Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Б.Дашпүрэв: Цаашид олборлосон бол боловсруулах ёстой гэх бодлогын чиглэлд шилжинэ

Б.Дашпүрэв: Цаашид олборлосон бол боловсруулах ёстой гэх бодлогын чиглэлд шилжинэ
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 9
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарлажээ. Тус салбар нь улсын нийт орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувь, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг стратегийн ач холбогдолтой тул хууль, эрхзүйн орчныг шинэчлэх шаардлагатайг онцолсон юм. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай хуулийг шинээр батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг аль хэдийн батлуулаад байна.
Маргаашнаас эхлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран уул уурхайн холбоодтой хамтран улс даяар 21 аймагт Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд газрын тос, ашигт малтмал, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох бүх оролцогч талуудыг хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа гол шалтгаан нь хууль тогтоомж батлагдах өөрийн гэсэн үе шат, процесс байдагтай холбоотой. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын эдийн засагтай салшгүй уялдсан маш чухал хууль юм. Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах үед иргэдийн зүгээс эсэргүүцэл, үл ойлголцол гарах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс өмнө нь мөрдөгдөж ирсэн Ашигт малтмалын тухай хуульд яагаад өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага үүссэн талаар мэргэжлийн хүмүүс тал бүрээс нь тайлбарлаж, ойлгуулж, иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах зорилго тавьж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ын хуваарилалтыг илүү зөв, шударга болгох, уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг сайжруулах чиглэлд тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Ингэснээр орон нутгийн иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдэх юм. Тухайлбал, АМНАТ-ын төлбөрийн 20 хувийг тухайн төсөл хэрэгжиж буй суманд, 10 хувийг аймагт нь хуваарилах саналыг төсөлд тусгаад байна. Энэ нь иргэд хариуцлагатай уул уурхайг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд өндөр хариуцлага тооцож, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө хугацаанд нь бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг үндэслэн дараагийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх эсэхийг шийдэх зарчим баримтална. Цаашлаад олборлосон бол боловсруулах ёстой гэсэн бодлогын чиглэлд шилжиж, уул уурхайн салбарыг илүү тогтвортой, хариуцлагатай хөгжүүлэхийг зорьж байна.
Одоогийн эрхзүйн орчныг хэвээр хадгалбал 2050 он гэхэд уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Харин зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өнөөгийн түвшинд хадгалж чадвал салбарын хөрөнгө оруулалт одоогийн хэмжээнд тогтвортой байх боломжтой гэж үзэж байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд татварын хувь хэмжээг тодорхой хэмжээнд хөнгөлөх шаардлага үүсэх юм. Үүний зэрэгцээ салбарт хөрөнгө оруулалт татах бодлогыг татварын орчноор дэмжихийн тулд татварын хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ бий болоод байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн