Олимпын наадам дөхөхтэй зэрэгцэн олны анхаарлыг татдаг нэгэн сэдэв бол тамирчдын хувцас өмсгөл билээ. “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадам тун удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан баг, тамирчдын хувцас өмсгөлийг сонирхон шинжих хүмүүсийн тоо ч олширдог.
Тэгвэл “Гоёл Кашмер”-ын урласан манай улсын баг, тамирчдын өвлийн олимпын хувцас интернэт орчинд олон улсын анхаарлыг татаж, шуугиан тариад байна. Интернэт хэрэглэгчид хувцасны жинхэнэ монгол шинж, хүчтэй үндэсний онцлогийг тодотгож, дэлхийн спортын тайзнаа Монголын төрхийг тод харуулж чадсаныг онцолжээ.
Интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлүүдээс:
Монголын олимпын хувцаснууд үргэлж гоё байх юм.
Зуны олимпын хослолууд ч бас үнэхээр гайхалтай байсан. Өвлийн олимпод ч дахиад үүнийгээ харуулжээ. Хэлэх ч үг алга, үнэхээр гайхалтай.
Сүүлийн үед Монгол Улс дэлхийн тавцанд өөрийн нэр хүнд, имиж дээрээ маш идэвхтэй ажиллаж байгааг та нар анзаарсан уу? Сүүлийн хоёр жил үнэхээр гоё өнгө төрхтэй спортын хувцас хийж байна. Бас Азийн спортын телевизийн шоунд (Physical Asia) монгол баг оролцож байсныг харсан, өнгөрсөн жил монгол киног ч нэлээн сурталчилсан санагдаж байна.
Монголчуудад их атаархаж байна. Соёлоо ингэж хүчтэй хадгалж, хийж байгаа бүх зүйлдээ шингээж, хүндэлж чаддаг нь үнэхээр гайхалтай.
Ямар гоё өнгө төрх вэ, ямар сайхан үндэсний соёлыг илэрхийлж чадсан хувцас болоо вэ. Үнэхээр супер! Хараад л шууд “Монгол” гэж танигдаж байна.
Яг л нэг ард түмний бүх түүхийг өгүүлсэн юм шиг загвар болжээ.
“Гоёл Кашмер” энэхүү загвараа танилцуулахдаа "Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг бид машид зорив. Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе болох XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснээрээ онцлогтой" гэжээ.
Манай улсын баг, тамирчдын олимпын хувцас ийнхүү олны анхаарал татсан нь анхны тохиолдол биш. 2024 оны Парисын Олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцас мөн л олны анхаарлыг татаж, загвар сонирхогчдын дунд өндөр үнэлгээ авсан. Энэхүү загварыг "Michel & Amazonka" брэнд урлаж байв. Олон улсын тоймчид уг загварыг Олимпын хамгийн сонирхолтой хувцаснуудын нэг хэмээн нэрлэж, үндэсний өнгө төрхийг орчин үеийн чиг хандлагатай амжилттай хослуулсан хэмээн үнэлж байсан юм. Түүнчлэн “Монголын баг хувцсаараа аль хэдийн ялалт байгуулчихлаа” гэх сэтгэгдлүүд интернэт орчинд давамгайлж байлаа.

2024 оны зуны олимпын наадмын хувцас
Олимпын наадамд оролцож буй улс орнууд баг, тамирчдынхаа өмсөх хувцсанд үндэсний хэв шинж, онцлогоо шингээхийг зорих нь элбэг. Тэгвэл энэ удаагийн өвлийн олимпод ч энэ хандлага тод томруун ажиглагдаж байна. Энэ талаар онцолсон “Chosunbiz” мэдээллийн сайт дээр гарсан нийтлэлийн хэсгээс хүргэе.
Энэ удаагийн өвлийн олимп дэлхийн загварын төв Миланд зохион байгуулагдаж буйгаараа онцлог тул талбайн дотор ч, гадна ч тансаг загварын брэндүүдийн өрсөлдөөн ширүүн байх төлөвтэй байна. Брэнд бүр өөрийн өвөрмөц хэв маяг, брэндийн үнэт зүйлсийг дэлхийн спортын фенүүдэд харуулахын зэрэгцээ Олимпыг маркетингийн том боломж болгон ашиглаж, шинэ зах зээлийг эрэлхийлж байна.
Мөн Милан–Кортинагийн Олимпын зохион байгуулах хороо Италийн загварын домог Жоржио Арманид зориулсан хүндэтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан нь энэ олимп загварт урьд өмнөхөөсөө илүү анхаарал хандуулж буйг харуулж байна гэлтэй.
Үндэсний брэндүүд Миланд цугларлаа
АНУ-ын уламжлалт брэнд "Ralph Lauren" 2008 оны Бээжингийн Олимпоос хойш АНУ-ын багийн хувцсыг хийж ирсэн бөгөөд энэ удаа 10 дахь удаагаа хариуцаж байна. Нээлтийн ёслолын хувцас нь зааны ясан өнгийн ноосон пальто, Америкийн далбаанаас сэдэвлэсэн сүлжмэл эдлэлтэй, тайван хэрнээ дэгжин өнгө аяс бүхий дизайнтай аж. AP News “Ralph Lauren АНУ-ын багийн хувцсаар дамжуулан уламжлалт америк хэв маягийг тогтвортой харуулж ирсэн” гэж бичжээ. Харин 2012 оны Лондонгийн Олимпын үеэр тэдний хувцас Хятадад үйлдвэрлэгдсэн нь маргаан дэгдээж байв.
Канадын Ванкувер хотод байгуулагдсан "Lululemon" Канадын багийн хувцсыг гурав дахь удаагаа зохион бүтээжээ. Тус брэнд “Милан хотын уур амьсгал болон уулын бүсэд орших Кортинагийн температурын ялгааг харгалзан дулаан зохицуулалтад анхаарсан” гэж мэдэгдсэн юм. Загварт агч навч зэрэг үндэсний бэлгэдлийг шингээсэн бөгөөд паралимпын тамирчдад зориулж соронзон цахилгаан товч, брайль бичиг, сууж өмсөхөд тохирсон хээ загварыг ашигласан байна.
1882 онд байгуулагдсан Францын спорт загварын брэнд "Le Coq Sportif" Францын багийн хувцсыг урласан бөгөөд хөх, цагаан, улаан өнгийн “триколор” бэлгэдлийг шингээжээ. Харин 2024 оны Парисын Олимпод "Louis Vuitton" группийн Berluti Францын багийн хувцсыг хариуцаж байв.
Ноос, ноолуурын брэнд "Гоёл Кашмер" Монгол Улсын багийн нээлтийн ёслолын хувцсыг урлахдаа Монголын эзэнт гүрний үеэс сэдэвлэн бүтээжээ. 2024 оны Парисын Олимпод Монголын багийн уламжлалт дээлнээс санаа авсан ёслолын хувцас олон улсын анхаарлыг татаж, “Олимп эхлэхээс өмнө алтан медаль авлаа” гэх үнэлгээ хүртэж байв.
Японы спорт брэнд "Asics" Японы багийн хувцсыг гадна, дотор орчны ялгааг харгалзан урласан бол Шинэ Зеландын уулын спортын брэнд "Kathmandu" анх удаа Шинэ Зеландын багийн хувцсыг хийжээ. Өмнөд Солонгосын багийн хувцсыг тендерийн журмаар "The North Face" хариуцсан байна. Мөн Францын уулын спортын брэнд "Salomon" нь бамбар баригчид, сайн дурын ажилтнууд зэрэг 18 мянган үйл ажиллагааны ажилтны дүрэмт хувцсыг урласан байна.