Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50 хувиар нэмэгдүүлжээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын яамнаас шинэ багш болон 20-оос дээш жил ажилласан багшийн жишээгээр цалингийн тооцооллыг танилцуулав.
Цэцэрлэгийн багшийн цалингийн нэмэгдэл
Боловсролын яамны мэдээлснээр, цэцэрлэгт нэг жил ажиллаж буй шинэ багшийн үндсэн цалин 2025 оны нэгдүгээр сард 1,559,000 төгрөг байсан бол 50 хувийн нэмэгдлийн дараа 2,338,500 төгрөг болж өссөн байна. Үндсэн цалин дээр орон нутгийн болон бусад нэмэгдэл, мөн гүйцэтгэлийн үнэлгээг хамгийн өндөр түвшинд авсан тохиолдолд тухайн багш өмнө нь 3,078,119 төгрөгийн цалин авдаг байсан бол одоо 3,993,578 төгрөгийн цалин авах тооцоолол гарчээ. Харин цэцэрлэгийн багшаар 20-оос дээш жил ажилласан хүний хувьд өмнө нь 3,623,769 төгрөгийн цалин авч байсан бол шинэ нэмэгдлийн дараа 4,539,228 төгрөгийн цалин авах юм.
ЕБС-ийн багшийн цалингийн нэмэгдэл
Ерөнхий боловсролын сургуульд анхны жилдээ ажиллаж буй шинэ багшийн үндсэн цалин 1,484,000 төгрөг байсан бөгөөд нэмэгдлүүд болон гүйцэтгэлийн үнэлгээгээрээ хамгийн өндөр оноо авсан тохиолдолд 3,152,637 төгрөгийн цалин авдаг байжээ. Харин цалин 50 хувиар нэмэгдсэнээр уг багшийн цалин 4,135,356 төгрөгт хүрэхээр байна. Мөн ЕБС-д 20-оос дээш жил ажилласан багшийн цалин өмнө нь 3,746,237 төгрөг байсан бол шинэ тооцооллоор 4,728,956 төгрөг болж нэмэгдэх аж.
Тэгвэл Боловсролын яамнаас гаргасан энэхүү мэдээлэл хэр бодит тусаж байгааг нийслэлийн болон орон нутгийн ЕБС-ийн багш нараас тодрууллаа.
Нийслэлийн ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш: Боловсролын салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна. Анх багш мэргэжлээр ажилд ороход миний цалин 749,728 төгрөг байсан. Харин одоо үндсэн цалин маань 1,484,000 төгрөгт хүрсэн. Одоогоор 9 дүгээр анги дааж ажилладаг, манай анги 36 сурагчтай. Мөн 11 дүгээр ангид хичээл заадаг. Манай сургуулийн 11 дүгээр ангиуд бүгд 40-өөс дээш сурагчтай, анги дүүргэлт ихтэй юм. Үүнээс шалтгаалаад ажлын ачаалал маш өндөр байдаг.
Багш нарын ажил зөвхөн хичээл заахаар хязгаарлагддаггүй. Өдөр тутамдаа ээлжит хичээлийн бэлтгэл хангах, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, дэвтэр шалгах, шалгалтын материал засах, судалгаа шинжилгээ хийх, сургалт, давтлага зохион байгуулах, анги даасан бол ангийн сурагчидтайгаа ажиллах, эцэг эхчүүдтэй уулзах, сурагчдын судалгаа нэгтгэл хийх, хүмүүжил төлөвшлийн ажил зохион байгуулах, сургууль болон олон нийтийн үйл ажиллагаанд ангиа удирдан оролцох зэрэг ажлууд эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Энэ бүх ачааллыг бодоход авдаг цалинтайгаа харьцуулшгүй санагддаг.
Ажил хаялтын үеэр Засгийн газраас багш нарын цалинг нэмэгдүүлнэ гэж амласан. Гэвч одоогоор нэмэгдсэн цалингаа гар дээрээ аваагүй байна. Улаанбаатар хотын багш нарын жишээг бодитоор гаргах хэрэгтэй. Нийслэлийн багш нар орон нутгийн нэмэгдэл авдаггүй. Гэтэл 300 мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гэж ажил хаялтын үеэр амласан. Тэр мөнгө хаана байна вэ. Төсөвт суусан гэж яригдсан, өнөөдөр хүртэл багш нар гар дээрээ харсан юм алга. Нэгдүгээр сарын урьдчилгаа цалин нэмэгдээгүй дүнгээр, 600 мянган төгрөг орсон. Сарын сүүлээр цалин нэмэгдсэн дүнгээрээ орно гэж найдаж, хүлээж сууна.
Орон нутгийн ЕБС-ийн монгол хэлний багш: Багш нарын цалинг бодохдоо үндсэн цалингаас бүх нэмэгдэл, урамшууллыг тооцдог байх ёстой. Ялангуяа төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 жил дээр тогтоочихсон биш, 30 хувь болгох хэрэгтэй. Улсад хэдэн жил ажилласнаар нь шатлалтай, хувь тооцож олгодог байх нь илүү шударга. Олон жил зүтгэсэн ахмад багш нар одоогийн зохицуулалтаар хамгийн их хохирч байгаа юм.
Одоогийн задаргаа бодит амьдралд нийцэхгүй байна. Яагаад нэмэгдлүүдийг үндсэн цалингаасаа биш, хуучин нэрлэсэн дүнгээр бодоод байгаа юм бэ гэдэг ойлгомжгүй. Тэгээд дандаа хамгийн дээд буюу 20 жил ажилласан, тэргүүлэх зэрэгтэй, кабинет, илүү цагтай багшийн жишээгээр олон нийтэд мэдээлэл өгдөг. Гэтэл бодит байдал дээр бүх багш тэргүүлэх зэрэггүй, бүгд кабинет, илүү цагтай биш. Одоо ажиллаж байгаа багш нарын хэдэн хувь нь 20 жил ажилласан юм бэ гэдгийг ч тооцоогүй мэдээлэл олон нийтэд цацагдаж байна.
Цалинг ярихдаа заавал татвар суутгасны дараах бодит гар дээр авдаг дүнг хэлэх хэрэгтэй. Нэмэгдсэн гэж яригдаж байгаа дүн бодит байдал дээр багш нарын гар дээр орж ирэх цалинд хүрэхгүй байна. Максимум жишээгээр ярьж байгаа 50 хувь нь ихэнх багш нарт огт хамаарахгүй. Мөн цалинг нэмэхдээ боловсролын салбарын ТҮ-5, 6, 7, 8, 9, 11-ээр цалинждаг олон ажилтныг орхигдуулсан. Хүний нөөц, ХАБЭА, дотоод чанарын баталгаажилт, статистик, цахим тоног төхөөрөмж, соёл урлаг хариуцсан гээд сургуульд зайлшгүй хэрэгтэй маш олон хүний цалинг огт тусгаагүй нь шударга бус. Өнөөдөр багш нар нэг сар шахам цалингаа бүрэн авч чадахгүй, мөнгөний бараа харахгүй сууж байна. Хүүхдийнхээ сүү, живхийг ч авч өгч чадахгүй байдалд орсон багш нар цөөнгүй.
Багш нар гар дээрээ авах цалин нь 76 хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл нэмэгдэл, урамшууллын зарчмыг өөрчилж, хувь биш нэрлэсэн дүнгээр олгодог болгосноор шинэ, залуу багш нарт ээлтэй ч олон жил ажилласан багш нарт эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь багшийн мэргэжлээр удаан ажиллах урам зоригийг мохоож байгаа юм. Эцэст нь хэлэхэд бодит байдал багш нар сарын сүүлийн цалингаа аваад цалингийн хуудсаа харах үед л тодорхой болно. Одоогийн яригдаж байгаа тоонууд бодит амьдралд нийцэхгүй, нэг талыг барьсан, худал хүлээлт үүсгэж байна. Нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх нь чухал байна.
