Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Ш.Алтантуяа агсны хэрэгт Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзлээ

Ш.Алтантуяа агсны хэрэгт Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзлээ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 20
2006 онд Малайзад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газраар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тус улсын Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгожээ. 
Тодруулбал, Давж заалдах шатны шүүх нэгдүгээр сарын 20-нд цахимаар хуралдаж, Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах Малайзын Засгийн газрын гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн талаар шүүгч Мунианди Каньяппан мэдэгдэв.
Ш.Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдэгдсэнээр тэд Малайзын хамгийн дээд шатны шүүх болох Холбооны шүүхэд давж заалдахаар төлөвлөж байгаа аж. Харин шүүх Ш.Алтантуяагийн харилцаатай байсан Абдул Разак Багиндагийн гомдлыг хүлээж аваагүй бөгөөд түүний хохирогчийн гэр бүлд 1.38 сая ринггитийн нөхөн төлбөр төлөх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
undefined
Ш.Алтантуяаг 2006 оны аравдугаар сард Абдул Разакын гэрийн ойролцоо байхад хулгайлан авч явж, Куала-Лумпурын ойролцоо хоёр удаа буудан, улмаар тэсрэх бөмбөгөөр дэлбэлэн хөнөөсөн нь шүүхийн материалаар батлагдаж байв. Уг хэрэгт Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний бие хамгаалагчид болох Азилах Хадри, Сирул Азхар Умар нар буруутгагдан ял сонссон ч аллагын сэдэл нь тогтоогдоогүй хэвээр байна.
Азилах Хадри Ш.Алтантуяаг хөнөөх тушаалыг Нажиб Разак өгсөн гэж мэдүүлэг өгч байсан ч Нажиб Разак өөрийгөө энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж үгүйсгэсээр ирсэн юм.
2022 онд шүүх Малайзын Засгийн газар, Абдул Разак Багинда, Азилах Хадри, Сирул Азхар Умар нарыг Ш.Алтантуяагийн хэрэгт хамтран хариуцлага хүлээх ёстой гэж шийдвэрлэсэн бөгөөд үүний дараа Ш.Алтантуяагийн гэр бүл нөхөн төлбөрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж байв.
2025 онд Иргэний хэргийн шүүхээс Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда нарыг тус бүр 4.7 сая ринггитын нөхөн төлбөр байршуулахыг үүрэг болгосон ч ийнхүү Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Засгийн газрын хариуцлагыг хүчингүй болгож, Абдул Разак Багиндагийн төлөх нөхөн төлбөрийн хэмжээг буурууллаа.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн