ОУХМ, ахлагч Э.Буджав БНХАУ-ын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ийн жинд аваргалж, дэлхийн аваргын 10 дахь алтан медаль хүртсэн билээ. Үүний зэрэгцээ олон улсын шүүгчийн сертификатаа гардаж авч, туухайт спортын дэлхийн 47 дахь шүүгч, Монгол Улсын анхны олон улсын шүүгч болжээ. Тэрээр ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн 5 дугаар дамжааны сонсогч юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртсэнд баяр хүргэе. Энэ удаагийн ДАШТ өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээс нь юугаараа өөр байв. Энэ баярт мэдээгээ хэнтэй хамгийн түрүүнд хуваалцсан бэ?
-Баярлалаа. ДАШТ-д дөрвөн жил дараалан түрүүлж, нийт 10 алтан медальтай боллоо. Энэ жилийн хувьд гурван алтан медалийн эзэн болсондоо маш их баяртай байна. Баярт мөчөө хамгийн түрүүнд ээж, ах гэрийнхэндээ хуваалцсан. Манай гэрийнхэн ч маш их баяртай хүлээж авсан. Энэ удаагийн ДАШТ Хайнинг хотод буюу харьцангуй ойрхон зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа. Анх 2022 онд ганцаараа үүргэвчээ үүрээд БНЭАУ-руу ДАШТ-д оролцохоор зорьж байсан бол энэ жил 40 орчим хүнтэй багаараа явсан. Ингээд 20 гаруй медаль авлаа. ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч байх үедээ Монгол Улсдаа энэхүү спортыг өшөө илүү хөгжүүлж, дэлхийн тавцанд өрсөлдөх цэрэг армийн мундаг залуусыг бэлдэнэ дээ гэж бодсон. Түүнийхээ төлөө илүү урагшилж олон улсын шүүгч болсондоо баяртай байна.
-Олон улсын шүүгч болсноор танд ямар шинэ хариуцлага, боломж нээгдэж байна вэ?
-Олон улсын шүүгч болсноор эх орноо дэлхийд төлөөлөх нэр хуудас болж байна. Тэмцээнээ шударга шүүж байж гийрийн спортоор эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхтэй болно. Монгол тамирчид дэлхийн дэвжээнд гараад шударга тэмцээнд оролцох цаашлаад эх орондоо тив, дэлхийн аваргыг зохион байгуулах боломж нээгдэж байна.
-Огцом болон түлхэлттэй өргөлтөөр хоёуланд нь түрүүлэхэд хамгийн сорилттой байсан мөчийг нэрлээч?
-Огцом өргөлт 5,5 минутаар ээлжлэн хоёр талдаа нийт 10 минутын хугацаанд огцом өргөхийг хэлнэ. Түлхэлттэй өргөлт нь хоёр талдаа 10 минутад өргөнө гэсэн үг. Энэ жил 10 минутаа дуустал ажиллаж байгаа тамирчид тун цөөхөн байлаа. Миний хувьд өөрийнхөөрөө бэлтгэл сургуулилтаа хийж байснаараа хийгээд дуусгасан.
-Таны ялалтын гол хүчин зүйл юу байв. Тухайлбал, бэлтгэл үү, техник үү, эсвэл сэтгэлзүй юу?
-Ялалтын гол хүчин зүйл нь цэргийн хүний сахилга бат, зохион байгуулалт юм болов уу. Миний хувьд өглөө эрт босоод хөнгөн бэлтгэл хийгээд, хичээлдээ яваад, өдөр нь түлхэлтийнхээ бэлтгэлийг хийдэг. Долоо хоногийн 6 өдөр хичээлтэй байдаг. Түүнчлэн, хичээлийнхээ хажуугаар 5 өдөр бэлтгэлээ системтэйгээр хийдэг. Харин бүтэн сайн өдөр маш сайн амардаг.
-10 алтан медалийн цаана таны хувьд ямар түүх, ямар хөдөлмөр бий вэ. Энэхүү спортоор тууштай хичээллэхэд юу хамгийн их нөлөөлөв?