Багш нарын үйлдвэрчний эвлэлээс багшийн цалинг бодох суурь, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг тооцох үйл явцад үүссэн бодлогын зөрчил, бодит хүндрэлүүдийн талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Нэгдүгээрт. Цалингийн хоёр өөр суурь тогтоосон нь эрх зүйн зөрчил үүсгэж байна
Одоогийн зохицуулалтаар багшийн цалинг тооцоход хоёр өөр суурийг зэрэг ашиглаж байгаа нь бодлогын зөрчилдөөн үүсгэж байна. Тодруулбал, Засгийн газраас тогтоосон доод цалин 1,484,000 төгрөг байхад Боловсролын сайдын баталсан салбарын цалинг 2,226,000 төгрөгөөр тооцож байна. Ингэснээр ижил ажил, ижил ачаалалтай багш нарын цалин өөр өөр суурьт тулгуурлан бодогдож, цалингийн шударга, тэгш зарчим алдагдаж байна.
Хоёрдугаарт. Нэмэгдэл, нэмэгдэл хөлс бодох суурийн ялгаа багш нарын бодит орлогыг бууруулж байна
Төрийн алба хаасан хугацаа, хөдөө орон нутгийн болон мэргэжлийн зэргийн нэмэгдлийг тооцохдоо суурь цалин өөр өөр байгаагаас шалтгаалан багш нарын бодит орлого мэдэгдэхүйц багасч байна. Үүний улмаас багш бүр сард дунджаар 250–300 мянган төгрөгийн орлогын зөрүү, алдагдал хүлээж байгаа нь бодит нөхцөл байдал юм.
Гуравдугаарт. Туршлага, мэргэжлийн үнэ цэнийг үнэгүйдүүлж буй бодлогын дохио өгч байна
Мэргэжлийн зэрэг, ажлын туршлагад суурилсан нэмэгдэл урамшууллыг доод суурь цалингаас тооцож байгаа нь олон жил ажилласан, ур чадвартай багш нарыг бодитоор урамшуулах боломжийг хязгаарлаж байна. Энэ нь боловсролын салбарт хуримтлагдсан туршлага, мэргэжлийн ур чадварыг үнэгүйдүүлсэн, сөрөг бодлогын дохио болж байна.
Дөрөвдүгээрт. Ачаалалд суурилсан болон суурь үнэлгээний нэмэгдлийг ялгавартай хэрэглэж байна
Анги удирдсан, кабинет хариуцсан зэрэг ачаалалд суурилсан нэмэгдлийг салбарын 2,226,000 төгрөгийн сууринаас бодож байгаа нь зарчмын хувьд зөв боловч ур чадвар, туршлага, бусад нөхцөлд хамаарах нэмэгдлүүдийг 1,484,000 төгрөгийн доод сууриас тооцож байгаа нь логикийн болон бодлогын зөрчил үүсгэж байна. Ингэснээр багшийн цалин, ачаалал, ур чадварыг цогцоор нь үнэлэх нэгдмэл тогтолцоо байж чадахгүйд хүрч байна.
Тавдугаарт. Хөдөө, орон нутгийг дэмжих бодлогын зорилго сулран алдагдаж байна
Хөдөө орон нутагт ажиллах урамшуулал бодитоор буурч, туршлагатай багш нарын орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах сонирхол багасч байна. Үүний улмаас хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа тэлэх, боловсролын тэнцвэр алдагдах эрсдэл улам нэмэгдэж байна.
Зургаадугаарт. Бодлогын дүгнэлт хийж, яаралтай засварлах шаардлагатай байна
Дээрх нөхцөл байдлыг харгалзан багшийн бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нэг суурь цалин, тухайлбал салбарын цалингаас тооцдог нэгдсэн тогтолцоонд шилжих шаардлагатай гэж Багш нарын үйлдвэрчний эвлэл үзэж байна. Мөн нэмэгдэл бодох суурийг хууль, тогтоомжийн хүрээнд нэг мөр болгож, цалингийн шударга, ойлгомжтой, ил тод тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм.