УИХ-ын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох асуудлыг хэлэлцээд, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.8 хувь нь дэмжлээ. Ингэснээр С.Наранцогт нь ирэх зургаан жил Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна. Гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай МАН ард түмнийхээ дансыг хааж даапаалдаг нам болсон. Дарга томилж ард түмнээ даралдаг нам болж байна. Өчигдөр баахан дэд сайд томилсон. Өнөөдрийн төсвийн бодлого маш их асуудалтай нөхцөл байдалд орсон. 20,000 ААН дампуурсан. 28,000 ААН-ийн данс хаасан. Татварын өр бол 3.5 их наяд болсон. Энэ өр юунаас болж байна гэвэл 2016 оноос хойш тасралтгүй татварын дарамт өссөн. 2021-2022 онд асар их огцом өсөж ААН-үүдийг бүрэн сүйрэлд аваачиж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд төсвийн бодлого буруу явж ард иргэдийг өрөнд оруулах, хамаг хөрөнгийг хуйхаалах ажлуудыг л хийсэн байна. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдал хүнд болоод байна.
Зэсийн үнэ нэмэгдсэнээс бусдаар бүх зүйл хасах руу орж байна. Зэсийн үнэ өсөж байж та нар амь зогоож байх шиг байна. Амьдрал ийм хүнд байхад дахиж дэд сайд нарыг томилж ард түмнээр даажигнаж та нарын мөнгийг дарга нарт зарцуулна гэх бодлого бол хэрээс хэтэрч байна. Төсөв мөнгөн дээр зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Төсөв мөнгөөрөө хувийн хэвшлээ дэмжсэн улс эх орон л хөгжиж чадна. Тиймээс мөнгөний бодлого дээр одоо найдахаас өөр арга алга. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдож байгаа хүн зээлийн хүү бууруулах, хадгаламжийн дээд хүүн дээр хязгаарлалт тогтоох ажлуудыг тодорхой хийсний үр дүнд иргэдийн эдийн засагт эерэг үр дүн авчрах боломжийг нээх юм. Засгийн газрынхаа халаасанд орж болохгүй. Цаашдаа уул уурхайн бүтээгдэхүүнээс хамгийн их өсөлт, эрэлттэй байх нь зэс юм. Зөвхөн зэсийн үнэ дээр биш, эдийн засгийн олон төрөлд анхаарах хэрэгтэй.
Төсөв мөнгөний бодлого сайн уялдаж, мөнгөний бодлогоо Төв банк тодорхойлж үүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улс төсвөө гурав дахин тэлсэн. Мөнгөө гурав дахин тэлсэн байна. Бодит эдийн засгийн өсөлт нь 5-6 хувьтай явж ирсэн. Энэ үүсэж байгаа зөрүү бол өнөөдрийн инфляц, үнийн хөөргөдөл, хөөсрөлийг бий болгосон. Энэхүү хөөс хагарах түвшинд хүрэх гэж байна. Мөнгөний бодлого, төсвийн бодлого аль аль нь агшиж энэ хөөсийг хагалахгүй. Үүнийг тогтвортой макро эдийн засгийнхаа суурь үзүүлэлттэй уялдсан түвшинд аваачих ёстой гэж бодож байна. Чилийн Төв банкнаас явуулдаг мөнгөний бодлого их оновчтой явдаг. Бид ч мөн тэр загвар руу явах нь зөв гэж боддог.
Зээлийн хүүгийн үндсэн шалтгаанд инфляц, эрэлт нийлүүлэлтийн хууль хэрэгжиж байгаа. Мөнгө хүүлэлтийн хувьд хэтэрхий өндөр хэмжээнд хүрсэн. Зээлийн хүүг одоо зах зээлийн зарчмаараа явж байгаа. Банкин дээр явж байгаа хүүг захиргааны аргаар тогтоох нь салбар болоод зах зээлийг эвдлэх буруу жишиг рүү явуулах юм. Төсөв мөнгөний бодлого сайн уялдаад мөнгөний бодлогоо Төв банк тодорхойлж үүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Хэрэгжилтэн дээр алдаа гараад үүнээс болж одоогийн хүндрэлүүд үүссэн гэж бодож байна. Асуудлыг суурь нөхцөлтэйгөө уялдуулсан судалгаа шинжилгээн дээр үндэслэж, үүний хэрэгжилтийг бодитой хангаж үнэн зөв мэдээллийг өгөх болно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн хугацаанд эсрэг талд байгаа нөхдүүд нүүрсний хулгайгаар тэдний хамаарал бүхий компани, ААН, иргэд баяжсан. Нийт хадгаламж эзэмшигчдийн 5 хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшдэг. Тэгэхээр ард иргэд бол хадгаламждаа мөнгөтэй байгаад байгаа зүйл бараг байхгүй. Хөдөө малчид хэцүүдэж дуусаж байна. Тиймээс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг шийдэж, ААН-ээс өндөр хүүтэй зээл аваад, нүүрсний хулгайчдыг баяжуулдаг зүйлээс л татгалзмаар байна.
