Open iToim app
Ярилцлага | 7 мин уншина

Б.Оюунцэцэг: Хүн бүр өмсөж буй дээлийнхээ үнэ цэнийг мэдэж, бахархалтайгаар өмсөж байгаарай

Б.Оюунцэцэг: Хүн бүр өмсөж буй дээлийнхээ үнэ цэнийг мэдэж, бахархалтайгаар өмсөж байгаарай
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 16
Otori Design брэнд нь уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, Монгол үндэсний өдөр тутмын, гоёлын болон тансаг зэрэглэлийн дээл хувцсыг урлан хэрэглэгчдэдээ хүргэдэг. Тус брэндийн онцлог нь 5000 жилийн түүхтэй, эртний Хятадын хаад ноёдын хувцсанд хэрэглэгдэж байсан алдарт таван төрлийн тансаг торгоор монгол дээл урладгаараа онцлог. Эдгээр торгууд нь 2006 онд Хятадын мянган жилийн соёлын өвд бүртгэгдэж мөн ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон үнэт өв юм.
Торгыг нэхэх, үйлдвэрлэх арга технологи, хээ угалз, зохиомж бүрийг үйлдвэрлэгчид үе дамжин өвлөж ирсэн бөгөөд “патент”-аар хамгаалагдсан тул дуурайлган хуулах эрх хэнд ч байдаггүй. Иймээс эдгээр торгоор урласан дээл хувцас бүр дахин давтагдашгүй, үнэ цэн шингэсэн, үе дамжин эдлэгдэх бүтээл болдог байна. Ингээд Otori Design брэндийн үүсгэн байгуулагч Б.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн чаюуша торгоны онцлог, технологи, гар урлалын үнэ цэнийн тухай Та бидэнд мэдээлэл өгнө үү?
-Манай Otori Design брэндийн зорилго бол үндэсний дээл хувцсаа уламжлалт хийц загварыг нь алдагдуулахгүйгээр, хамгийн сайн торго, нарийн эсгүүр, чанартай оёдлоор урлан бүтээж, энгийн атлаа тансаг, дэгжин бөгөөд үе дамжин өвлөгдөх хэрэглээг бий болгох явдал юм. “Хамгийн сайн торго” гэж бид хэлэхдээ ганцхан өнгө үзэмжийг нь хэлж байгаа хэрэг биш. Сайн гэдэг ойлголт нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд торгоны чанар, гялалзах байдал, утасны түүхий эд, утасны жин ба орц, гар аргаар эсвэл үйлдвэрийн аргаар нэхсэн эсэх, уламжлалт арга техник ашигласан эсэх мөн үйлдвэрлэлийн хэмжээ хүртэл нөлөөлдөг. Тиймээс сайн торго гэдэг нь цогц ойлголт юм. Бид яагаад хамгийн сайн торго Хятад улсаас гаралтай гэж хэлдэг вэ гэхээр БНХАУ-д МЭӨ 3000 оны үед буюу одоогоос 5000 гаруй жилийн өмнө торго үүсэж, дэлхий дээрх хамгийн эртний торго үйлдвэрлэлийн соёл тэнд бий болсон. Тэр уламжлал өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжиж, хадгалагдан ирсэн нь үнэ цэнийг нь илэрхийлдэг. Бид хэрэглэгчиддээ энэхүү олон мянган жилийн түүх, технологи шингэсэн торгоор урласан дээл хувцсыг хүргэхийг зорьдог. Тэдгээрийн нэг нь эртний торго үйлдвэрлэлийн технологиор бүтээгддэг, барлаж нэхдэг онцлогтой чаюуша буюу барласан торго юм.
