Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Азийн бүсийн шинэ тайланд Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хөдөлмөр эрхлэлт өндөр, цалин, нийгмийн хамгаалал харьцангуй сайн орны нэг хэмээн онцолжээ.
Тус тайланд дурдсанаар, Монгол Улс дэлхийн 12 дахь том зэсийн нөөцтэй орон бөгөөд 2030 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт орох төлөвтэй байна. Уул уурхайн салбар одоогоор улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын 90 орчим хувийг бүрдүүлж, 77 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа нь эдийн засгийн гол тулгуур хэвээр байгааг харуулж байна гэжээ.
Зэсийн үйлдвэрлэлд томоохон төслүүд давамгайлж байна
Монголын зэсийн нийлүүлэлтийн сүлжээ нь ихэвчлэн хүдэр, баяжмал хэлбэрээр экспортлогддог ч Эрдэнэт үйлдвэр болон Оюу толгой зэрэг томоохон төслүүд зах зээлийн үндсэн хэсгийг бүрдүүлж, улсын нийт зэсийн үйлдвэрлэлийн 90 орчим хувийг дангаараа хангадаг байна. Мөн Ачит Ихт, Эрдмин зэрэг үйлдвэрүүд зэсийн катод үйлдвэрлэж, дотоодын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж байгааг тайланд онцолжээ.
Цалин, нийгмийн хамгаалал бүс нутагтаа дээгүүр
ОУХБ-ын судалгаагаар Монгол Улсын уул уурхайн салбарын ажилтнуудын дундаж цалин улсын дунджаас 74 хувиар өндөр байгаа бөгөөд албан бус хөдөлмөр эрхлэлт ердөө 2.5 хувьтай байна. Энэ нь бүс нутгийн бусад оронтой харьцуулахад өндөр хөдөлмөр эрхлэлтийн түвшин юм.
Түүнчлэн ихэнх ажилтнууд байнгын хөдөлмөрийн гэрээтэй, нийгмийн даатгалд бүрэн хамрагддаг нь зэсийн салбарын хөдөлмөрийн нөхцөл харьцангуй тогтвортой байгааг илтгэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эвлэлдэн нэгдэх эрх харьцангуй сайн
Монголын томоохон зэсийн компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албан ёсны бодлого, тусгай нэгж, өдөр тутмын зааварчилгаатай байгааг дурджээ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл 65–94 хувь байгаа нь хамтын хэлэлцээр бодитоор хэрэгжих боломжийг бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч илүү цагийн хөлс, суурь цалингийн тооцоололтой холбоотой хууль эрх зүйн ойлгомжгүй байдал байсаар байгааг судлаачид анхааруулжээ.
Эмэгтэйчүүдийн оролцоо буурсан хэвээр
Монголын зэсийн уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо 2024 онд 14 хувь болж, 2009 оныхоос мэдэгдэхүйц буурсан байна. Эмэгтэйчүүд ихэвчлэн захиргаа, лаборатори, дэмжих чиглэлийн ажилд төвлөрч, техникийн болон удирдах түвшинд оролцоо хязгаарлагдмал хэвээр байгааг тайланд дурджээ.
Эерэг жишээ, бодлогын ахиц
ОУХБ Монгол Улсыг уул уурхайн аюулгүй байдлын олон улсын конвенцуудыг соёрхон баталж, хөдөлмөрийн стандартуудаа сайжруулж буйг эерэг жишээ хэмээн үнэлсэн байна. Тухайлбал, 2024 онд Оюу толгойн илүү цагийн хөлсийг зөв тооцохтой холбоотой Дээд шүүхийн шийдвэр гарч, ажилтнуудын суурь цалин дунджаар 200 ам.доллараар нэмэгдсэн нь бодит ахиц гэж үзжээ.
Монгол Улс зэсийн салбарт түүхий эдийн экспортод төвлөрсөн загвараас аажмаар салж, дотоодын боловсруулалт, нэмүү өртөг бий болгох замаар илүү чанартай ажлын байр, тогтвортой орлого бүрдүүлэх боломжтой орон юм гэжээ. Гэхдээ хүйсийн тэгш байдал, ил тод байдал, хөдөлмөрийн харилцааны зарим асуудалд цаашдын бодлогын шинэчлэл шаардлагатай хэмээн ОУХБ дүгнэжээ.