Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ жил дөрөв дэх удаагаа болж байна. “Амар байна уу–2026” үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Судалгаагаар монголчууд сар шинийн баярын хэрэгцээндээ жил бүр 1.3 их наяд төгрөг зарцуулдаг бөгөөд үүний 70 гаруй хувь нь импортын бүтээгдэхүүнд ноогдож, гадагш урсаж байна. Иймээс уг мөнгийг дотоодын зах зээлд үлдээж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний борлуулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн үндэсний бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Оролцогчдоос түрээсийн төлбөр авахгүйгээр дэмжихээр шийдвэрлэсэн юм. Үзэсгэлэн “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны бэлтгэл, үр өгөөж, бизнесийнх нь талаар тодруулах зорилгоор гурван бизнес эрхлэгчтэй уулзаж ярилцлаа.
Дорнод аймгийн Хэрлэн сумын эсгий урлаач Н.Мөнх-Эрдэнэ: "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд энэ жил анх удаа оролцож байна. Эсгий урлалаар 2020 оноос хойш бүтээл туурвиж эхэлсэн. Харин 2024 оноос уран зургийн чиглэл рүү илүү гүн орж, Долгормаа багшийн сургалтад суун, мэргэжлийн түвшинд бүтээлүүдээ хийж байна.
Би ЖДҮ төвийн бойжигч бөгөөд хажуудаа Цолмонсүрэн, Алтаа эгч нартай хамтран ажилладаг. Ковидын үед хийж байсан үйл ажиллагаа маань зогсож, цаашид юу хийх вэ гэж их бодсон. Тэгээд интернэтээс хайж байгаад Ариунаа багшийн савангийн сургалтад суусан. Ариунаа багш өөрөө эсгий урлалын чиглэлээр бүтээл туурвидаг хүн байсан учраас эсгий урлалын анхан шатны сургалтад сууж, энэ урлагт жинхэнээсээ дурлаж эхэлсэн.
Манай урлан эсгий урлал, уран хатгамлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би өөрөө дангаараа зөвхөн эсгий урлалаар ажилладаг, өөр зүйл давхар хийдэггүй. Ер нь бол хоббигоо бизнес болгосон гэж хэлж болно. Хүн дурлаж, сонирхож байгаа зүйлдээ тууштай байж, хөдөлмөрлөж чадвал илүү олон сайхан бүтээл туурвиж, амжилт гарна гэж итгэдэг.
"Амар байна уу" үзэсгэлэнд голдуу гар зураг, хүүхдийн хантааз, даллаганы уут, түлхүүрний оосор, төрөл бүрийн сувенир, мөн эсгий малгайнууд авчирсан. Миний хамгийн их цаг зарцуулсан бүтээл бол эвт дөрвөн амьтан сэдэвт бүтээл бөгөөд бүтэн сарын хугацаанд хийсэн. Ер нь гар урлалын бүтээл их цаг шаарддаг, тэр дундаа шивүүрийн урлаг бол маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг урлаг. Би өөрөө хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Мөн би Дорнод аймагт эсгий урлалын сургалтууд зохион байгуулдаг. Нийслэлээс Долгормаа багшийг урьж, арваннэгдүгээр сард сургалт явуулсан. Сургалтууд тогтмол үргэлжилж, олон хүн амжилттай суралцаад өөрсдийн бүтээлээ хийж эхэлж байна.
Эсгий урлалаар бүтээл туурвиж эхэлснээс хойш уламжлалт түүх, бэлгэдлийн талаар илүү гүнзгий судалж эхэлсэн. Жишээ нь, өлзий хээ эрт дээр үед оройн дэм гэж нэрлэгддэг байсан юм билээ. Монголчууд өлзий хээг орой дээрээ залаад, биднийг дэмнэх хээ гэж бэлгэддэг байсан. Тиймээс би өөрийн урлангаа Оройн дэм гэж нэрлэсэн. Өлзий хээ босоо байвал тэгш дүүрэнг, хөндлөн байрлавал олз омог их, буян хишиг арвижихыг бэлгэддэг 10 нүдэн хээтэй байдаг.
Дэм дэмэндээ нэртэй аян зүүн гурван аймагт явагдаж, энэ хүрээнд олон уран бүтээлч манай урланд бүтээлээ байршуулах талаар ярилцсан. Манай авга ах хүртэл өөрийн бүтээлээ манай урланд тавьдаг. Бид аль болох монголын өв уламжлал, уламжлалт урлалын чиглэлийн бүтээл хийхийг зорьдог. Би ганц хүүтэй. Хүү минь ч бас шивүүрийн урлалаар бүтээл хийдэг. Ингэж гэр бүлээрээ монгол урлал, уламжлалаа өвлүүлэн авч яваагаараа бахархдаг юм.