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Хадгаламжийн бүтцийг их ярьж байна. Манай банкнуудын зээл олголт 24 хувиар өссөн. Эх үүсвэрийн 44 хувь нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа. Эрэлт нийлүүлэлтийн хууль үйлчилж байгаа. Эрэлт их байгаа учраас зээлийн өсөлт өнгөрсөн жилээс 24 хувиар нэмэгдсэн. Тэр дундаа хэрэглэгчдийн хэрэглээний зээл илүү өсөлттэй байгаа. Бүр нарийвчилбал тэтгэврийн зээлийн өсөлт 44.2 хувь. Зээлийн хэрэгцээ яваад байдаг. Дотоод хадгаламж нь инфляцтай уялдаж тогтож байгаа. Инфляцаас доош түвшинд хадгаламжийн хүүг хүчээр оруулах тухай, банкны өөрийн үйл ажиллагаа, эрсдэлийн зардал ашгийг харж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Тэтгэврийн зээлийн бодлого тогтвортой баймаар байна. Уялдаа холбоотой тогтолцоог оруулж ирээсэй гэж бодож байгаа.
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Төв банк тэтгэврийн зээлийн асуудалд оролцоод явах нь сайн зүйл биш. Тэтгэврийн бодлого, тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр тогтоож байгаа энэ асуудал бол үндсэндээ Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой. Суурь тэтгэврийн үндсэн реформыг хийж байж ахмадуудын тэтгэвэр зөв тогтоолгож, амьжиргаанд хүргэх юм. Банк бол үйлчилгээ л үзүүлж байгаа байгууллага. Бид энэ тал дээр үүрэг хүлээх нь зөв үү буруу юу гэх асуудал байна. Төв банк зохицуулалтын үүрэгтэй банк. Тэтгэвэр олгогч институц өөрөө биш. Өнгөрсөн жилийн датаг харахад 44.2 хувиар өссөн маш их өсөлт байна. УИХ-аас ахмадуудын амьжиргааг нэмэгдүүлэх тал дээр анхаарах юм. Төв банк санхүүгийн зохицуулалтынхаа хүрээнд банканд боломж олгох журмаар 36 сарын асуудлыг шийдсэн. Энэ асуудалд захиргааны арга хэрэглэх нь тохиромжгүй.
Хувийн хөрөнгө оруулалттай, ашгийн зорилготой, арилжааны зах зээлийн зарчмаар ажиллах зорилготой банкнуудыг бүрэн дэмжинэ. Манай зээлийн хүү өндөр байгаа гол зардал нь эх үүсвэрийн зардал. Хямд эх үүсвэрийг гаднаас хөрөнгө оруулж орж ирнэ гэдэг бол манай эдийн засагт сайн юм. Ийм зорилготой банкийг бараг урьж оруулж ирэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Ипотекийн журмыг Монголбанкнаас тодорхойдог. Эрх хэмжээ нь бий. Тиймээс та энэ журам дээр анхаарах болов уу. Багш, эмч нар ипотекийн зээлийн журам, шалгуурыг давж чаддаггүй. Мөн Төв банкны хараат бус байдал дээр та хэрхэн анхаарах вэ?
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Ипотекийн журам дээр онцгой анхаарч ажиллана. Бид өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас мөнгө хэвлэх журмаар ипотекийн хөнгөлөлттэй хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Мөн өнгөрсөн жилээс хуримтлалын сангийн мөнгийг ашигласан.
Одоогийн байдлаар зорилтот бүлгийн 40 хувь нь л хамрагдсан байгаа. Одоогоор 30 мянга гаруй хүний оочир үүссэн. Тэгэхээр хоёр чиглэлээр явах ёстой. Бид угаасаа 6 хувьд багтахгүй байгаа зүйлийг оочирлуулах биш зах зээлийн олон улсад байдаг туршлагыг нэвтрүүлж үндсэн зарчмаар нь хөөцөлдөж ногоон зээл, урт хугацаат эх үүсвэрийг олж ирэх энэ нөхцөлийг Төв банкнаас зохицуулалтыг бий болгох юм.
Төв банкны бие даасан байдлыг хангах банкнуудад тэгш шударга хандах гэдгийг мөрийн хөтөлбөртөө бичсэн. Асуудлууд нээлттэй, олгогдож байгаа санхүүжилт нь шаардлагатай дүрэм журам хууль эрхийнхээ хүрээнд шударга журмыг барьж нээлттэй явж байж л зөв болно гэж бодож байна. Бодлогын хэрэгжилтийг тэгш шударга байлгах болно.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Эдийн засагт цусны эргэлт болж байх ёстой, ААН-үүдэд олгогдох ёстой мөнгө зөв хэсэгтээ очдоггүй. Төв банкны бие даасан байдлыг хангах, ажил үүргийн мэргэжлийн байдал дээр таныг шаардлага хангана гэж бодохгүй байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Сая УИХ-ын дарга хэллээ. Монголбанк бүтцээ тэлж 700 гарлаа гэж. Одоо сонсгол явж байхад тэнд томилгоонууд явж байна. Томилгоо нь үнэхээр зайлшгүй байсан бол хамаа алга. Өнөө маргаашгүй ажлаа өгөх гэж байгаа хүн тэнд томилгоо хийгээд сууж байна гэдэг бол маш том ёс зүйгүй асуудал юм. Монголбанкны бүтцийг та хэрхэн харж байгаа вэ. Бүтэц их тэлсэн байна. Монголд хараат бус байдлын ард ганц дураараа дургиж байгаа газар бол Монголбанк. Орон тооны дээд хязгаараа батлуулдаггүй. Төсвөө батлуулдаггүй. Төсөв, орон тоон дэрээ аудит хийлгэдэггүй. Уг асуудалд зарчмын ямар байдал хэрэгжих вэ?
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Бүтцийн хувьд би яг томилогдож очоогүй учир хэдэн хүн ямар бүтэцтэй ажиллаж байгаа гэх нарийн мэдээлэл алга. Таны саналыг бүрэн хүлээн авч бана. Өчигдөр гэхэд 60 гаруй хүн томилогдсон гэх яриа байна. Энэ бол 5-6 яам гэсэн үг. Ийм хэмжээний ажил хийж байгаа юу үгүй юу гэх асуудал байна. Өмнө нь Монголбанкинд шилдэг банкны мэргэжилтнүүд ажиллаж байсныг мэдэж байна. Хамтарч ажиллаж байсан учраас тэр. Одоо ямар түвшинд очсон байгаад нэлээн нухацтай хандах болно. Итгэл даахуйц төрийн манлайлал үзүүлдэг байгууллага байх хэрэгтэй. Тухайн байгууллагын өөрийн үр ашиг үйл ажиллагаа бол үлгэр жишээ болох ёстой төрийн албаны ёс зүйд нийцэж ажиллах ёстой гэж бодож байна.
Бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй удаан явлаа. Энэ нь компанийн засаглал, хувьцааны цаад талын агуулга дээрээ сайн бодож байхгүй бол хяналтын багц, гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл сайн зүйл. 34 хувийн хяналтын багцыг авч чадалгүйгээр их хэмжээний мөнгө манай улс руу оруулах эсэх нь эргэлзээтэй юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Та өнөөдрийн явж байгаа төсөв мөнгөний бодлого дээр ямар бодолтой байна вэ. Өөрчлөлт, шаардлагын хувьд?
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Бодлогын хүү өндөр, удаан явснаас үүдэж үйлдвэрлэгч, ААН-үүд хүнд байдалд орсон байгаа. Төсөв мөнгөний бодлого уялдаагүй яваад хоёр талдаа мөчлөг дагаж ирснээр өнөөдрийн хөөс бий болсон. Төсөв мөнгөний бодлого хамт хэрэгжихгүй бол үр дүн багатай болно. Эрх зүйн хувьд заавал механизм сайжрах ёстой.
Бид өнгөрсөн хугацаанд ерөнхий эх үүсвэр тавиад үүн дээр зарим нь үр дүнгээ өгч, ихэнх нь үр дүнгүй болдог. ЖДҮ-ийн сан гэж баахан юм болсон. Засгийн газар өөрөө нарийн сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Сүүдрийн банк, тусгайлсан банкнуудыг амжилттай хэрэгжүүлсэн туршлага олон улсад байгаа. Болохгүй зүйл байхгүй хамгийн гол нь зөв засаглал менежмент хэрэгтэй. Бидэнд хэд хэдэн муу туршлага байгаа. Зээлийн хүү дээр нарийвчилсан анализ хийж, захиргааны аргаар хүүг тогтоох боломжгүй юм.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Долларын хүүгийн хэмжээ нь ААН-үүдэд ямар дарамт учруулсан талаар та мэдээллээ хэлнэ үү. Төрийн оролцоотой зах зээлийн нийгэм болж байна. Ард түмэнд ямар ч ээлгүй эдийн засгийн орчин байна. Хүний эрх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн олон асуудал манай улсад байна.
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Өнгөрсөн хугацааны тэлэлт бол өнөөдрийн хөөсрөл мөнгөний үнэ цэнийн уналт гээд хямралын ирмэг дээр аваачсан нөхцөл байдлуудыг үүсгэсэн. Бид нээлттэй эдийн засаг, зах зээлийн эдийн засгийг сонгосон. Чөлөөт эдийн засагтай улс юм. Төрийн зохицуулалт байгаа.
Бид аль болох салбаруудаа либералчлах руу явах ёстой. Төр оролцох зүйлдээ оролцохгүй, оролцохгүй зүйлдээ оролцоод байхаар иймэрхүү гажуудлууд үүсэж байгаа юм.
Зах зээлд огцом хямралыг үүсгэж болохгүй. Огцом савлагааг үүсгэж болохгүй юм. Гэхдээ аажим аажмаар нефтийнхээ асуудлыг бодит гарц руу нь л явуулах ёстой байсан. Гэтэл олон жил Төв банкнаас санхүүжилт хийгээд ийм байдалтай явж байгаа нь миний хувьд буруу гэж бодож байна.
Бид харьцангуй төлбөр тооцооны систем, хүртээмж юмаараа нэлээд сайжирсан. Гэхдээ бид системийн банкнуудын засаглалыг сайжруулж Төв банк анхаарч ажиллах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Мөнгөний эх үүсвэр үнэтэй байна гэж банкнууд ярьж байгаа. 3.6 сая гаруй хадгаламжийн данс байна. Нийт 27 их наяд төгрөг байгаа юм. 500 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч нь 5000 хүн байна. Нийт хадгаламжийн 50 хувийг эзэлж байна. Нэг хэсэг нь л их баяжсан. Мөнгө хүлээлтийн гэх ойлголт эх үүсвэртэй холбоотой. Иргэд хүүний дарамтад байгаа. Энэ тал дээр та анхаарах хэрэгтэй байна.

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Хэрэглэгчдийг хохироодог зах зээлээс хэт давуу байдлыг үүсгэсэн зүйл дээр Төв банк хяналтынхаа чиг үүргээр анхаарал тавьж оролцож хяналт шалгалтын хүрээнд ажиллах ёстой. Банкны эх үүсвэрийн 44 хувь нь хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө дээр тогтож байна. Манай макро эдийн засаг боломжийг нь олгоогүй байж захиргааны аргаар юм уу хүчээр мөнгөө байршуулж байгаа хүмүүс рүү дайрч болохгүй. Хөрөнгийн урсгал нь жижиг зах зээлд байгаа улсад дагалдах хүндрэлүүд бий. Төв банк инфляцыг нам дор түвшинд барих ёстой. Үүнийгээ дагасан эх үүсвэрийн зардал багасах, банкны үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах тал дээр анхаарах юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Алт тушаалтын татварыг 5 хувь байгааг буцаад 2.5 хувь болгох хэрэгтэй. Хэрэв тэгвэл 40-60 тонн алттай болно. Алтны үнэ өсөж байгаа үед илүү их Монголбанкинд алт тушаалт нэмэгдэх хэрэгтэй гэж бодож байна.
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Алт тушаалт буурсан байсан. 2024 онд 11.6 тонн, 2025 онд 9.6 тонн болж буурчээ. Монгол Улс жилд 20 тонн алт олборлодог. Бидний макро суурь нөхцөл, экспорт нь импортоо гүйцэхгүй, урсгал зардал нь алдагдалтай байна. Бид өөрсдийн нөөц бололцоогоо дайчилж алтаа Монголбанкиндаа тушааж, мөнгөжүүлэх асуудлын тухайд тантай санал нэг байна. Алтыг Төв банкандаа төвлөрүүлэх нь стратегийн маш чухал зүйл юм.