-Анх цэргийн сургуульд ороод 16 кг-ын гийр даахгүй байхаасаа эхлээд хичээллэж эхэлсэн. Миний ээж гурван хүүгээ ганцаараа өсгөсөн хүчирхэг эмэгтэй байдаг. Тийм болохоор туулж өнгөрүүлсэн амьдрал, хатуу хөтүү зүйл надад хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна. Амьдралд хүнд хэцүү зүйлийг үзсэн хүн спортод илүү их амжилт гаргадаг байх гэж хардаг. Хэрэв би бэлэн амьдралд өссөн хүүхэд байсан бол спортод тэгж их шунаж, өлсөж амжилт гаргахгүй байсан болов уу. Мөн тууштай байхад дэмнэж, урам зориг өгдөг маш олон хүн бий. Хүн болгоноос авахыг нь авч, хаяхыг нь хаяж явдаг. Цэргийн сургуульд ороод өдөр болгон өөрийгөө дайчилж хичээсэн минь өнөөдрийн үр дүнд хүргэлээ. Цаашдаа ч илүү хичээх болно.
Туухай өргөлтийн тив, дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахыг зорьж байна
Э.Буджав
-Багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан уу. Мэргэжлээ сонгосон түүхээсээ хуваалцахгүй юү?
-Ер нь багадаа их сахилгагүй хүүхэд байсан. Миний ээж "энэ хүнийг хүмүүжүүлнэ дээ, цэрэгт явуулна даа" гэж ярьдаг байлаа. 2014 онд барилгын коллеж төгсөөд хоёр жил сүү, цагаан идээний худалдагчаар ажилласан. Ингэхдээ ЭЕШ өгсөн. Миний хувьд цэргийн сургуульд бараг 10 дахь жилдээ суралцах гэж байна. Эхлээд Батлан хамгаалах их сургуульд 3 жил сурсан. Дараа нь ОХУ-ын цэргийн шалгалтыг гурван удаа өгөөд гурав дахь дээрээ тэнцсэн. Одоо ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академид суралцаж байна. Эх орон минь миний мэргэжил, насаараа хоолоо олж идэх зүйлийг сонгож өгсөн.
-Одоогийн сурч буй сургуулийнхаа талаар танилцуулахгүй юү?
-Манай сургууль дэлхийд ганцхан байдаг цацраг, хими, биологи, цөмөөс хамгаалах академи юм. Энэ сургуулиас олон мундаг цэргийн дарга бэлтгэгдэж гарсан.
-ОХУ-ын академид суралцахын зэрэгцээ тэмцээнд бэлдэхэд ямар хуваарь баримталдаг вэ?
-Тухайн тэмцээндээ зориулан хурд, хүчний бэлтгэлийг системтэйгээр хийдэг. Өглөө болгон хуваарь гаргаад оройдоо дүгнэдэг. Ингэж бэлтгэл, амралтынхаа хуваарийг зохицуулдаг.
-Дараагийн зорилт тань юу вэ. 11 дэх дэлхийн алтаа авах уу, эсвэл шүүгчийн карьераа хөгжүүлэх үү?
-Энэ спортыг цаашдаа илүү хөгжүүлж бүх нийтийн спорт болгохыг зорьж байна. Цаашлаад тив, дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулахыг хүсэж байна. Би ирэх жил сургуулиа төгсөөд эх орондоо очиж, 10 жил сурсан мэдлэг боловсролоо харуулах, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлмээр байна.
-Залуу тамирчдад өгөх хамгийн товч, гол зөвлөгөө?
-Амьдралд юу ч тохиолдож байсан тууштай бэлтгэлээ хийгээрэй. Аливаа зүйлийг 1000 удаа давтахад сурдаг. Амжилт гэдэг өнөөдрийн нэг алхмаас тань эхэлнэ шүү. Өдөр бүр тасралтгүй өөрийгөө хөгжүүлээрэй.
-Монголын ард түмэн, цэрэг спортын хамт олондоо хандаж хэлэх үг?
-Юун түрүүнд ийм сайхан эх оронд төрсөндөө баярладаг. Миний хувьд төрдөө баярладаг. Хүмүүс төрийн буруу шийдвэрээс болж ийм нийгэмд амьдарч байна гэдэг. Гэтэл өнөөдөр Орос дайнтай, Хятадад очоод тэмцээн уралдаанд оролцоход эдийн засгийн дайнтай, бетонон ойтой байна. Манай улс харьцангуй амар тайван орон. Бид хотоос гараад л байгальтай. Бидэнд спортоор хичээллэх боломж байна. Хүн болгон өөрийгөө дайчлаад хөгжүүлбэл асар их боломж эх оронд минь байдаг шүү. Төрдөө болон Монгол Улсын зэвсэгт хүчинд баярлалаа гэдгээ хэлмээр байна.