Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Б.Уянга: Хоолоо аль болох олон удаа зажилж идэх нь хоол шингээлтэд маш сайн нөлөөтэй

Б.Уянга: Хоолоо аль болох олон удаа зажилж идэх нь хоол шингээлтэд маш сайн нөлөөтэй
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 2
Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн эмнэлзүйн хоол зүйч Б.Уянгатай ярилцлаа. 
-Баярын өдрүүдэд хоол шингээх үйл явц яагаад алдагдах нь элбэг байдаг вэ. Хэт их идэх, тослог болон олон төрлийн хоол хольж хэрэглэх нь ходоод, гэдсэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Баярын өдрүүдээр айл бүр өдөр тутамдаа тэр бүр идээд байдаггүй олон төрлийн хоол хүнсийг баярын ширээндээ элбэг дэлбэг засахыг хүсдэг. Хоол их байх тусам хүн олон төрлөөс нь амсаж үзэх, дуртай хоолоо хэтрүүлж идэх хандлага улам нэмэгддэг. Гэтэл бидний бие махбод өдөр тутмынхаа тодорхой хэмжээ, тогтсон хэмнэлтэй хооллолтондоо дассан байдаг. Харин гэнэт нэг өдөр их хэмжээтэй, порц том, олон төрлийн, жигнэсэн, шарсан, тослог хоол хүнс нэг дор ихээр орж ирэхэд түүнийг задалж, боловсруулж, шингээхэд бие махбодод ачаалал үүсдэг. Үүний улмаас хоол шингэхгүй байх, дотор эвгүйрхэх зэрэг асуудлууд гардаг.
Маш энгийнээр зүйрлэвэл, бид өдөр тутамдаа ажлаа тайван, өөрийнхөө хэвийн темпээр хийж байхад гэнэт нэг дор олон даалгавар дөрвөн талаас шахаж орж ирэхэд стресстэх, амжихгүй болох үе байдаг. Үүнтэй яг адил процесс юм. Бид хэт их, хэт олон төрлийн хоол идэх үед бие махбодод явагддаг гэж ойлгож болно.
-Баланстай хооллолт гэж юуг хэлэх вэ, баярын ширээнд үүнийг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Баланстай, өөрөөр хэлбэл тэнцвэртэй хооллолт гэдэг нь хамгийн чухал ойлголт юм. Манай улсын иргэдийн дунд эрүүл зөв хооллоно гэхээр л заавал ямар нэг хоол хүнсийг бүрмөсөн хасах ёстой гэх ойлголт түгээмэл байдаг. Тухайлбал, цагаан гурил, цагаан будаа идэж болохгүй гээд бүр хорих, эсвэл зөвхөн тахианы цээж мах идээд бусад махыг огт хэрэглэхгүй байх зэрэг жишээ олон. Ингэхээр хооллолт аль нэг тал руугаа хэлбийж, тэнцвэр алдагддаг. Хүн өдөр тутмын хооллолтоороо гурван үндсэн макро шим тэжээлийг заавал авч байх хэрэгтэй. Үүнд гурил, будаа, үр тарианаас авах нүүрс ус, мах, өндөгнөөс авах уураг, мөн тодорхой хэмжээгээр өөх тос ордог. Эдгээрийн аль нэгийг нь хасах, эсвэл аль нэгийг нь хэтрүүлэн хэрэглэх үед бусад амин дэм, шим тэжээл бие махбодод хангалттай хэмжээгээр очихгүй болдог.
Тэнцвэртэй хооллолтыг энгийнээр тайлбарлавал, таны тавагны тал буюу 50 хувь нь ногоо байх ёстой. Үүний ойролцоогоор 15 хувийг жимс эзэлнэ. Үлдсэн 50 хувийн 25 хувь нь мах, өндөг зэрэг уураглаг хүнс, нөгөө 25 хувь нь гурил, будаа, үр тарианы бүлгийн хүнс байхаар зохицуулбал хамгийн зөв харьцаа бүрдэнэ. Харин бидний өдөр тутамд гаргадаг нийтлэг алдаа нь тавагныхаа ихэнхийг гурил, будаа, махаар дүүргээд, ногоог маш бага хэрэглэх явдал юм. Энэ нь хооллолтын балансыг алдагдуулдаг.
Баярын ширээн дээр олон төрлийн хоол байдаг. Шарсан хоол, бууз зэрэг махан хоолнууд ч байлгүй яах вэ. Эдгээрээс идэхийг хүссэн хэмжээгээрээ идэж болно, гол нь хажуугаар нь хангалттай хэмжээний ногоо идэж, тавагныхаа тэнцвэрийг алдагдуулахгүй байх нь хамгийн чухал юм. 
-Баярын үеэр хамгийн их тохиолддог хоолны хордлого ямар шалтгаантай байдаг вэ. Ямар төрлийн хоол хүнс илүү эрсдэлтэйд тооцогддог бол?
-Хоолны хордлого гэдэг нь энгийнээр хэлбэл, бактери нян ихтэй хоол хүнс биед орж, дотор эрхтний үйл ажиллагааг алдагдуулж байгаа явдал юм. Хоол хүнс яагаад бактери нянгаар бохирддог вэ гэвэл, юуны түрүүнд тухайн хоолыг бэлтгэж буй хүний ариун цэвэр маш чухал. Гараа сайтар угаасан эсэх, хүнсний ногоо, түүхий эдээ сайн угааж цэвэрлэсэн үү, бохирдлоос нь салгасан уу гэдэг гол асуудал.
Ариун цэврийг сайн сахиж, хоолоо зөв бэлтгэсэн байсан ч дараагийн нэг чухал зүйл бий. Тэр нь хоолыг хэрхэн хадгалж, хэр удаан ил байлгаж байгаа вэ гэдэг. Хоолыг ширээн дээр ил, тасалгааны 23–25 хэмийн дулаан орчинд удаан байлгах нь бактери үржих хамгийн таатай нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл, хоол тасалгааны хэмд ил байж л байвал бактери үржиж байна гэж ойлгож болно. Жишээ нь, бидний баяраар заавал хийдэг нийслэл салатыг авч үзье. Салатаа нэг цагт хийгээд шууд хөргөгчинд хийж хадгалж, орой нь гаргаж идэхэд асуудалгүй. Харин ширээн дээр ил байлгаж, удаан хугацааны дараа идэхэд л хоолны хордлого үүсэх эрсдэл нэмэгддэг.
Мөн олон төрлийн хоолыг нэг дор хольж, хэтрүүлэн идэхэд ходоод, цөс ачааллаж, хоолыг задалж, шингээж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Ингэснээр дотор муухайрах, шингээлт алдагдах, улмаар бөөлжих эрсдэл ч бий. Тиймээс баярын өдрүүдээр ч гэсэн өөрийн биед тохируулж, хэмжээг нь тааруулж хооллох нь хамгийн аюулгүй, зөв сонголт юм.
-Тэгэхээр ажилдаа авч явах хоолоо заавал өглөө хийлгүй оройны хоолоо хөргөгчиндөө хадгалаад маргааш нь авч явбал зүгээр гэсэн үг үү?
-Оройн хоол цуйван байсан гэж төсөөлье. Маргааш ажилдаа авч явахаар төлөвлөж, арай их хийлээ гэж бодъё. Хоолных нь халуун уур дарагдмагц тагтай саванд хийж хөргөгчиндөө хийвэл энэ нь хамгийн зөв хадгалалт юм. Өглөө нь хоолоо ажилдаа авч яваад ажлын хөргөгчинд хийгээд өдрийн цайны цагаар идэхэд ямар нэгэн асуудалгүй. Учир нь хүйтэн хэмд бактери үржих боломж маш бага байдаг.
Хоносон хоол аюултай болдог гол шалтгаан нь илүү гарсан хоолоо тогоонд нь эсвэл ширээн дээр ил байлгаж хонуулахтай холбоотой. Харин хоолыг аль болох хурдан хөргөгчинд хийж хадгалах нь эрсдлийг багасгана. Хөргөгчинд хийлгүйгээр хонуулаад өглөө нь халааж идэх нь маш буруу зуршил. Мөн дараа нь хийе гэж бодоод хоолоо бэлдсэний дараа 4–5 цагийн дараа орой нь хөргөгчинд хийх нь ч бас тохиромжгүй. Энэ хугацаанд хоол шим тэжээлээ алдахаас гадна бактер үржих нөхцөл бүрддэг. Тиймээс илүү гарсан хоолыг халуун уур нь дарагдангуут тагтай саванд хийж, шууд хөргөгчинд хадгалах нь хоолны аюулгүй байдлыг хангах хамгийн зөв арга юм.
-Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хоол шингээлт болон хоолны хордлогын эрсдэлд хэрхэн нөлөөлдөг вэ. Үүнийг хэрхэн зохистой хэрэглэх талаар зөвлөмж өгнө үү.
-Баярын өдрүүдээр архи, согтууруулах ундааг заавал тодорхой хэмжээнд тохируулж хэрэглэх шаардлагатай. Хүн бүрийн биеийн жин, нас, биеийн онцлогоос шалтгаалаад архинд согтох хэмжээ харилцан адилгүй байдаг. Тиймээс стандарт хэмжээ гээд шотоор хоёр, гурвыг уучихвал зүгээр гэсэн ойлголт нь нэг талаараа өрөөсгөл ойлголт юм.
Ер нь бол хүн өөрийн биеийн байдлыг мэдэрч, хэзээ хангалттай болсныг ойлгодог байх нь хамгийн чухал. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хоол шингээлтэд шууд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа өөх тос ихтэй, тослог хоол идсэний дараа архи уух нь эрсдэлтэй. Энэ үед хоол задлахад маш чухал үүрэгтэй нойр булчирхайд их ачаалал өгч, улмаар гэмтээх эрсдэл бий болдог.
-Иргэд баярын дараах өдрүүдэд хоол шингээлтээ хэвийн болгохын тулд ямар дэглэм баримтлах нь зүйтэй вэ?
