Умайн хүзүүний хорт хавдар нь монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрын нэг хэвээр байна. Энэхүү өвчний шалтгаан, халдвар дамжих зам, урьдчилан сэргийлэлт, вакцинжуулалт, эрт илрүүлэг болон цаашдын бодлогын чиг хандлагын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Хорт хавдрын бүртгэл тандалтын албаны дарга, хавдар судлаач их эмч Т.Ундармаатай ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд папиллома вирус хэрхэн нөлөөлдөг вэ. Халдвар авсан бүх эмэгтэйчүүд хавдар болох эрсдэлтэй байдаг уу?
-Дэлхий нийтээр умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хорт хавдруудын тавдугаар байранд ордог талаар ДЭМБ мэдээлсэн. Энэ өвчний гол шалтгаан нь хүний папиллома вирус гэдгийг олон жилийн судалгаагаар тогтоосон бөгөөд уг вирусийн судалгаанд чухал нээлт хийсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэж байсан. Тухайлбал, Германы эрдэмтэн Харальд Цур Хаузен хүний папиллома вирус умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдгийг нотолж, Нобелийн шагнал хүртсэн байдаг.
Хүний папиллома вирус нь дэлхий даяар маш өргөн тархсан, 100 гаруй хэв шинж (генотип) бүхий вирус юм. Эдгээр хэв шинжийн зарим нь энгийн үү, ургацаг үүсгэдэг бол зарим нь хорт хавдрын шалтгаан болдгийг эрдэмтэд нотолсон. Түүнчлэн энэ вирус нь зөвхөн умайн хүзүүний хавдраар хязгаарлагдахгүй, эрэгтэй, эмэгтэй аль алинд нь ам залгиурын хавдар, шулуун гэдэс болон анусны хавдар, эрэгтэйчүүдэд шодойн хавдар, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэлтэй юм. 100 гаруй хэв шинжээс өндөр 14 нь эрсдэлтэй, өөрөөр хэлбэл умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэх чадвартай вирус байдаг. Эдгээрээс 16, 18-р хэв шинжүүд нь хамгийн хоруу чанартай, онкоген шинж өндөртэйд тооцогддог. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан хэв шинжүүд юм.
Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь ерөөсөө л хүний папиллома вирус. Гэхдээ вирусийн халдвар авсан хүн бүр заавал хавдартай болдог гэсэн үг биш. Ихэнх тохиолдолд тухайн хүний дархлаа сайн байвал вирус нэг жилийн дотор биеэс өөрөө зайлуулагдах боломжтой. Дархлаа сайн байх, тамхи татахгүй байх, олон бэлгийн хавьтагчгүй байх, ерөнхий биеийн байдал тогтвортой байх нь вирусийг биеэс гадагшлуулахад чухал нөлөөтэй.
Хэрэв шинжилгээгээр HPV илэрсэн бол жилийн дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв дахин шинжилгээгээр вирус илрэхгүй бол аюулгүй гэж үзнэ. Гэхдээ судалгаагаар энэ вирусийн халдвар авсан 10 хүн тутмын 8 нь амьдралынхаа туршид дахин халдвар авах эрсдэлтэй байдаг. Тиймээс 3 жил тутамд PCR шинжилгээнд хамрагдаж, өөрийн эрүүл мэндийг тогтмол хянах нь маш чухал. Харин жилийн дараах давтан шинжилгээгээр вирус хэвээрээ илэрвэл энэ нь биеэс зайлуулагдаагүй гэсэн үг. Ийм тохиолдолд тодорхой хугацааны дараа умайн хүзүүний урьдал эмгэг үүсч, улмаар хавдарт шилжих эрсдэлтэй. Гэхдээ вирус авснаас хойш шууд хавдар болдоггүй. Дунджаар 15–20 жил, зарим тохиолдолд бүр 30 жил ч үргэлжлэх байдлаар хавдарт шилждэг гэж үздэг. Харин урьдал эмгэг нь вирус биеэс зайлуулагдаагүй нөхцөлд 5–15 жилийн дотор үүсэх магадлалтай.
Иймээс урьдал эмгэгийн шатанд нь илрүүлэх нь хамгийн чухал. Үүний тулд эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, эмчийн хяналтад тодорхой давтамжтайгаар үзүүлэх шаардлагатай. Эсийн шинжилгээнд өөрчлөлт илэрвэл умайн хүзүүг дурандах шинжилгээ хийж, шаардлагатай бол эдийн шинжилгээ авч эцсийн оношийг баталгаажуулна. Ингэснээр урьдал эмгэг үү, хавдарт шилжсэн үү гэдгийг тодорхойлдог.
Хэрэв хавдар гэж оношлогдвол хавдрын өвөрмөц эмчилгээ хийгдэнэ. Харин урьдал эмгэг илэрсэн тохиолдолд айх шаардлагагүй. Энэ нь 100 хувь эмчлэгдэх боломжтой, бүрэн эдгэрэх боломжтой шат юм. Тиймээс тогтмол шинжилгээ, хяналт нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
-Ямар насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлд хамгийн их өртдөг вэ?
-Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орж эхэлсэн мөчөөс л хүний папиллома вирусийн халдвар авах эрсдэл бий болдог. Ялангуяа бэлгийн харьцаанд эрт орсон байх тусам энэ вирусийн халдвар авах магадлал, эрсдэл улам өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, бэлгийн идэвхтэй амьдрал эхэлсэн л бол уг вирусээс бүрэн ангид байна гэж хэлэхэд хүндрэлтэй.
Умайн хүзүүний хорт хавдрын хувьд тодорхой насны онцлог ажиглагддаг. Өвчлөл 30 наснаас хойш аажмаар нэмэгдэж эхэлдэг бөгөөд нас ахих тусам өссөөр, 50–55 насанд хамгийн өндөр түвшинд хүрдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн их өвчлөл бүртгэгддэг дээд нас нь ойролцоогоор 55 нас юм.
Энэ нь вирусийн халдвар залуу насанд авсан ч тухайн үедээ илрэлгүй, олон жилийн дараа урьдал эмгэг болон цаашлаад хавдрын шатанд орж илэрдэгтэй холбоотой. Тиймээс наснаас үл хамааран, ялангуяа бэлгийн харьцаанд орж эхэлсэн эмэгтэй бүр тогтмол шинжилгээнд хамрагдаж, өөрийн эрүүл мэндийг урьдчилан хянах нь маш чухал юм.
-Умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн урьдчилан сэргийлэх боломж бий юу. Вакцин, тогтмол үзлэг шинжилгээний талаар зөвлөгөө өгнө үү?
-Дэлхий нийтээрээ хүний папиллома вирусийн халдварыг олон жилийн судалгаа, шинжилгээгээр бүрэн тогтоочихсон учраас одоо хамгийн чухал асуудал нь яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр анхаарах ёстой болсон. Тиймээс ард иргэддээ заавал үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл өгөх шаардлагатай. Урьдчилан сэргийлэлт гэдэг нь гурван түвшинд яригддаг. Нэгдүгээрт анхдагч урьдчилан сэргийлэлт, хоёрдугаарт хоёрдогч урьдчилан сэргийлэлт, гуравдугаарт гуравдагч урьдчилан сэргийлэлт гэж ангилна.
Охид, бүсгүйчүүд бэлгийн харьцаанд орж эхэлсэн л бол энэ вирусийн халдварыг авах өндөр эрсдэлтэй болдог. Тиймээс хамгийн зөв арга нь вирусийн халдвар авахаас нь өмнө сэргийлэх явдал юм. Үүний хамгийн тод жишээ бол вакцинжуулалт. Монгол Улс 2024 оны аравдугаар сараас эхлэн хүний папиллома вирусийн вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд албан ёсоор оруулж, хуульчилсан. Үүний дагуу 11 настай хүүхдүүдийг заавал дархлаажуулах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Энэ дээр зарим эцэг эхчүүд би хүүхдээ вакцинжуулахгүй гэх мэт янз бүрийн сөрөг мэдээлэлд итгэх, эргэлзэх байдал ажиглагддаг.
