Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж нас барсан иргэдийн ар гэрийнхэн төрөөс аав, хүү, ханийнхаа амийг нэхэмжилнэ

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж нас барсан иргэдийн ар гэрийнхэн төрөөс аав, хүү, ханийнхаа амийг нэхэмжилнэ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 23
Дүнжингаравын дэлбэрэлтээр амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Тэд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа бөгөөд уг шаардлагадаа цаг бусаар амь насаа алдсан хүү, аав, ханийнхаа амийг Монголын төрөөс нэхэмжилж байна гэлээ. Мөн уг ослоор амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхнийг нэн яаралтай хүлээн авч уулзахыг шаардаж байгаа аж. Мэдэгдлийн хариуг нэгдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг шаардлаа.
Аюултай ачаа тээврийг хүн ам ихээр суурьшсан хотхон, хороолол дундуур тээвэрлэж байгаа нь иргэдийг наад захын стандартгүй хотод амьдруулж байгааг, гэнэтийн осолд төр засаг бэлэн биш байгааг энэ осол харуулсан гэдгийг тэд хэллээ.
2024 оны нэгдүгээр сарын 23-24-ний хооронд шилжих шөнө болсон дэлбэрэлтээс иргэн нас барсан. Онцгой байдлын 3 албан хаагч, энгийн 4 иргэн нас барсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэдийн ар гэрийнхнээс Монголын төр уучлалт ч гуйгаагүй гэдгийг хэллээ.
Дэлбэрэлт болсны дараа амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхний сэтгэл санааны хохирлыг үнэлэхгүй гэж байсан ч 2 жилийн дараа сэтгэцэд учирсан хохирлоо үнэлүүл гэжээ. Мөн дэлбэрэлтэд өртөж шатсан 207 дугаар байрын иргэдэд сар бүр байрын түрээс өгч, байрыг нь шинээр барьж өгч байж хүнээ алдсан иргэдээ тоохгүй, хайхрахгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Хохирогч Н.Сарантуяа: Миний хүүг Э.Сэргэлэнбаатар гэдэг байсан. Тухайн үед 18 настай байсан. Монгол Улсдаа ихийг бүтээж, үр хүүхэд төрүүлж өсгөх байсан. Гэтэл миний хүү энэ эрхээ эдэлж чадсангүй. Миний хүү энэ хорвоогоос цаг бусаар одсонд Монгол Улсын төр Засгийн газар буруутай гэж үзэж байгаа. Өнөөдөр Дүнжингаравын уулзварыг зассан. Төрийн буруу байсан учраас тэр замыг зассан.
Төр засгийн буруугаас хайртай хүү, аав, нөхрөө алдсанд харамсаж, гашуудаж тэднийхээ амь насны төлөөсийг Монголын төрөөс нэхэмжилж байна. Амь хохирогсдын ар гэрийнхэн биднийг нэн яаралтай хүлээн авч уулзахыг хүсэж байна.
Дахиад ийм аймшигтай осол гарахгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн ард түмэндээ амлаж чадах уу. Дахиж ийм осол гарахгүй гэсэн баталгаа байгаа юу.
undefined
Хохирогч С.Батчимэг: Би Дүнжингаравын ослоор нөхрөө алдсан. 3 хүүхэдтэй. Осол гарснаас хойш нэг жил ажил хийх ямар ч боломжгүй болсон. Сүүлийн нэг жил надад яваагүй газар үлдсэнгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэг удаа, Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад 3-4 удаа, Шадар сайд С.Амарсайханд 2-3, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт олон удаа хандсан. 
Төрийн өндөр албан тушаалтнуудад уулзах хүсэлтээ удаа дараа гаргаад биднийг хүлээж аваагүй. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ өгсөн ч уулзах боломжгүй, дараагийн шатны байгууллагад хандана уу гэдэг тайлбар бичиг өгсөн.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн