Гарчгийг маань уншаад юун том тоо вэ гэж гайхан бодсон хүмүүс байж мэдэх юм. Төрийн сэнтийд заларсан хүмүүс лугаа том тоо тавих гэсэнгүй. Ердөө аялал жуулчлалын салбарын хэрхэн ажиллаж байгаагаас шалтгаалж манай улсын зорилго болгосон 1 сая жуулчны тоо 10 сая болох зам нь тавигдана гэх санааг гаргах гэсэн минь энэ.
Харин одоо 2026 онд 1 сая жуулчин хүлээж авна гэх зорилгоо эргээд нэг харцгаая. Анх энэ зорилгыг тавьж байхад амтай болгон л "'Юун 1 сая жуулчин бэ" хэмээн басангуй хүлээж авч байлаа. Гэхдээ олонх нь манай улсад зочлох жуулчдын тоо 1 сая хүрэхгүй дээ гэсэндээ биш, одоо байгаа байдлаараа ийм хэмжээний жуулчин хүлээж авч чадах юм уу гэсэн аястай ийнхүү хүлээж авсан биз. Аялал жуулчлалын салбарын сүүлийн жилүүдийн өсөлтийг харвал энэ тоо бодит болох нь цаг хугацааны л асуудал боллоо. Харин энэ 1 сая жуулчинг хүлээж авч чадах уу гэсэн санаа зовнил иргэдийн дунд оршсоор л байна.
NETFLIX-ийн хийсэн "Physical: Asia", "Physical: Welcome to Mongolia" зэрэг олон улсын шоу нэвтрүүлгүүд, баримтат кино, адал явдалт аяллын контентууд, сошиал орчин дахь “жинхэнэ, онгон байгаль” гэсэн имиж Монголыг дэлхийн аялагчдын сонирхлын төвд оруулж байна. Үүн дээр нэмээд визийн бодлогын хялбар байдал, агаарын тээврийн шинэ чиглэлүүд нэмэгдэж байгаа нь жуулчдын урсгалыг 2026 онд илүү өсгөх хүлээлт үүсгээд буй.
Өнгөрсөн онд Монгол улсад нийт 846,103 жуулчин ирсэн гэх статистик мэдээлэл гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Тийм ч учраас 2026 оны зорилгоо биелүүлэх магадлал тун өндөр байна. Гэвч тоо өсөж байгаа нь салбар бэлэн болсон гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, жуулчин ирэх нь нэг хэрэг, харин ирсэн жуулчдыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь хамгийн том сорилт болж байна. Эндээс л Засгийн газар, холбогдох яамдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, төлөвлөлт үнэхээр зөв чиглэлээ олж байна уу гэсэн асуулт урган гарна.
Монголд ирсэн жуулчдад хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол дэд бүтэц. Аймаг, сум, аяллын гол бүсүүдийг холбосон авто зам, дотоодын нислэг, нийтийн ариун цэврийн байгууламж, интернэт холбоо зэрэг суурь асуудал жуулчдын сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг. Тэр дундаа хүний анхдагч хэрэгцээгээ хангах ариун цэврийн байгууламжийн асуудал нэн тэргүүнд хөндөгддөг. Гадны жуулчдын хувьд хэдэн зуун жилийн өмнөх түүхийн хуудсанд нь үлдсэн "нүхэн жорлон" одоо ч байсаар байгааг хараад таатай байхгүй нь лавтай. Харин бид нүүрээ улайлгасаар энэ сонголтыг санал болгохоос өөр аргагүйд хүрдэг. Тиймээс нүхэн жорлонгийн асуудлыг сайн зохион байгуулалттай шийдэх нь хамгийн чухал. Дэлхийн банк, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын судалгаануудад ч Монголын аялал жуулчлалын салбарын гол бэрхшээл нь эрэлт биш, харин хүлээн авах чадавх гэж дурдсан байдаг. Тээврийн сүлжээ сул, дотоодын нислэг хязгаарлагдмал, аяллын бүсүүд рүү чиглэсэн замын чанар тааруу, зочлох үйлчилгээний стандарт жигд бус байгаа нь аяллын зардлыг өсгөж, ая тухыг бууруулж, дахин ирэх сонирхлыг сулруулдаг гэсэн судалгаанууд бий.
Үйлчилгээний чанар бол гадаад, дотоодын шинжээчдийн хамгийн их хөнддөг асуудлын нэг. Жуулчид Монголын байгаль, соёлын туршлагыг өндрөөр үнэлдэг ч зочид буудал, баазын стандарт харилцан адилгүй, хэлний мэдлэг дутмаг, мэргэжлийн сургалт хангалтгүй байгааг шүүмжилдэг. Нэг удаа ирээд сэтгэл дундуур буцсан жуулчин дахин ирдэггүй, харин сэтгэл ханамжтай буцсан жуулчин тус улсынхаа хамгийн сайн сурталчилгаа болдог гэж ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Иймээс хөтөч, жолооч, зочид буудал, жуулчны баазын ажилтнуудын хэлний мэдлэг, харилцааны соёл, аюулгүй ажиллагааны сургалтыг богино хугацаанд эрчимжүүлэх шаардлага байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсын аялал жуулчлалын бодлогод тогтвортой аялал жуулчлал, орон нутгийн оролцоо, байгаль хамгаалал, улирлын хамаарлыг багасгах зорилтуудыг тусгасан байдаг. Гэвч бодит байдал дээр эдгээр зорилт ихэвчлэн төсөл, семинар, баримт бичгийн түвшинд үлдсээр байна. Жишээлбэл, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай олон жил ярьсан ч бодитой, олон улсын зах зээлд борлогдох бүтээгдэхүүн, үйл ажиллагаа цөөн хэвээр байна. Зуны 2–3 сард бүх ачааллыг чихдэг энэ бүтэц өөрчлөгдөөгүй цагт 1 сая жуулчин эрсдэл дагуулсан тоо хэвээр байна.
Гадаадын судлаачид аялал жуулчлал хэт төвлөрвөл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, нүүдэлчин соёлыг арилжааны хэлбэрт оруулах эрсдэлтэйг анхааруулдаг. Иймээс орон нутгийн иргэд, малчин өрхүүдийг оролцуулсан олон нийтэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхийг онцгойлон зөвлөдөг. Энэ нь байгаль хамгааллыг дэмжихээс гадна аялал жуулчлалын өгөөжийг орон нутагт үлдээх чухал механизм гэж үздэг.
Аялал жуулчлал нь богино хугацаанд ашиг олох хэрэгсэл бус, харин дэд бүтэц, бодлого, байгаль хамгаалал, хүний нөөц зэрэг олон хүчин зүйл уялдан хөгжих шаардлагатай цогц салбар билээ. Тиймээс энэ салбарын хөгжилд оролцож буй хэн бүхэн хариуцлагатай байж, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх нь зүйтэй.
Монгол Улс хэдийнэ олон улсын мөрөөддөг өвөрмөц аялал жуулчлалын имижтэй. Харин энэ давуу талыг чанартай, тогтвортой аяллын туршлага болгон хувиргаж чадах эсэх нь бодлогын хэрэгжилт, бодит өөрчлөлтөөс хамаарна. Хүртээмж, үйлчилгээний чанар, тогтвортой байдал, стратегийн маркетингт анхаарч чадвал Монгол Улс аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгаа төрөлжүүлэх бодит боломж байсаар байна.