Чаюуша нь Тан гүрэн, Мин гүрний үеэс улбаатай, Шүндэ мужаас гаралтай маш эртний түүхтэй торго юм. Уламжлалт арга технологиороо өнөөг хүртэл хадгалагдан ирсэн учраас 2006 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Энэхүү торгыг боловсруулах арга нь маш нарийн, олон шат дамжлагатай. Эхлээд бидний сайн мэдэх хүр хорхойн шүлснээс гаргаж авсан цагаан торгоор сууриа бэлдэнэ. Дараа нь шүлян хэмээх хүрэн манжинтай төстэй хатуу ургамлыг бяцалж, шүүж, дөрвөн өөр өтгөрөлтэй уусмал бэлтгэдэг. Эхний уусмал нь өтгөн дараагийнх нь арай шингэн гэх мэтээр дөрвөн янзын уусмалыг вааранд бэлдэнэ. Жилийн гурав, дөрөвдүгээр сард нарны илч хамгийн өндөр үед эхний уусмалд торгоо дүрж, базаж, 1–2 хоног хатаана. Энэ үйлдлийг зургаан удаа давтан хийдэг бөгөөд үүнийг нарны хатаалт гэж нэрлэдэг. Үүний дараа хоёрдугаар уусмалаар торгыг нарны гэрэлд байнга усалж, дахин зургаан удаагийн хатаалт хийдэг. Дараа нь гурав дахь уусмалд буцалгаж, өмнөх боловсруулалтыг бэхжүүлнэ. Буцалгасны дараа мөн зургаан удаагийн угаалт, хатаалт үргэлжилнэ. Дараагийн шатанд тухайн нутгийн нуурын шаврыг шүүж зуурмаг бэлтгээд торгон дээрээ түрхэнэ. Энэ шатанд 12 удаагийн түрхэлт, угаалт, хатаалт хийгдэнэ. Ингэснээр торго нэг талдаа зэсэн бор, нөгөө талдаа гүн хар өнгөтэй болдог.
Сонирхолтой нь өнгө боловсруулалтын үед торгыг наранд хатаадаг бол шавар түрхсэний дараа зөвхөн шөнийн саранд хатаадаг. Хэрэв наранд хатаавал торго цоохор болох эрсдэлтэй. Үүний дараа дөрөв дэх уусмалд чанаж хоёр талын боловсруулалтыг бүрэн бэхжүүлнэ. Эцсийн шат нь оройн 18:00 цагаас нар жаргасны дараа эхэлж өглөөний шүүдэр унах хүртэл үргэлжилдэг. Торго шүүдрийн усыг өөртөө шингээж эцсийн байдлаар боловсордог. Ингэж нар, сар, шүүдэр, ургамал, байгалийн энергийг өөртөө шингээж маш олон шат дамжлага, хөдөлмөр, цаг хугацааны үр дүнд бүтдэг учраас чаюуша торго нь хязгаарлагдмал хэмжээтэй, үнэ цэнэ өндөртэй байдаг.  Чаюуша торгыг хятадууд өөрсдөө ч маш өндөр үнэлдэг. Зөөлөн алт гэдэг ба алмаз эрдэнэтэй зүйрлэдэг. Учир нь эдэлгээ удаан, өвлөгдөж үлдэх үнэ цэн ихтэй торго юм.
-Энэхүү дахин давтагдашгүй үнэ цэнтэй торгоны тухай та анх хэзээ сонирхож мэдэн, Монголдоо уг торгоор дээл урлаж байсан бэ. Тухайн үед энэхүү торго Монголд орж ирсэн байсан бол уу? 
-Би багаасаа торго, оёдолд их дуртай хүүхэд байсан. Тэр сонирхол маань явсаар хобби болж, хожим нь судалгаа хийх хүсэл рүү хөтөлсөн. Ямар ч улсад очсон түүхийн музейгээр нь заавал орж, хаад ноёдын өмсөж байсан хувцас, хийц загвар, материал, хээ угалзыг анхааралтай ажиглаж сонирхох дуртай.
Судалж явахад 2100 гаруй жилийн өмнө үүссэн алдарт Торгоны зам их сонирхол татсан. Энэ зам нь эртний Хан улсын нийслэл Чанань хотоос (одоогийн Сиань) эхэлж, Ганьсу, Шиньжян нутгаар дамжин Төв Ази, цаашлаад Монгол, Самарканд, Энэтхэг, Перс, Араб, Ром, Византи, улмаар Газар дундын тэнгис хүрч байжээ. Худалдаа наймаа, соёлын солилцоо энэ замаар дамжин өрнөдөг байсан нь үнэхээр гайхамшигтай. Мөн Чингис хаан худалдаачдыг орд өргөөндөө дайруулж, тэднээс дэлхий дахинд болж буй үйл явдлын талаар сонсонгоо бараа таваар арилждаг байсан тухай түүхэн баримтууд бий. Тэр үед хаанаас хаанд илгээдэг хамгийн эрхэм, үнэ цэнтэй бэлэг нь торго байжээ.
Музейгээр орж, хаад ноёдын хувцсыг судалж явахад тухайн үеийн дээд язгууртнууд Хятадын алдартай торгонуудаас өмсөж хэрэглэж байсан нь анзаарагддаг. Тухайлбал, Тан улсын үеэс гаралтай Танжин торго, Сүн улсын үеийн Сүнжин торго, мөн Юүжин, Шүжин, Үжин зэрэг таван төрлийн гайхамшигт торгуудыг монголчууд эртнээс эдэлж хэрэглэж ирсэн түүхтэй юм байна гэдгийг ойлгосон. Энэ бүхэн зүгээр нэг сонирхол төдий байгаагүй. Би хоббигоо дагаж, үйлдвэрлэгч нартай уулзаж, түүхэн эх сурвалжууд уншиж, нэлээд хугацаанд судалгаа хийсний үр дүнд ийм ойлголтод хүрсэн. Миний хувьд торго гэдэг бол зүгээр нэг даавуу биш харин түүх, соёл, ард түмний өв уламжлал шингэсэн үнэт зүйл юм.
-Otori Design брэнд үүсэхдээ ямар үнэт зүйл дээр тулгуурласан бэ?
-Манай монгол үндэсний хувцасны уламжлал хэзээ ч үгүй болж, алга болно гэж байхгүй. Энэ бол зүгээр нэг хувцас биш харин бидний түүх, соёл, үнэт зүйлийн илэрхийлэл шүү дээ. Бидний баримталдаг хамгийн гол зарчим бол чанар. Хамгийн сайн оёдолтой, хамгийн зөв эсгүүртэй, хамгийн чанартай торго, материалыг сонгож урлана. Загварын хувьд гоёл чимэглэл нэмэхээс илүүтэйгээр уламжлалт хэв шинжийг нь хадгалж, жинхэнэ монгол хийцийг нь гаргахыг зорьдог.
Бидний үндсэн чиг зорилго бол уламжлалаа эвдэхгүйгээр, чимэглэлд автахгүйгээр, цэвэр хийц, эсгүүр, чанартай материалаар монгол дээл хувцсаа урлах юм.
-Сүүлийн жилүүдэд дээлний загварт ямар өөрчлөлт, чиг хандлага ажиглагдаж байна вэ. Залуучуудын дунд үндэсний хувцас өмсөх соёл хэрхэн өөрчлөгдөж байна гэж та харж байгаа вэ?
-Хэдэн жилийн өмнө дээл нь нас тогтсон хүмүүсийн хувцас мэт ойлгогддог байсан үе бий. Залуучууд төдийлөн өмсдөггүй, сонирхдоггүй гэсэн хандлага ч байсан. Харин одоо бол энэ ойлголт бүрэн өөрчлөгдсөн. Залуучууд дээлээ сонирхдог, бүр бахархалтайгаар өдөр тутамдаа өмсөж байгаагаар бахархдаг. Чиг хандлагын хувьд орчин үеэ дагаад шинэлэг загварууд ч бий болжээ. Үндэсний хувцсаа орчин үеийн хэв маягтай уялдуулсан олон брэндүүд өөр өөрийн өнгө төрхөөр хийж байна. Хамгийн чухал нь монгол хувцасныхаа өв уламжлалыг тасалдуулахгүй, залгамж халааг нь авч яваа нь сайшаалтай. Энэ тал дээр миний хувьд нээлттэй ханддаг.