-Хоол шингээлтдээ анхаарна гэдэг нь заавал нарийн дэглэм барина гэсэн үг биш. Жишээлбэл, урд өдөр нь нэлээд ачаалалтай, их хооллосон бол маргааш нь арай хөнгөн хоол идэж, ногоо түлхүү хэрэглээд махны хэмжээгээ багасгах байдлаар зохицуулж болно. Ингэснээр бие махбод ачааллаасаа гарч, үйл ажиллагаа нь аажмаар хэвийн байдалдаа орж эхэлдэг. Харин үлдэгдэл хоол их байна гээд дахин дахин нэмж идээд байвал бие улам л хямарч байна гэсэн үг.
Хоол шингээлтийн тухайд өдөр тутамдаа зайлшгүй анхаарах ёстой хамгийн энгийн зүйл бол сайн зажлах юм. Хоолоо 25–30 удаа, аль болох олон удаа зажилж идэх тусам шингээлтэд маш сайн нөлөөтэй.
Хэрвээ шүдний хувьд тодорхой асуудал байвал юуны өмнө шүдний бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй. Үүний дараа хоолоо тогтмол, удаан, олон дахин зажилж идэх дадлыг хэвшүүлэх нь чухал. Бид ядаж хоолныхоо 30 хувийг сайн зажилж чадвал шингээлтэд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг. Сайн зажлах үед шүлс ихээр ялгардаг. Шүлсэнд агуулагддаг амилаза гэдэг фермент нь хоолны тодорхой хэсгийг аль хэдийн задалж, шингээлтийг эхлүүлдэг учраас бие хүнд оргихгүй, илүү сэргэг мэдрэмж төрдөг.
Мөн тархинд цадлаа гэсэн дохио очиход ойролцоогоор 20 минут шаардлагатай байдаг. Харин хурдан иддэг хүмүүсийн хувьд энэ дохио амжаагүй байхад хоолоо их хэмжээгээр идчихдэг. Үүний улмаас хоолны хэмжээгээ хэтрүүлж, цаашлаад хоол шингээлтийн асуудал, таргалалт, ходоодны шарх зэрэг эрсдэлүүд үүсдэг. Тиймээс хоолоо удаан, тайван, олон удаа зажилж идэх нь эрүүл мэндийн хамгийн энгийн хэрнээ хамгийн чухал дадал юм.
-Хооллох цагийн хувьд хүмүүс оройтож хооллох нь элбэг байдаг. Хооллох зөв цагийн хувьд та зөвлөгөө өгнө үү?
-Бид хоолоо ойролцоогоор 3–4 цагийн зайтай тогтмол идэх нь хамгийн зөв байдаг. Жишээлбэл, өглөө 07:00 цагт өглөөний цайгаа уулаа гэж бодъё. Үүнээс хойш гурван цагийн дараа, 10:00 цагийн үед хөнгөн зууш идэж болно. Дараа нь 13:00 цагт өдрийн хоол, 15:00 цагийн үед дахин хөнгөн зүйл идээд, оройн хоолоо хамгийн оройтлоо гэхэд 19:00–20:00 цагийн хооронд идэх нь зүйтэй. Ийм хэмнэлээр хооллох нь өлсөж хэтрүүлэн идэхээс сэргийлж өгдөг. Харин тухайн үед өлсөхгүй байвал завсрын зуушаа алгассан ч асуудалгүй.
Ажлын онцлогоос шалтгаалаад оройтож харьж, 22:00 цагийн үед хооллох хүмүүс цөөнгүй байдаг. Гэвч энэ нь бие махбодын хувьд тохиромжгүй хооллолт юм. Бид угаасаа байгалийн жамаараа амьдардаг учраас нар, сарны хэмнэлтэй уялдаж дотоод эрхтнүүд маань ажиллаж, амарч байдаг. Ерөнхийдөө 22:00 цагт эрхтэн системүүд амралтын горимд орсон байдаг. Харин яг энэ үед нь таваг дүүрэн хоол идчихвэл амарч байх ёстой эрхтнүүдийг хүчээр ажиллуулж байна гэсэн үг. Ингэснээр бие махбод амрах боломжгүй болж, нойр булчирхай, цөс зэрэг эрхтнүүдэд ачаалал үүсэж, цаг хугацааны явцад эрүүл мэндийн ноцтой асуудал дагуулдаг.
Бие хангалттай амарч чадахгүй байснаар өглөөдөө ядарсан, эрч хүчгүй сэрэх, улмаар амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Орой их өлсдөг нэг шалтгаан нь өдөр нь хангалттай, зөв хооллож чадаагүйтэй холбоотой байдаг. Тиймээс оройн хоолоо аль болох 20:00 цагийн үед идэж хэвших нь чухал.
Хэрвээ орой 22:00 цагийн үед өлсөөд унтаж чадахгүй байвал тараг уух, нэг ширхэг гадил жимс идэх зэрэг хөнгөн зүйл хэрэглээд унтаж болно. Эрч хүчтэй, эрүүл амьдралын зөв хэв маягийг бий болгоход хооллох цагийн зохицуулалт маш чухал үүрэгтэй юм.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн