Саяхан танилцуулсан шинэ судалгаагаар өдөрт 2–3 аяга кофе, эсвэл 1–2 аяга цай уух нь дементиа буюу тэнэгрэл өвчний эрсдэлийг бууруулж, танин мэдэхүйн доройтлыг удаашруулан, тархины үйл ажиллагааг хадгалахад тустай байж болохыг тогтоожээ.
Энэхүү судалгааны үр дүнг JAMA сэтгүүлд нийтэлжээ. Судалгаанд Nurses’ Health Study болон Health Professionals Follow-Up Study хөтөлбөрүүдэд хамрагдсан 131,821 хүний мэдээллийг ашигласан байна. Ахлах зохиогч Даниел Вангийн хэлснээр, тэнэгрэл өвчнөөс сэргийлэх боломжит аргуудыг хайж байхдаа өргөн хэрэглэгддэг кофе нь сонирхолтой хувилбар байж магадгүй гэж үзжээ.
130 мянга гаруй оролцогчоос 11,033 нь дементиагаар өвчилсөн байна. Кофейны агууламжтай кофе хамгийн их хэрэглэдэг хүмүүст дементиа тусах эрсдэл 18 хувиар бага байсан аж. Мөн тэдний дунд өөрсдөө ой санамж муудаж байна гэж мэдрэх буюу субьектив танин мэдэхүйн доройтлын үзүүлэлт бага байжээ. Зарим танин мэдэхүйн бодит тестийн үзүүлэлтээр ч кофетой ундаа хэрэглэдэг хүмүүс илүү сайн гүйцэтгэл үзүүлсэн байна. Цай их хэрэглэдэг хүмүүст ижил төстэй үр дүн гарсан бол кофейнгүй кофе ийм нөлөө үзүүлээгүй учраас кофейн гол үүрэгтэй байж болзошгүйг харуулжээ.
Хамгийн тод үр дүн өдөрт 2–3 аяга кофейн агуулсан кофе, эсвэл 1–2 аяга цай уудаг хүмүүст ажиглагдсан байна. Өмнөх зарим судалгаанаас ялгаатай нь кофейны хэрэглээ өндөр байх нь сөрөг нөлөө үзүүлээгүй, харин ч хамгаалах нөлөө ижил түвшинд хадгалагдсан байна.
Мөн судлаачид дементиад өртөх генетикийн эрсдэл өндөр, бага хүмүүсийн хооронд ялгаа байгаа эсэхийг харьцуулж үзэхэд, кофейн ижилхэн ашиг тустай байж болзошгүйг тогтоожээ. Гэсэн хэдий ч судлаачид энэхүү үр дүн нь урьдчилан сэргийлэх олон аргын зөвхөн нэг хэсэг бөгөөд тогтмол дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, нийгмийн идэвх зэрэг бусад хүчин зүйлс ч уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал гэдгийг онцолжээ.