-Материалын сонголт, торго, хээ угалз, эсгүүрийн хувьд та юуг чухалчилдаг вэ?
-Торго, дурдан дээрх хээ бүр зүгээр нэг гоёл чимэглэл биш, цаанаа утга бэлгэдэлтэй байдаг. Тэр бүх хээ нь амьдралын өнгө, цэцэглэлт, аз жаргал, элбэг дэлбэг байдал гээд сайн сайхныг илэрхийлж дүрсэлсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй, зарим нь сайн сайхныг зөгнөсөн утгатай, зарим нь үлгэр домог билэгдлийн шинжтэй дүрслэлүүд байдаг. Өөрөөр хэлбэл, торгон дээрх хээ бүр хүний амьдралд ерөөл бэлгэдэл авчрах утга агуулж байдаг гэсэн үг.
-Otori Design брэндийн дээлний онцлогийн тухайд?
-Манай дээлнүүд орчин үеийн чиг хандлагад хэт баригдахгүй, үндэсний уламжлалт загварыг голчлон урладаг. Халх эхнэрийн загварын дээл, уужны хувьд бид материалын сонголт дээр ач холбогдол их өгсөн. Уужны эх биеийг чаюуша торгоор хийсэн бол эмжээрт орж байгаа торгонууд нь гар нэхмэл торго юм. Гаднаас нь энгийн нүдээр харахад гар нэхмэл гэдгийг ялгаж танихад бэрх. Тиймээс бид дээл өмсөж байгаа хүндээ ямар торго, технологиор хийсэн, ямар үнэ цэнтэй бүтээгдэхүүн өмсөж байгааг нь заавал тайлбарлаж өгдөг.
Хүн өмсөж байгаа дээлийнхээ үнэ цэнийг мэдэж, бахархалтай өмсөх хэрэгтэй гэж боддог.
Бид дээлээ синтетик орцгүй, байгалийн гаралтай торго, хагас үнэт чулуу, шүр, сувд, мод, шаазан, зэс, гууль, пааландаж хийсэн гээд олон төрлийн товч ашиглаж мастер оёдолчдоор урлуулдаг. Энэ бүхэн цогцоороо байж л дээл маань жинхэнэ утгаараа үнэ цэнтэй, биед эвтэйхэн, тухтай болдог.
Харин Танжин торгоор хийсэн дээлний тухайд энэ торго маш нарийн, олон шат дамжлагатай процессоор бүтдэг. Хоёр талдаа хээтэй яг л уран зураг шиг харагддаг. Танжин, Сүнжин гэж нэрлэж байгаа нь тухайн торго аль үеийн ямар хээ хуартай байснаар нь ялгаж байгаа хэрэг. Сүнжин торго нь өнгөний хувьд гялгардуу, арай нимгэн, тухайн үеийн хээг түлхүү тусгасан хийцтэй.
Торгыг жинхэнэ эсэхийг ялгахын тулд хүмүүс барьж үзэх, бүр шаардлагатай бол шатааж шалгах аргыг хэрэглэдэг. Жирийн хүн бол зүгээр хараад ялгах амаргүй. Торгоны чанарын хувь нь хөндлөн болон босоо нэхээсийн орцоос шалтгаалдаг. Цэвэр торго бол амьсгалдаг, усанд тэсвэртэй, хөнгөн, сэрүүнд дулаахан, дулаанд сэрүүхэн байдаг. Будаг нь хүртэл байгалийн гаралтай цэцэг, навч, чулуунаас гаргаж авсан будаг хэрэглэдэг. Тиймээс синтетик орцтой торготой харьцуулахад өнгө нь арай бүдэг харагддаг.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Угтан золгож буй гал морин жилдээ Монгол түмэн минь төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төрөл садан хотлоороо жаргалтай сайхан шинэлцгээгээрэй гэж ерөөе.
-Ярилцсанд баярлалаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн