Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.
-2025 онд манай улсын гадаад бодлогын хувьд томоохон айлчлалуудыг эх орондоо хийж, Ерөнхийлөгч ч олон том айлчлал гадаад улс орнуудад хийлээ. Тэгвэл 2026 онд ямар айлчлалууд төлөвлөөд байна вэ?
-Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаа сүүлийн дөрөв, таван жилд, ялангуяа ковидоос хойш сэргэлтийн жилүүд байлаа. Үүн дотор 2025 он гадаад харилцааны хувьд онцгой сэргэлтийн жил байсан гэж тодорхойлж байгаа. Яагаад гэхээр энэ онд анхны гэсэн тодотголтой гадаад айлчлалууд хийгдсэн. Ер нь өнгөрсөн 4, 5 жилд манай улс анхны гэж хэлэх олон том гадаад айлчлалуудыг хийлээ. Тухайлбал, Франц Улсын Ерөнхийлөгч Макроныг түүхэндээ анх удаа хүлээн авсан. Мөн Бутан улсын хаан, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Японы Эзэн Хаан Нарүхито нар түүхэн айлчлал хийсэн. Харин 2025 онд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар анх удаа Монгол Улсад айлчиллаа. Энэ утгаараа 2026 оныг гадаад харилцааны онцгой сэргэлтийн жил гэж үзэж байгаа. Яах аргагүй түүхэндээ байгаагүй олон улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад айлчилсан. Ерөнхийлөгч 2021 онд сонгогдсон өдрөөсөө гадаад харилцаа, гадаад бодлогодоо анхаарал хандуулж ажиллахдаа “Дэлхийг Монголд” зарчмын дагуу ажиллана гэдгээ хэлж байсан. Төрийн тэргүүн нарыг нутагтаа хүлээж авъя, шаардлагатай газар руугаа л айлчилъя гэсэн зарим барьж ажилласан. Саяхныг хүртэл гадаад айлчлалыг зүгээр зугаалаад яваад байдаг гэсэн шүүмжлэл байсан. Тэгвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үед ийм айлчлал огт хийгээгүй. Дандаа шаардлагатай айлчлалууд байсан. Хийсэн айлчлалдаа харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгоё гэж зорьж байгаа. Түүнээс зээл, буцалтгүй тусламж гуйх биш хамтын ажиллагаагаа харилцан ашигтай байх горимд шилжүүлье гэсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалууд баялаг бүтээгчид, бизнесийн салбарынхныг багтаадаг болсон. 2025 онд манай гадаад бодлого төв Ази руу идэвхтэй чиглэж энэ бүс нутгийн 5 орон руу айлчилж дууссан. Энэ нь тэр чигээрээ эдийн засгийн хувьд маш том зах зээлийг нээж өгсөн. Тухайлбал, Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалаар манай улс 100 мянган толгой бог мал худалдахаар болсон. Мөн сүлжээ дэлгүүрээр нь монгол мах борлуулдаг болсон. Энэ бол бодит үр дүн.
Ерөнхийлөгч 2022 оноос Зүүн Өмнөд Ази руу идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа. Үүний илрэл бол Вьетнам, Лаос улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалуудаар олон зүйл тохиролцсон. Эдгээрээс бодит үр дүнд хүрсэн нь Вьетнам улс руу ямааны мах гаргадаг болсон. 2025 онд Вьетнам улс 100 тонн ямааны мах худалдаж авсан. Үүнийгээ дөрвөн төрлөөр боловсруулж Вьетнам улсын зах зээл дээр борлуулж байгаа. 2026 онд 1000 тонн хүргэж авах гэрээ хийгээд явж байна. Энэ мэт гадаад харилцааны үр дүнг зах зухаас нь дурдахад ийм байна.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруй хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд гадаад бодлогоо үргэлжлүүлж, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд хийх үү?
-2026 онд манай улсын гадаад бодлого өнөөдрийг хүртэл явж ирсэн идэвхтэй, эрчимтэй, үр өгөөжтэй, харилцан ашигтай горимынхоо дагуу үргэлжилнэ. Зүүн өмнөд Ази руу манай улсын гадаад бодлого 2022 оноос эхэлсэн гэж дээр хэлсэн. Үүнийгээ үргэлжлүүлнэ. 2026 онд гадаад бодлого Зүүн Өмнөд Ази болон Энэтхэг номхон далайн бүс нутаг руу чиглэнэ. Тайланд, Индонез, Филиппин зэрэг олон орон байна. Энэ бүхэнд онцгой анхаарч бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.
Гадаад харилцааг том зургаар нь авч үзэх хэрэгтэй. Хэзээ ч гадаад харилцааны салбарт гэнэтийн, төлөвлөөгүй сэтгэлийн хөөрлөөр хийдэг айлчлал, уулзалт байдаггүй. Бодлогогүй хөдөлгөөн хийдэг ч салбар биш юм. Тэгэхээр 2026 онд гадаад бодлого Зүүн өмнөд Ази болон Энэтхэг номхон далайн бүс нутаг руу чиглэсэн бодлого үргэлжилнэ. Ерөнхийлөгч 2025 онд Энэтхэг улсад айлчилсан. Энэ үеэрээ Энэтхэг улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсан.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөдөлгөөнийг дэлхийн улс орнууд дэмждэг. Гаднаас санхүүжилт босгож чадсан уу?
-Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн гурван том хөдөлгөөн амжилттай хэрэгжээд явж байна. Үүний нэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөвхөн модыг хөрсөнд тарих, тэрбум ширхгийг тоолоод ажлаа хийчихлээ гэж хэлэх юм биш гэдгийг бид олон жил ярьж байгаа. 2021 онд Ерөнхийлөгч НҮБ-ын хүндэт ногоон индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж бусад түнш орнууддаа уриалсан. Энэ нь үндэсний хөдөлгөөнөөсөө халиад бүс нутгийн хэмжээнд дэмжигдээд олон улсад нэр хүндтэй хөдөлгөөн болсон байна. Тус хөдөлгөөнийг манай стратегийн түнш орнууд дэмжээд хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Европын холбооны 27 улс оронтой Ойн түншлэлийн гэрээ байгуулсан. Ерөнхийлөгч COP-ын хуралд очихдоо Европын холбооны ерөнхийлөгчтэй гэрээнд гарын үсэг зураад 560 мянган еврогийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь зөвхөн мод тарих бус ойн аж ахуйг бий болгох, ойн сэргээлт хийх гэх мэт бүхэл бүтэн ногоон хөгжлийн цогц бодлогыг европчуудтай хийж байгаа ажил юм. Энэ бодлогоо зөвхөн Монголдоо бус айлчлал бүрээрээ түншүүдтэйгээ ярьж байгаа учраас үр дүнтэй байна гэж дүгнэж байгаа.
Гадаадад харилцааны салбарт айлчлалын он сар өдрийг хоёр тал харилцан тохиролцож байж зарладаг. Зарлах өдрөө хүртэл тохирдог. Гэхдээ урилгатай байгаа зочид бол нууц биш. Урилгатай маш олон зочин бий.
Э.Одбаяр
-Ерөнхийлөгч төрийн тэргүүн нарын айлчлалыг наадмын үеэр хийж байгаа. Энэ онд ямар улсын төрийн тэргүүн манай улсад айлчлах вэ?
-Гадаадад харилцааны салбарт айлчлалын он сар өдрийг хоёр тал харилцан тохиролцож байж зарладаг. Зарлах өдрөө хүртэл тохирдог. Гэхдээ урилгатай байгаа зочид бол нууц биш. Урилгатай маш олон зочин бий. Тухайлбал, Италийн ерөнхийлөгч манай улсад айлчилна гэдгээ амлачихсан. Тэгэхээр Үндэсний их баяр наадмын үеэр ирэх магадлал өндөр байна. Мөн Турк улсын ерөнхийлөгч, Энэтхэг улсын ерөнхийлөгч, Чех улсын ерөнхийлөгч, Тажикистан улсын ерөнхийлөгч, Азербайжан улсын ерөнхийлөгч нар урилгатай байна. 2026 он гаднаас зочин ихтэй, “Дэлхийг Монголд” бодлого бодитой хэрэгжих жил байх болно.
Үндэсний их баяр наадам бидний хувьд ч хамгийн сайхан баяр. Энэ баяр наадмаараа дэлхийн томоохон улс орны тэргүүнүүдийг хүлээж авснаар монгол наадам дэлхийд өргөн цар хүрээтэйгээр танигдлаа. Энэ жил урилгатай зочин олон байна. Дипломат шугамаар эцсийн тохироог хийдэг. Бүх төрийн тэргүүнийг төрийн ёслолын горимоор хүлээж авна. Төрийн ёслолын хүндэтгэлтэй хэлбэр учраас нарийн зохион байгуулж зөв давтамжтай авах ёстой. Энэ жилийн тухайд их л айлчлал харагдаж байгаа.
-Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил Адууны баярыг манай улсад хийхээр болсон. Энэ үеэр төрийн өндөр хэмжээний айлчлал хийх үү. Дэлхийн олон орноос хүмүүс ирэхээр ярьж байсан?
-Зарим айлчлал давхцаж таарна. 2026 он бол гадаад харилцааны хувьд их идэвхтэй жил байна. Учир нь зөвхөн наадмаас гадна анх удаа Адууны өдөртэй болох НҮБ-ын тогтоол батлуулсан. Дэлхий дээр 200-аад сая хүн морины соёлтой юм билээ. Энэ тогтоолоор долдугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр болгон зарласан. Ерөнхийлөгч ивээл дороо авч адууны фестиваль хийх бэлтгэл ажлыг хангаад явж байна. Зуны дэлгэр цагт болж байгаа учраас айлчлалуудтай давхцаж таарна. Тэгж ч бид төлөвлөж байгаа. 2026 оны зун энэ хоёр арга хэмжээнээс гадна COP17 манай улсад болно. COP17 онцгой ач холбогдолтой. Энэ бол Цөлжилтийн эсрэг талуудын бага хурал. Манай улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энэ олон хөдөлгөөн бодлогууд нь бүгд COP17-той уялдаж байгаа. Тиймээс энэ хурлыг манай улс зөвхөн хэлэлцээрийн дагуу явуулах биш цогц байдлаар харж байгаа. Нэгд, хөрсний доройтол. Манай улсын газар нутгийн 70-аас дээш хувь нь хөрсний доройтолтой байна. Энэ гамшиг руу олон улсын анхаарлыг хандуулж хөрөнгө мөнгө татах, хамтарч ажиллаж хүчээ нэмж зузаатгаж тэмцэх, модоо тарих асуудал байгаа. Мөн усны асуудлыг COP17-той холбож хэлэлцүүлж байгаа. Нэг үгээр хэлбэл, хөрс, ус, бэлчээрийн асуудлыг цогцоор авч үзэж байгаа. COP17 10 гаруй хоног хуралдаад дуусахгүй. Хурал дууссанаас хойш хоёр жил манай улс тэргүүлэх учраас зөвхөн цөлжилт бус ус, хөрс, бэлчээрийн асуудлыг ярина гэсэн үг.