Хөөрөг урлаач Ш.Гаваачимэд: Чулуугаар бүтээл туурвиж эхлээд 30 гаруй жил болж байна. Манай аав дархан хүн байсан. Харин чулуугаар урлах ухааныг би бие даан, бусдаас суралцаж эзэмшсэн. Энд миний бүтээлүүдээс Орос ногоон хашаар хийсэн гуаша, мөн эмэгтэйчүүдийн зүүлтнүүд бий. Эдгээрийн мөнгө нь жинхэнэ мөнгө бөгөөд би өөрөө мөнгөлж хийдэг.
Чулуунуудын хувьд өөр өөрийн онцлог, хэрэглээтэй. Жишээ нь, чүнчигноров чулууг элэг, цөс, дотрын өвчинд хэрэглэдэг. Өвөрмонголчууд энэ чулууг нунтаглаж, тан хийж хэрэглэдэг уламжлалтай. Цэхэр мана чулууг нүдний өвчин, нүд улайлтад хэрэглэдэг бөгөөд нүдэн дээр жин тавьж хэрэглэдэг юм. Гартаам мана бол маш ховор чулуу. Монголчууд эртнээс үнэ цэнтэйд тооцож ирсэн бөгөөд саажилт, цус харвалтын дараах үед массаж хийж хэрэглэхэд тохиромжтой. Манай Монгол нутгаас ийм өнгөт гоёлын чулуунууд олддог. Харин гадаад чулуу гэвэл Афганистанаас гардаг лабродор гэж чулуу бий. Дотоодын чулуунуудын ихэнх нь говийн бүсээс олддог.
Би олон жилийн өмнө хөдөө томилолтоор их явдаг байсан. Тэр үедээ эдгээр чулуунуудаа өөрөө хайж, түүж цуглуулсан. Чулууг хэт их түүх шаардлагагүй, 20 гаруй шуудай чулуу цуглуулсан хүн бараг бүх насаараа хэрэглэх боломжтой. Чулуу амархан олдоод байдаггүй. Миний одоо ашиглаж байгаа чулуунуудын ихэнх нь 1980-аад онд цуглуулсан чулуу. Анх аквариумд хийх зорилгоор авч байсан ч одоо үлдсэнээр нь эд зүйл, хөөрөг урлаж байна.
Замагтай манаар хийсэн хөөргийг манайхан хатан хөөрөг гэж нэрлэдэг. Богд хааны музейд ч хадгалагддаг бөгөөд Дондогдулам хатан барьж байсан гэдэг. Энэ бол эмэгтэйчүүд барьдаг хөөрөг. Мөн говийн цагаан шүр чулуугаар хийсэн хөөрөг бий. Энэ чулууг хэт нимгэлж болдоггүй, дотор талаасаа гэрэлтдэг онцлогтой.
Гүйдэлтэй мана чулуугаар хийсэн хөөрөг ч бий. Үүнийг гүйдэлтэй гартаам гэж ярьдаг. Чулууны судал нь гэрлийн хугарлаас шалтгаалаад нэг харагдаж, нэг харагдахгүй болдог. Ягаан мана Монголд нэн ховор. Баруун аймгийнхан үүлэн мана гэж нэрлэдэг бол сүүлийн үед тархи мана ч гэж нэрлэх болсон. Шулуун судалтай болоод ирэхээр гартаам гэж нэрлэдэг. Ийм судалтай, тархи мана бүхий хөөрөг гэдэг бол маш ховор чулуугаар хийгдсэн гэсэн үг.
Чулууг ер нь гоёлын чулуу, өнгөт гоёлын чулуу, үнэт эрдэнийн чулуу гэж ангилдаг. Халтар мана чулуугаар хийсэн хөөрөг бол одоо надад байгаа хөөргөнүүдээс хамгийн үнэтэй нь. Гартаам судалтай, дээр нь ямар нэгэн амьтны дүрс тогтсон мэт хээтэй учраас дахин давтагдашгүй бүтээл болсон. Нуух нь алт, халтар мана учраас үнэ цэн нь өндөр. Энэ хөөрөг 3 сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Дахин яг ийм хөөрөг хийгдэнэ гэж байхгүй, тиймээс эхэлж ирж авсан хүн л азтай.
Хөөрөг бол анхнаасаа монголчуудын үндэсний хэрэглээ байсан гэж шууд хэлэхэд хэцүү. Манай улсад шашинтай холбоотойгоор 1300–1400 оны үед орж ирж, өргөн дэлгэрсэн. Харин археологийн олдвороос үзэхэд үүнээс ч өмнө, ойролцоогоор 1000 жилийн өмнө хэрэглэгдэж байсан нь булшнаас олддог. Харин 1400 оноос хойш жинхэнэ утгаараа үндэсний хэрэглээ, өв хөрөнгө болон тогтсон гэж үздэг.
Өнөөдөр 20–30 сая, бүр 100 сая төгрөгийн үнэтэй хөөргүүд ч бий. Энэ бол үл хөдлөх хөрөнгөтэй адил үнэ цэнтэй эд. Миний энд байгаа бас нэг онцгой бүтээл бол цагаан хаш чулуугаар хийсэн хөөрөг. Толгой нь улаан чүнчиггоров чулуу бөгөөд энэ нь маш ховор чулуу юм. Тиймээс "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, дахин давтагдашгүй, ховор нандин чулуун бүтээлүүдийг сонирхон үзэж, сонгон үйлчлүүлэхийг ард иргэддээ уриалмаар байна.
Дархан-Уул аймгийн Баян зөгий хоршооны гишүүн Д.Жамъян: Зөгийн аж ахуй эрхлээд 15 гаруй жил болж байна. Эмч хүн байсан болохоороо эрүүл, цэвэр бүтээгдэхүүн хийж, хүмүүст хүргэхийг үргэлж зорьдог. Ер нь их хөдөлгөөнтэй, ажилтай байх дуртай хүн. Цаг наргүй ажиллах үед уйдах завгүй, сэтгэл санаа ч сайхан байдаг. Хөдөлмөрлөж, өөрийн гараар хийж бүтээсэн зүйлээ хараад баясах нь эрүүл мэндэд хүртэл эерэг нөлөөтэй санагддаг. Тиймээс тэтгэвэртээ гараад хашаандаа нарийн ногоо тарьж, зөгий маллаж эхэлсэн. 2012 оноос зөгий маллаж, 2015 оноос ногоо тарьж байна.
Би зөгий маллах таван сарын сургалт, курсэд хамрагдаж, чадамжийн гэрчилгээ авсан мэргэжлийн зөгийчин. Анх зөгий маллаж эхлэхэд сайн мэдэхгүй учраас янз бүрийн асуудал гарч байсан. Зөгий гэдэг чинь яг л нялх хүүхэд шиг их анхаарал, арчилгаа шаарддаг амьтан. Яаж арчлах, хаана бэлчээж тавих вэ гэдгийг сайн мэдэж байж л амттай, чанартай зөгийн бал авна.
Зөгий ихэвчлэн цэцэг, тэр дундаа эмийн ургамлын амтат шүүснээс балаа цуглуулдаг бөгөөд хаа хамаагүй цэцэгнээс бал авдаггүй. Хүмүүс заримдаа сахар хийдэг юм уу гэж асуудаг. Би огт сахар хийдэггүй. Зөгий өөрөө эмийн ургамал, цэцэгнээсээ амтат шүүсээ цуглуулаад ирдэг. Хаана ямар балт ургамал байна, түүнийг мэдэж байж зөгийнхөө бэлчээрийг сонгоно. Зөгий байгалийнхаа энергээр бэлчээртээ явчхаад, балтайгаа буцаад ирдэг нь үнэхээр гайхалтай.
Зөгий асар их хөдөлмөрлөдөг амьтан. Нэг зөгий ойролцоогоор мянган цэцгэн дээр сууж байж ганц дусал бал цуглуулдаг. Зөгий байгальд маш чухал үүрэгтэй. Ургамлын тоос хүртээж, байгалийг сэргээдэг. Харин зөгийн бал нь хүний эрүүл мэндэд маш тустай. Харшил, үрэвсэл, шарх, соривоос эхлээд гоо сайхны арчилгаанд хүртэл хэрэглэдэг.
Одоо 15 бүл зөгий маллаж, тэднээсээ бал авч, хувиараа хөдөлмөрлөж байна. Орхон суманд 400 гаруй өрх зөгийн бал үйлдвэрлэдэг бөгөөд манай Баян зөгий хоршоо гэхэд 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.