Засгийн газраас 2026 онд эдийн засаг 5.7 хувь, 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувийн өсөлттэй байх төсөөлөл гаргасан. Тэгвэл эдийн засагчид 2026 оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байгаа талаар тодрууллаа.
Ж.Дэлгэрсайхан: Бид богино зайн эдийн засаг, тулсан асуудлаа л ярьсаар улам гүнзгий асуудал, намаг руу живж байгаагаа анхаарах хэрэгтэй
СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 2026 оны хувьд эдийн засгийн өсөлтийг олон улсын байгууллагууд болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс 5 хувиас илүү өсөх хүлээлттэйгээр таамагласан байдалтай байна. Гэхдээ эдгээр таамаглал нь 2025 оны гүйцэтгэлээс шалтгаалаад өөрчлөгдөх магадлалтай. Учир нь бид 2025 оны эдийн засгийн гүйцэтгэлээр хүлээлтэд хүрэхгүй байх магадлал өндөр байна. 2025 оны гуравдугаар улирлын эдийн засгийн гүйцэтгэл 5.9 хувь гарсан ч үүний дийлэнх нь ХАА салбарт хамаарч байгааг бүгд мэднэ. Энэ нь дараа жил энэ салбарын энэхүү нөлөөлөл багасах уул уурхайн салбараас эдийн засгийн өсөлт хамаарах нөхцөл байдал давтагдана гэсэн үг.
Гэхдээ энэ нь бидний хувьд анхаарах гол асуудал биш харж байгаа. 2026 онд Монгол Улсын эдийн засаг хэдэн хувь өсөх, валютын ханш хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамаараад нөхцөл байдал энэ жилийнхээс нэг их дээрэхгүй болов уу.
Харин бидний анхаарах гол асуудал нь эдийн засгийн суурь асуудал байх ёстой. Өнөөдөр Монгол Улсад ядуурал, ажилгүйдэл, ахмадуудын амьдрал, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гээд болж байгаа асуудал нэг ч байхгүй байгаа нь том асуудлын суурь юм. Гол шалтгаан нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадаагүй явдал. Энэ нь ч бас цаанаа учир шалтгаантай.
Гэтэл бид энэ суурь асуудлын шалтгааныг тодорхойлж түүнтэй тэмцэхгүй бензин тасрахаар бензинээ, тог тасрахаар тогоо, өвөл болохоор утаагаа ярьсаар, улстөрчид нь түүнийг оноо авах хэрэгсэл болгосоор бахь байдгаараа суусаар байгаа нь хамгийн том эмгэнэл юм. Утаагүй байх ёстой зүйл дээр утаатай байлгаад түүнийг бууруулах нь улс төрийн оноо авах бус байх ёсгүй зүйлийг байлгасны төлөө хариуцлага хүлээдэг нөхцөлд бид хөгжих болно.
Энэ нь эдийн засгийн буруу бодлого, улс төр, засаглалын хямрал, авлига хээл хахууль болон шударга ёсыг тогтоож чадахгүй байгаа байдлаасаа болоод улс орноороо тэр чигээрээ доройтуулсаар байгаа нь анхаарах гол асуудал юм. Гэтэл нийтээрээ богино зайн эдийн засаг, тулсан асуудал ярьсаар үүнийг анзаарахгүй улам гүнзгий асуудал, намаг руу живж байна.
Тиймээс 2026 он үүнийг илүү сайн ойлгосон, шинэ эхлэлийн суурийг тавьсан он байгаасай гэж хүсэж байна.
Б.Лакшми: Монгол Улсын эдийн засаг 2026 онд томоохон сорилтуудтай нүүр тулахаар байна
Эдийн засгийн өрсөлдөх чадвар, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми: 2025 оны ёсдүгээр сард Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.5-5.7 хувийн өсөлттэй байна гэсэн. Үүнд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь уул уурхайн салбар ялангуяа нүүрс, зэс болон төмрийн хүдэр гэх мэт байх болно. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг 2026 онд томоохон сорилтуудтай нүүр тулахаар байна. Үүнд
Дэлхийн түүхий эдийн үнэ, эрэлт буурах хандлагатай байна
Экспортын гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй ялангуяа өндөр тариф болон худалдааны хязгаарлалтуудаас үүдэлтэй гангийн үйлдвэрлэл буурах үүнд шаардлагатай коксжих нүүрсний эрэлт буурахаар байна.
Шатаахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлүүд
Мөн түүнчлэн, 2026 онд олон улсын зах зээл дээр босгосон бондуудын эргэн төлөлттэй холбоотой төлбөрийн чадвартай холбоотой асуудлууд бий.
2025 оны эцсээр төсвийн орлого тасарч тодорхой хүндрэлүүд үүссэнтэй холбоотой Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байна. Цаашид эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалахын тулд эхлүүлсэн ажлуудаа эрчимжүүлэх, дэмжих шаардлагатай байна. Үүнд
Оюу толгойн бүтээн байгуулалтыг дуусгах
Францын Орано компанитай хамтарч хэрэгжүүлж буй ураны төслийг урагшлуулах
Бизнесийн орчинд томоохон реформ өөрчлөлт хийж хувийн хэвшлийг дэмжих
Хөрөнгө оруулалт татах (өнөөгийн нөхцөл байдалд хүндрэлтэй байна байх) зэрэг багтаж байна.
Ц.Лут-Очир: Хэт өөдрөг тооцоогоор үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг, урсгал зардлаа нэмдгээ л болимоор байна
Эдийн засагч Ц.Лут-Очир: 2026 онд дэлхийн геополитикийн байдал сайжрах төлөв харагдахгүй байна. Украины дайн, Тайваны сөргөлдөөн, Хятад АНУ, ЕХ-ны тарифын маргаан үргэлжилнэ. Алт, зэсийн үнэ тогтвортой байх боломжтой. Нүүрсний үнэ сул хэвээрээ байх болов уу. Ирэх онд төсвийн орлогын тасралт үргэлжлэх магадлалтай. Сүүлийн гурван жилд хэт их тэлсэн төсвийн зарлага, түүндээ тааруулж жилд 30 хувь өснө гэж бодитой бус хийсвэрлэж тооцсон татварын орлого орж ирэхгүй нь тодорхой. Тиймээс гадаадаас зээл авах, мөнгө хэвлэх зам руу халтирахыг үгүйсгэхгүй. Ингэвэл дахиад инфляцын өсөлт, цалин тэтгэврийг нэмэх чөтгөрийн тойрог руу орно. Хэт өөдрөг тооцоогоор үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг, урсгал зардлаа нэмдгээ л болимоор байна. Төрийн албаны орон тоо хэт данхайсныг цомхотгох зардлаа бууруулах шаардлага бий.