Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Байр суурь: Багш таны цалин яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ

Байр суурь: Багш таны цалин яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 10
Боловсролын салбарын ажилтнуудын зохион байгуулсан тэмцлийн үр дүнд цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор уг нэмэгдлийг хамтын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүссэн. Гэвч сүүлийн үед ажилтнуудад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл бүрэн олгогдохгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Энэхүү асуудлын хүрээнд бодит нөхцөл байдал ямар байгаа талаар 31 дүгээр сургуулийн багш нараас тодрууллаа.

Цалин хүрэлцэхгүй болохоор олон төрлийн аппликэйшны зээл авч, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг

undefined
Боловсролын салбарт хоёр дахь жилдээ ажиллаж байгаа 31-р сургуулийн Дуу хөгжмийн багш С.Пүрэвдорж: Багш нарын цалингийн асуудал үнэхээр хүнд байна. Өнгөрсөн аравдугаар сард бид ажил хаялт хийж, Засгийн газар болон Боловсролын яамтай хэлэлцээр хийсэн. Тэр үеэр цалинг 50 хувиар нэмнэ гэж амласан ч бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Арванхоёрдугаар сарын цалинтай нэгдүгээр сарын цалинг харьцуулж тооцоод үзэхэд ердөө 105 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байсан. Арванхоёрдугаар сард хоол, унааны мөнгө нэмэгдэж орсон байсан бол нэгдүгээр сард тэр мөнгийг нь танасан. Бусад багш нараас сонсоход кабинет, зэрэг, бусад нэмэгдлүүд ч мөн хасагдсан байна. Гүйцэтгэлийн үнэлгээ, ур чадварын үнэлгээ гэх мэт нэмэгдлүүд нэгдүгээр сарын цалинд огт тусгагдаагүй. Энэ бүхэн Монголын багш нарын холбоо болон нийт багш нарын хувьд үнэхээр харамсалтай зүйл болж байна.
Үүн дээр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляц маш хүндээр нөлөөлж байна. Сүүлийн үед гадуур гараад хүнс авахад л бараг бүх юм 500–1000 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Багш нарын цалин нэмэгдсэн гэх ярианаас болоод ч тэр үү, бодит байдал дээр амьдрал улам л хүндрээд байна. Багш нар цалингаас цалингийн хооронд л амьдарч байна. Миний хувьд ч ялгаагүй. Амласан цалиндаа хүрээгүйд маш их гонсгор байна.
Би түрээсийн байранд амьдардаг. Одоо гадуур түрээсийн байр хамгийн багадаа л 1.4 сая төгрөгийн үнэтэй болсон. Сарын эхний цалин 600 мянга, сүүл цалин 1.2 сая төгрөг аваад ажиллахад бараг л бүх цалингаа түрээсийн мөнгөнд өгөөд дуусгаж байна. Цалин хүрэлцэхгүй болохоор олон төрлийн аппликэйшний зээл авч, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л амьдарч байна. Багш нарын хувьд ингэж амьдрах үнэхээр хэцүү байна. Ирээдүйгээ бодоод гадагшаа явж ажиллах боломж байна. Гэхдээ энд миний дурлаж сонгосон, хайртай мэргэжил минь байсаар байна. Тиймээс л төр, засаг маань багш нартаа дахин нэг анхаарч, хэлсэн амлалтдаа хүрч, бодитой дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна.

Бүхэл бүтэн улс байж албан ёсоор хэлэлцэн тохиролцсон зүйлдээ хүрэхгүй, ингэж хулхидаж байгаад үнэхээр гутарч байна

undefined
Боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байгаа 31-р сургуулийн Математикийн багш П.Пүрэв-Ёндон: Ард түмэн гар дээрээ авч байгаа цалингаараа л амьдардаг шүү дээ. Бид анх хэлэлцээрт орохдоо Боловсролын яам, Сангийн яамтай үндсэн цалинг 50 хувиар нэмье гэж ярьснаас биш цалингийн тооцоон дээр тоглолт хийе, янз бүрээр хувааж бодъё гэж огт тохиролцоогүй.
Гэтэл нэгдүгээр сарын цалинг анх 2 сая 226 мянган төгрөгөөр бодож гаргаснаа дараа нь буцаагаад зөрүү дүнгээр нь хассан байсан. Яагаад ингэж хасаж байна вэ гэж асуухад 1 сая 484 мянган төгрөгөөс нэмэгдлүүдийг бодно гэсэн тайлбар өгсөн. Энгийн логикоор бодоход, хэрэв үндсэн суурь цалин 50 хувиар нэмэгдэж байгаа юм бол үүн дээр дагаад бүх нэмэгдлүүд ч мөн адил 50 хувиар нэмэгдэх ёстой. Тэгж байж бидний хийсэн тэмцэл, тохиролцооны бодит үр дүн гарна.
Гэтэл бодит байдал дээр миний цалин ердөө 300 орчим мянган төгрөгөөр л нэмэгдсэн байна. Тэр нэмэгдсэн дүнгээс нь татвар ч бас авч байгаа. Яг үнэнийг хэлэхэд эрх баригчид багш, эмч нарын хөдөлмөрөөр тоглож байна гэж л харагдаж байна. Хэлсэн ярьсандаа хийсэн тохиролцоондоо хүрэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Бүхэл бүтэн улс байж, албан ёсоор хэлэлцэн тохиролцсон зүйлдээ хүрэхгүй, ингэж хулхидаж байгаад үнэхээр гутарч байна. Гэхдээ багш нар энэ асуудлыг байнга яриад, тэмцээд явж чадахгүй. Олон багш нар багш гэдэг сайхан алдар нэрээ бодоод дуугүй, чимээгүй л ажлаа хийсээр байна.

Цалингийн дэлгэмэлээ харьцуулж үзэхэд бодит нэмэгдэл нь 200 гаруй мянган төгрөг, үндсэндээ 10 орчим хувь л нэмэгдсэн байна

undefined
Боловсролын салбарт 28 дахь жилдээ ажиллаж байгаа 31-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Алтанцэцэг: Өмнө нь бидний үндсэн цалин 1 сая 484 мянган төгрөг байсан. Сая нэмэгдээд 2 сая 226 мянга болсон нь үнэн. Гэхдээ цалин нэмэгдлээ гээд бодит байдал дээр нэмэгдлүүдийн тооцоо асуудалтай хэвээр байна. Анги даалт 10 хувь, кабинет 5 хувь гээд нийт 15 хувийн нэмэгдэл байдаг. Үүн дээр төрийн албанд ажилласан 25 хувь, тэргүүлэх зэргийн 15 хувийг нэмэхээр нийтдээ 40 хувийн нэмэгдэл авдаг. Асуудал нь хамгийн их дүнтэй эдгээр нэмэгдлүүд шинэ, нэмэгдсэн цалингаас биш хуучин 1 сая 484 мянган төгрөгийн суурь дүнгээс бодогдож байгаа юм. Тиймээс цалингийн дэлгэмэлээ харьцуулж үзэхэд бодит нэмэгдэл нь 200 гаруй мянган төгрөг, үндсэндээ 10 орчим хувь л нэмэгдсэн байна.
Багш хүн ажилд ороод эхний жилээсээ төрийн албанд ажилласны 1 хувийг авч эхэлдэг, хоёр дахь жилдээ 2 хувь гээд 25 жил ажиллах хүртлээ 25 хувьд хүрдэг. Харин 26 дахь жилээс хойш энэ хувь нэмэгддэггүй.
Би олон жил ажилласан учраас боломжит бүх нэмэгдлүүдээ авч байгаа. Гэсэн ч цалин маань амьдралд хүрэлцдэггүй хэвээр. Багшийн ажил өөрөө маш өндөр ачаалалтай. Үндсэн норм нь 19 цаг байхад би өнөөдөр 30 цагийн хичээл зааж байна. Ингээд гар дээрээ авч байгаа цалин маань 2 сая 600 мянган төгрөг. Хэрэв нэмэгдсэн үндсэн цалингаас бүх нэмэгдлүүдийг нь зөв бодож өгсөн бол ядаж эхний ээлжинд боломжийн байна гэж хэлэхээр байлаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн