл мөнгөний стресс хүний бодох чадварт шууд нөлөөлдөг. Мөнгө хүрэхгүй, өр зээл дарамталж байхад тархи “яаж хурдан шийдэх вэ?” гэдэг дээр л төвлөрнө. Урт хугацааны эрсдэл, “энэ үнэн үү?” гэж нягтлах тэвчээр багасна. Мөн санхүүгийн дарамт айдас, түгшүүр, яаралтыг нэмэгдүүлдэг. Залилагчид яг үүнийг л ашигладаг. Cүүлчийн боломж, яг одоо шийд, алдаж болохгүй гэх мэтээр шахалт үзүүлдэг.
Нөгөө талд нь найдвар бий. Амьдрал хэцүү үед “энэ л намайг аварна” гэсэн бодолд хүн амархан автдаг. Хэт өөдрөг хүлээлт үүсэх нь эрсдэлийг дутуу үнэлэхэд хүргэдэг. Мөн мөнгөний асуудлаа хүмүүс ихэвчлэн нууцалдаг. Ичиж, бусдаас зөвлөгөө авахгүй байх нь ганцаардуулж, залиланд илүү өртөмтгий болгодог. Абрахам Маслоу хүний анхан шатны хэрэгцээ (хоол, орон байр, аюулгүй байдал) хангагдаагүй үед дээд түвшний эрүүл, тайван сэтгэлгээ бүрэн ажиллахад хэцүү болдог гэж тайлбарласан. Тиймээс санхүүгийн дарамт бол зүгээр мөнгөний асуудал биш шийдвэр гаргалтад нөлөөлдөг сэтгэлзүйн хүчин зүйл юм.
-Цахим залиланд өртсөн хүмүүсийн сэтгэл зүйд хамгийн түрүүнд ямар өөрчлөлт, цочрол илэрдэг вэ. Ийм нөхцөлд сэтгэл зүйгээ хэрхэн сайжруулах хэрэгтэй бол?
-Цахим залиланд өртсөн хүн эхлээд ихэнхдээ цочирддог. Энэ үнэн гэж үү, надад ийм юм тохиолдох гэж гэсэн итгэмээргүй мэдрэмж төрнө. Дараа нь уур, ичгүүр, өөрийгөө буруутгах бодол орж ирнэ. “Би яаж ийм тэнэг байв аа” гэж өөрийгөө зэмлэх нь элбэг. Үүнээс болоод олон хүн хэнд ч хэлэхгүй, дотроо хадгалж явна. Хэсэг хугацааны дараа гуниг, итгэл алдалт нэмэгдэж болно.
Зөвхөн мөнгө биш, хүмүүст итгэх итгэл хүртэл ганхдаг. Зарим нь бүр хүмүүсээс зай барьж эхэлдэг. Ийм үед яах вэ?
Нэгдүгээрт, өөрийгөө буруутгахаа боль. Залилагчид бол сэтгэл зүйг ашиглахдаа гаршсан хүмүүс. Энэ нь хэний ч дээр тохиолдож болох зүйл. Хоёрдугаарт, итгэдэг хүнтэйгээ ярилц. Нуух тусам ичгүүр, стресс нэмэгддэг. Гуравдугаарт, бодит алхам хий. Банктай холбогдох, цагдаад мэдэгдэх гэх мэт. Ямар нэг үйлдэл хийхэд “би бүрэн хяналтаа алдчихсан” гэсэн мэдрэмж бага болдог.
“Яагаад би?” гэж дахин дахин бодохын оронд “Одоо би юу хийж чадах вэ?” гэж асууж сурах нь чухал. Хэрэв нойр алдагдах, түгшүүр, гуниг удаан үргэлжилбэл мэргэжлийн хүнээс тусламж авах хэрэгтэй. Сенека “Бид зовлонгоо ялдаг, зовлон биднийг биш” гэж хэлсэн байдаг. Энэ явдал таны амьдралын төгсгөл биш. Та сэргэж, суралцаж, илүү болгоомжтой, илүү хүчтэй болж чадна.
"Баримт нэн тэргүүнд” сүлжээний олон нийтийн төлөөх бүтээл