Витамин C-гийн өндөр тун нь агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын уушгинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс тодорхой хэмжээнд хамгаалж болохыг судалгаагаар тогтоожээ. Микрометрийн хэмжээтэй эдгээр тоосонцрыг PM2.5 гэж нэрлэдэг бөгөөд астма, уушгины хорт хавдар зэрэг өвчинтэй холбоотой гэж үздэг.
Сиднейн Технологийн Их Сургууль (UTS)-ийн судлаачдын баг эр хулгана болон лабораторид ургуулсан хүний эдэд туршилт хийж, нарийн ширхэгт тоосонцорт өртсөн эдэд С витамин хэрхэн нөлөөлөхийг судалсан байна. Үр дүнд нь С витамин нь агаарын бохирдол уушгинд үүсгэдэг эсийн гол гэмтлүүдийн заримыг бууруулж чадсан гэж тогтоожээ.
Тодруулбал, С витамин нь:
эсийн “эрчим хүчний станц” болох митохондрийн алдагдлыг багасгаж,
тогтворгүй, идэвхтэй молекулуудаас үүдэлтэй исэлдэлтийн стрессийн гэмтлээс эсийг хамгаалсан байна.
С витамин нь антиоксидант гэдгээрээ алдартай тул судлаачид агаарын бохирдлын эсрэг хамгаалах нөлөөг нь шалгах сонирхолтой байжээ.
“Антиоксидант С витамин хэрэглэх нь бага түвшний PM2.5-д өртөх үед үүсэх сөрөг нөлөөг бууруулахад үр дүнтэй байсан бөгөөд эрсдэл өндөртэй хүмүүст зөвлөмж болгож болох юм” гэж UTS-ийн магистрант Сюй Бай болон түүний хамтрагчид судалгааны өгүүлэлдээ бичжээ.
Судалгааны үр дүн итгэл төрүүлэм байгаа ч лабораторид ургуулсан эд, хулганын загвараас гадна бодит амьдрал дээрх хүмүүст тохирох тунгаар адил үр нөлөө үзүүлэх эсэхийг тогтоохын тулд нэмэлт судалгаа шаардлагатай гэжээ. Лабораторийн нөхцөлд бохирдлын түвшин болон С витамины тунг нарийн тохируулсан бөгөөд энэ нь ихэнх хүмүүсийн бодит өртөлтийг бүрэн илэрхийлэхгүй байж магадгүй юм.
UTS-ийн молекулын биологич Брайан Оливер:
“Энэ судалгаа таны хувьд зөвшөөрөгдсөн хамгийн дээд тунгийн С витамин тодорхой хэмжээнд тус болж магадгүйг харуулж байна. Гэхдээ та ямар нэмэлт, ямар тун тохирох талаар заавал эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Зарим нэмэлт бүтээгдэхүүнд агуулагдах бусад бодисоос болж хэтрүүлэн хэрэглэх эрсдэл бий” гэжээ.
PM2.5 тоосонцор нь ихэвчлэн замын түгжрэл, ой хээрийн түймэр, шороон шуурга зэргээс үүсдэг. Сүүлийн жилүүдэд эдгээр бичил хэсгүүд хүний эрүүл мэндэд ямар их хор хөнөөлтэйг бид илүү сайн ойлгож эхэлсэн.
С витамины талаарх олдвороос гадна энэ судалгаа нь ийм төрлийн агаарын бохирдол бага түвшинд байсан ч эсийн түвшинд ноцтой гэмтэл үүсгэж чаддагийг харуулжээ. Хулганад туршсан PM2.5-ийн түвшин нь хөгжингүй орнуудын олон хотод хэмжигддэг түвшинтэй ойролцоо байсан байна. Тиймээс С витаминыг нэмэлтээр хэрэглэх нь нарийн ширхэгт тоосонцрын нөлөөнөөс өөрийгөө хамгаалах боломжит нэг арга байж болох юм.
Судалгааны үр дүн Environment International сэтгүүлд хэвлэгджээ.