Гэхдээ дархлаажуулалтын үндэсний товлолд орсон вакцин гэдэг нь эцэг эхийн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй гэх асуудал биш юм. Харин эцэг эхчүүдийн хийх ёстой хамгийн зөв зүйл бол ямар вакцин, ямар зорилготой, ямар ашиг тустай вэ гэдгийг үнэн зөв эх сурвалжаас сайн мэдээлэл авч ойлгох явдал. Танай хүүхэд үндэсний товлолд заавал хамрагдах учраас энэ дархлаажуулалтыг хийж байгаа гэдгийг л ойлгох нь чухал. Одоогоор Монгол Улсад нийт 9 төрлийн үндэсний дархлаажуулалтын товлол хэрэгжиж байна. Харамсалтай нь хүний папиллома вирусийн вакцины хамрагдалт одоогоор 30 гаруй хувьтай, хангалтгүй түвшинд байна. Харин ДЭМБ-аас өгч буй зөвлөмжөөр бол дархлаажуулалтын хамрагдлыг 90 хувьд хүргэх шаардлагатай гэж үздэг.
-Монгол Улсад хэрэгжиж буй умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийн онцлог, үр дүнгийн талаар тайлбарлана уу. Иргэд уг үзлэг, шинжилгээнд хэрхэн хамрагдах боломжтой вэ?
-Дэлхий нийтээрээ 30–40 насны эмэгтэйчүүдэд хүний папиллома вирусийн өндөр хэв шинжийг илрүүлэх шинжилгээг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үндсэн арга болгон нэвтрүүлээд, амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнууд олон байна. Манай Монгол Улсад ч энэ технологи орж ирсэн. Гэхдээ улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд ямар шинжилгээ хамгийн үр дүнтэй, аль нь өртөг багатай, олон эмэгтэйчүүдийг хамруулах боломжтой вэ гэдэг суурь судалгаануудыг 2021 оноос хойш үе шаттайгаар хийж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, бид ямар технологийг сонговол бодлогын хувьд зөв байх вэ гэдгийг маш нухацтай авч үзэж байгаа юм. Үүнд хүний папиллома вирусийн өндөр эрсдэлтэй 14 хэв шинжийг илрүүлэх PCR шинжилгээг аль хувилбараар, ямар өртгөөр нэвтрүүлэх вэ гэдэг дээр Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв манлайлж ажиллаж байна. Энэ жилээс эхлээд PCR-д суурилсан туршилт судалгааг хийхээр төлөвлөсөн.
Өмнө нь бид өөр төрлийн технологиор зөвхөн өндөр 14 хэв шинжийн халдвар байна уу, үгүй юу гэдгийг туршиж үзэж байсан. Гэтэл дэлхий нийтэд тэр технологи аль хэдийн хоцрогдсон гэж үзээд, ашиглахаа больж байна. Одоогоор дэлхий даяар хамгийн найдвартай эрт илрүүлгийн арга нь PCR-д суурилсан шинжилгээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ арга нь өндөр өртөг, зардалтай учраас хөгжиж буй, ялангуяа манайх шиг орны хувьд шууд өргөн хэмжээнд нэвтрүүлэхийг тэр бүр зөвлөдөггүй.
Гэсэн хэдий ч Монгол Улс өөрөө умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хорт хавдруудын дотор умайн хүзүүний хорт хавдар хоёрдугаар байранд орж байна. Жил бүр дунджаар 500–520 эмэгтэй энэ хавдраар шинээр оношлогдож, 140 орчим эмэгтэй уг өвчний улмаас нас барж байна. Хамгийн гол нь энэ өвчин төрөх насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолдож байгаа нь маш ноцтой асуудал юм.
Тиймээс манай улсад умайн хүзүүний хорт хавдрын талаар төрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд бид бодлогын баримт бичгийг боловсруулаад Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Одоогоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эрүүл мэндийн даатгалаар хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг тал дээр эрх зүйн зохицуулалтыг хийсэн гэж ойлгож байна.
Үүний үр дүнд Монгол Улсад 30, 40 настай эмэгтэйчүүдийг хүний папиллома вирусийн өндөр эрсдэлтэй хэв шинжийн шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаар, товлолт насанд нь хамруулах анхны урьдчилсан шийд гарсан. Өөрөөр хэлбэл, энэ насны эмэгтэйчүүд энэ жилээс эхлэн харьяа орон нутагтаа PCR шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой болж байна.
Хэрэв урьдал эмгэг илэрвэл ямар эмчилгээ хийх вэ гэвэл, өнөөдөр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хөнөөл багатай, нөхөн үржихүйн эрхтнийг хадгалж үлддэг мэс заслын аргуудыг бүрэн нэвтрүүлсэн. Тухайлбал, цахилгаан гогцоогоор өөрчлөгдсөн хэсгийг л авах, шант хэлбэрээр тайрч авах зэрэг мэс заслын арга бий. Мөн туяа эмчилгээний өндөр технологиуд эмчилгээнд ашиглагдаж байна. Ингээд харахад умайн хүзүүний хорт хавдрын хувьд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний шийдлүүд дэлхий нийтээр аль хэдийн тодорхой, баталгаатай болсон. Хамгийн гол нь эдгээрийг бодлогын түвшинд зөв хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийг өргөн хамруулах явдал л чухал байна.
-Вакцинд хамрагдалтын хувьд товлолт нас болох 11 наснаас дээш, насанд хүрсэн хүн хамрагдаж болох уу?
-11 наснаас дээш, магадгүй 25 настай эмэгтэй ч бэлгийн харьцаанд ороогүй байвал вакцин хийлгэх бүрэн боломжтой. Тиймээс тэр хүн хүний папиллома вирусийн халдварыг аваагүй байх магадлалтай. Учир нь энэ вирус өөрөө бэлгийн замаар дамжин халдварладаг вирус юм. Ийм тохиолдолд, хэрэв 25 настай эмэгтэй би вакцин хийлгэмээр байна гэвэл хийлгэх бүрэн боломжтой гэсэн үг.
Үүнээс дээш насанд, өөрөөр хэлбэл нас ахих тусам вакцины үр нөлөө бага зэрэг буурдаг гэсэн судалгаанууд байдаг. Гэхдээ 30–35 насны эмэгтэйчүүдээс би умайн хүзүүний хорт хавдраар өвдөхийг хүсэхгүй байна, энэ вакциныг хийлгэж болох уу гэсэн асуулт их ирдэг. Хэрэв эмэгтэй хүн өөрөө хүсэж байгаа л бол хийлгэж болно. Хамгийн чухал нь тухайн хүн энэ вирусийн халдвартай байна уу, үгүй юу гэдгийг шинжилгээгээр заавал баталгаажуулах хэрэгтэй. Хэрэв вирусийн халдваргүй гэж гарвал гурван тунгаар сайн дурын дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой.
Хэрвээ манай улс 2013 онд хүний папиллома вирусийн вакциныг улс орон даяар нэвтрүүлсэн байсан бол өнөөдөр Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг дор хаяж 30 хувиар бууруулах боломж байсан гэж үздэг. Ер нь эрт илрүүлэг, дархлаажуулалтын хөтөлбөрийн алсын үр дүн гэдэг нь шууд биш, урт хугацааны дараа мэдрэгддэг зүйл юм.
Халдвар дамжих замын хувьд хүний папиллома вирусийн халдварын 90 гаруй хувь нь бэлгийн замаар дамждаг. Үлдсэн бага хувь нь арьс, салстын бүтэн байдал алдагдах үед, ялангуяа эмэгтэйчүүд олон удаа төрөх явцад халдвар авах эрсдэлтэй байдаг. Мөн бэлгийн буруу, зүй бус замаар бэлгийн харьцаанд орох нь ам залгиурын хавдар, анусны хавдрын тохиолдлыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд бэлгийн чиг хандлага их өөрчлөгдөж, зүй бус бэлгийн харьцаанд орох тохиолдол нэмэгдэхийн хэрээр энэ нь эргээд хүний папиллома вирусийн халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
-Өвчний эхэн үе шатанд илрэх шинж тэмдгүүд ямар байдаг вэ?
-Умайн хүзүүний хорт хавдар эхэн үедээ ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс эмэгтэй хүн өөрөө мэдэхгүй явсаар байгаад оношлогдох нь элбэг. Хэрвээ тухайн эмэгтэй вакцинжуулалтад хамрагдаагүй, эрт илрүүлгийн үзлэгт огт орж байгаагүй, ядаж 30-аас дээш насандаа нэг ч удаа эсийн шинжилгээ өгч байгаагүй байж байгаад умайн хүзүүний хавдар илэрлээ гэж бодоход ихэнхдээ энэ нь тохиолдлын оношилгоо байдаг.
Ихэнх эмэгтэйчүүд өвчин хожуу шатандаа орсон хойно л эмнэлэгт ханддаг. Тухайлбал, хэвлийн доод хэсгээр өвдөх, доошоо ялгадас гарах, бэлгийн харьцааны дараа цус гарах зэрэг зовиур илэрсний дараа л эмчид үзүүлдэг. Гэтэл энэ үед умайн хүзүүний хавдар аль хэдийнээ хожуу үе шатандаа орчихсон байдаг.
Ийм шатанд оношлогдсон тохиолдолд эмчилгээний зорилго нь заавал бүрэн эдгээхээс илүүтэйгээр тухайн хүний амьдралын чанарыг яаж сайжруулах вэ, хэдий хугацаанд илүү чанартай амьдруулах вэ гэдэг асуудал руу шилждэг. Өөрөөр хэлбэл, энэ нь амь насыг бүрэн аврах асуудал биш, харин өвчний явцыг удаашруулах, зовиурыг багасгах эмчилгээ болдог. Тэр үед хагалгаагаар эмчлэх үү, эсвэл туяа эмчилгээ хийх үү гэдгийг хавдрын үе шат, биеийн ерөнхий байдалтай уялдуулж шийддэг.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Хэрэв эмэгтэй хүн 30-аас дээш насандаа хүний папиллома вирусийн шинжилгээнд хамрагдаагүй бол харьяа орон нутагтаа заавал эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Эсийн шинжилгээг гурван жилд нэг удаа тогтмол өгч байх ёстой бөгөөд ингэж 3 жил тутамд шинжилгээнд хамрагдсаар 60 нас хүртлээ хяналтад явах нь зөв.
Гэхдээ эсийн шинжилгээ өөрөө 100 хувь баттай гэж хэлэхэд эргэлзээтэй тал бий. Тиймээс хүний папиллома вирусийг илрүүлэх шинжилгээг эрт илрүүлгийн үндсэн арга болгон яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Хэрэв вирус илэрвэл дараа жил нь давтан шинжилгээ авч баталгаажуулна. Хэрэв дахин вирус илэрвэл тухайн эмэгтэйг цаашид тодорхой давтамжтайгаар эсийн шинжилгээгээр тогтмол хянаж явна.
Энэ вирус нь зарим тохиолдолд хүний биеэс өөрөө зайлуулагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, вирус илэрлээ гээд заавал умайн хүзүүний хорт хавдарт шилжинэ гэсэн үг биш. Хамгийн гол нь эмчийн хяналтад сайн явж, тогтмол шинжилгээндээ хамрагдаж чадвал умайн хүзүүний хорт хавдарт шилжихгүй байх бүрэн боломж бий. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд нь заавал хамруулах, харин эмэгтэй хүн бүр зорилтот насандаа, өөрөөр хэлбэл товлолт насандаа тогтмол эрт илрүүлэг, үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдах нь хамгийн чухал гэдгийг онцолж хэлмээр байна.