АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг хянах зорилгоосоо “буцахгүй” хэмээн мэдэгдсэнтэй зэрэгцэн Европын удирдагчид түүний бодлогыг “шинэ колоничлол” хэмээн буруутгаж, Атлантын харилцаа түүхэн сорилттой нүүр тулсныг анхаарууллаа. Европын эсэргүүцлийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүлж байна.
Макрон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “одоо шинэ империализм, шинэ колоничлолын цаг биш” хэмээн мэдэгдэж, Гренландын асуудлаар эсэргүүцсэн орнуудад тариф ногдуулна гэсэн Трампын амлалтыг утгагүй түрэмгийлэл гэж шүүмжиллээ. Түүний хэлснээр АНУ Европоос хамгийн их буулт шаардаж, тарифыг бүрэн эрхийн эсрэг дарамтын хэрэгсэл болгон ашиглаж байгаа аж.
Сүүлийн долоо хоногуудад Трампын Гренландтай холбоотой шахалт эрс ширүүсэж, АНУ уг арлыг ямар ч хамаагүй аргаар хяналтдаа авна хэмээн мэдэгдээд буй.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Трампын 10 хувийн тарифын сүрдүүлгийг алдаа хэмээн тодорхойлж, “гэрээ бол гэрээ” гэдгийг онцлов. Учир нь ЕХ, АНУ хоёр өнгөрсөн долдугаар сард худалдааны хэлэлцээрт хүрсэн юм. Тэрээр харилцааг хурцатгахыг хүсэхгүй ч ЕХ шаардлагатай бол нэгдмэл, хатуу, пропорциональ хариу арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ.
Бельгийн Ерөнхий сайд Барт де Вевер Европ огтлолцлын цэг дээр ирснийг сануулж, НАТО-гийн нэг улс нөгөө гишүүн улсыг цэргийн хүчээр сүрдүүлж байгаа нь урьд хожид байгаагүй нөхцөл байдал гэж онцолжээ.
Трамп харин Гренландыг АНУ-ын болон дэлхийн аюулгүй байдалд зайлшгүй чухал гэж тодорхойлон, ухрах зам байхгүй хэмээн олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна. Түүний нийтэлсэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургууд Европт хүчтэй шүүмжлэл дагуулав.
Энэхүү маргаан ЕХ–АНУ-ын худалдааны харилцааг дахин хурцатгаж, ЕХ-ны зүгээс АНУ-ын импортод тариф ногдуулах, худалдааны хэлэлцээрийг түдгэлзүүлэх зэрэг хариу арга хэмжээг хэлэлцэхэд хүргэлээ. Мөн олон арван жилийн турш Барууны аюулгүй байдлын тулгуур болсон НАТО-гийн эв нэгдэлд эрсдэл учруулж байна.
Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен цэргийн мөргөлдөөн үүсэх магадлал багатай ч бүрэн үгүйсгэх боломжгүйг анхааруулсан бол Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен хамгийн хүнд үе хараахан ирээгүй байж магадгүй гэж мэдэгдэв.
Европын удирдагчид Арктикийн бүсэд аюулгүй байдлыг хангах, Гренланд болон Дани улсын бүрэн эрхийг хамгаалах чиглэлд илүү идэвхтэй хамтын ажиллагаа, цэргийн оролцооны хувилбаруудыг хэлэлцэж байна.