Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр сан"-аас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн уралдааны шүүгчээр МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Д.Идэржаргал, "Засгийн газрын мэдээ" сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч, "Ардын эрх" , "Өнөөдөр" сонины орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллаж байсан, сэтгүүлч С.Батбаатар, Ergelt.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Б.Энхмарт нар ажилласан юм. Уралдаанд сонин, телевиз, хэвлэл мэдээллийн сайтын сэтгүүлчид, чөлөөт уран бүтээлчдээс 44 бүтээл ирүүлсэн юм. Өмнө жилийн бүтээлүүд дийлэнх нь улс төр, засаглалын талаар хөндсөн байсан бол энэ жил уул уурхайн чиглэлийн бүтээлүүд түлхүү байгааг шүүгчид онцолсон юм. Мөн сэтгүүлчид бүтээлдээ дата, мэдээллийг маш их ашигладаг болсныг дурдаад харин энэ мэдээллээ сэтгүүлчийн ур чадвараар дэглэж, олон нийтэд хүргэх шаардлагатайг онцолсон юм. Ингээд “Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг шүүсэн шүүгчдийн сэтгэгдлийг хүргэе.
Шүүгч, сэтгүүлч С.Батбаатар: 2010-2016 он хүртэл “Балдорж шагнал” гэж сэтгүүлчдийн мэргэжлийн маш том уралдаан болдог байсан. Тэр үед шүүгчээр ажилладаг, нийтлэлүүдийг бүгдийг уншдаг байсан. Харин сүүлийн 10-аад жил ийм ажилд оролцоогүй. 10-аад жилийн дараа сэтгүүлчдийнхээ бүтээлийг уншихад сэтгүүлчид дата дээр их ажилладаг болсон нь анзаарагдаж байна. Өөрөөр хэлбэл, эх сурвалжийг илүү чухалчилдаг болсон байна. Нийтлэлдээ дата өгөгдлийг илүү их анхаардаг болсон байна. Шүүгчээр ажилласан гомдохгүй байх гэж найдъя. Миний анзаарсан зүйл бол сэтгүүлчдийн бүтээл нэг хэв загварт орсон байна.
Би Г.Отгонбаярын бичсэн нийтлэлийг нэрийг нь бичээгүй байхад уншаад таньдаг байсан. Б.Ганчимэгийн ярилцлагыг хаана ч танина. Тэгэхээр сэтгүүлчдийн ур чадварын асуудал яригдана. 44 сэтгүүлчийн бүтээлийг бүгдийг нь нэргүй өгсөн. Хэнийх нь юм бүү мэд. Тэр дотор мэдээлэл нь өөр, сэдэв нь өөр хэрнээ бичлэгийн арга барил нь яг нэг хэв загварын олон бүтээл ажиглагдсан. Тэгэхээр энд юу дутаж байна гэхээр сэтгүүлчийн уран чадварын асуудал. Г.Отгонбаяр юугаараа илүү, юугаараа бусад сэтгүүлчээс ялгарч байсан бэ гэдэг бол ур чадварын асуудал. Аналитик сэтгүүл зүйн чиглэлд Г.Отгонбаярыг гүйцэх сэтгүүлч үнэндээ байгаагүй. Би тэр үед ч хэлдэг байсан одоо ч хэлнэ. Тэгэхээр сэтгүүлчид ур чадвар гэдэг зүйл дээр илүү анхаарч ажиллах ёстой юм байна. Зөвхөн дата цуглуулаад түүнийгээ тухайн үеийн улс төр, эдийн засгийн үйл явдалтай холбоод бичих бол сэтгүүлзүйн сайн бүтээл болж чадахгүй нь. Та нарт маш олон боломж байгаа. Мэдээлэл технологийн асар өндөр хөгжилд мэдээлэл цуглуулах зовлон тун бага болсон байна. Тиймээс үүнийг одоо урлах, хүнд хүргэх ёстой. Хүмүүст анзаарагдахаар хүн бүхэн уншихаар, тухайн сэтгүүлч өөрийн уран чадвараараа урлах ёстой. Үүн дээр илүү анхаарах ёстой юм болов уу гэсэн сэтгэгдэл шүүгчийн хувьд төрлөө.
Би гурван бүтээл онцолсон сая нэр нь гарсан Э.Цовоо гэж залуу сэтгүүлч байна. “Өртэй төрсөн үе маргаашийн орлогоор өнөөдрийг худалдаж авсан амьдрал” нийтлэл яг энэ цаг үеийн сэтгүүлчийн онцлог харагдаж байсан. Бичлэгийн хувь эвтэйхэн хэл найруулга сайтай бүтээл байсан. Сэтгүүлчийг нь ийм жаахан хүүхэд гэж бодоогүй.
“Шоовдор хүмүүс: Тоомжиргүй төр, торгуулиар тэлсэн төсөв” гэсэн нийслэлийн төсвийг нэлээд сайн задлан шинжилсэн аналитик талдаа нэлээд гайгүй бүтээл болсон байна.
“Тогоогоо томруулчихвал нэмээд идсэн ч болно” энэ их гайгүй гарчиг. Манай Г.Отгонбаярын гарчиг нэг иймэрхүү. Энэ гарчгийг уншсан Г.Отгонбаярын гарчиг шиг санагдсан. Доторх агуулга нь ч Отгоогоос нэлээд суралцдаг залуу юм болов уу гэж бодсон.
44 бүтээлийн дийлэнх нь уул уурхайн талын нийтлэл байна лээ. Тэгэхээр уул уурхай талдаа хэрхэн бичиж болох вэ, арай өөр өнцгөөс асуудалд хэрхэн хандаж болох вэ гэдгийг энэ нийтлэлээс харж болох юм. Би энэ 3 нийтлэлд бусдаас арай илүү оноо өгсөн.
Д.Идэржаргал: Сэдвийн хувьд өргөн байгаа ч улс төрд болсон чухал үйл явдлуудаар их нийтлэл бичсэн байна
Шүүгч, МУИС-ийн дэд профессор Д.Идэржаргал: Би өнгөрсөн жил шүүгчээр ажилласан. Энэ жил бүтээлийн тоо эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад манай сэтгүүлчид өгөгдөл илүү ашиглаж байгаа юм байна. Мөн судалгаа шинжилгээний бүтээлүүдийг нийтлэлдээ өргөн ашиглаж байгаа нь ажиглагдлаа. Өнгөрсөн жил засаглалын асуудлаар маш их нийтлэл байсан бол энэ жил манай улс, төр эдийн засагт өрнөсөн халуун сэдвүүдээр бичсэн байна. Сэдвийн хувьд өргөн байгаа ч улс төрд болсон чухал үйл явдлуудаар түлхүү бичсэн байна.
Би орон нутгийн хөгжлийн сангийн тухай “Өгөөжийг нь өөрт нь үлдээхгүй бол уурхайтай нутагт хөгжил ирэхгүй” нийтлэлийг түрүүлээсэй гэж хүсэж нэлээд тасархай өндөр оноо өгсөн. Энэ бүтээл зөвхөн дататай ажиллаагүй. Уул уурхайн ашиг нь орон нутагтаа хүртэхгүй байгаа асуудлыг өгөгдлөөр харуулахаас гадна орон нутгийн хөгжлийн санг илэрхийлж болох бүх л эх сурвалжтай сайн ажилласан байсан. Бусад нийтлэлтэй харьцуулахад бичлэгийн ур чадвар сайн байсан. Аналитик нийтлэл шалтгаан үр дагаврыг маш сайн гаргадаг. Энэ нийтлэл шалгуурыг сайн хангасан гэж бодож байна.
Мөн улс төрийн задлан шинжилсэн “Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд “харанхуй” орно” гэсэн нийтлэл сайн болсон гэж бодсон.
Б.Энхмарт:Сэтгүүлчид сэтгүүлчдийн мэдрэмж, цаг үетэйгээ уялдуулах, сайн бодож бичих зүйл нэлээд дутагдалтай байгаа нь харагдлаа
Шүүгч, сэтгүүлч Б.Энхмарт: Юуны түрүүнд энэ эрхэм хүндтэй уралдаанд оролцсон сэтгүүлчдэдээ баяр хүргэе. Сэтгүүлчид эх сурвалж, баримт мэдээллүүдээ сайн цуглуулж чадаж байна. Үүн дээр сэтгүүлчдийн мэдрэмж, цаг үетэйгээ уялдуулах, сайн бодож бичих зүйл нэлээд дутагдалтай байгаа нь харагдлаа.
Би улс төрийн үйл явдал дээр анализ хийсэн нэг нийтлэлд өндөр оноо өгсөн. Энэ нийтлэл цаг үеэ мэдэрсэн нэлээд сайн тойм болсон байсан. Байгаль орчны нэлээд хэдэн бүтээл байсан.