Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Европчуудын тал нь Трампыг “Европын дайсан” гэж үзэж байна

Европчуудын тал нь Трампыг “Европын дайсан” гэж үзэж байна
Нийтэлсэн 20 цагийн өмнө
Шинэ судалгаагаар Европын орнуудын иргэдийн бараг тал нь Дональд Трампыг “Европын дайсан” гэж үздэг гэжээ. Мөн олон хүн Оростой дайн гарах эрсдэл өндөр бөгөөд ийм нөхцөлд улс орон нь өөрийгөө хамгаалж чадахгүй гэж бодож байна.
Парист байрлах Le Grand Continent платформын Европын 9 улсад хийсэн судалгаагаар оролцогчдын гуравны хоёр нь улс орноо Европын холбоонд үлдэхийг дэмжсэн байна. Түүнчлэн тэдний ихэнх нь ЕХ-ноос гарах нь Их Британид сөрөг нөлөөтэй байсан гэж үзжээ.
Судалгааны агентлаг Cluster17-ын үүсгэн байгуулагч, улс төр судлаач Жан-Ив Дормажен “Европын орнууд нэмэгдэж буй эрсдэлийг мэдэрч, геополитикийн орчин эрс өөрчлөгдөж байна. Судалгааны үр дүнг харахад ирээдүйн талаар түгшсэн, өөрийн эмзэг байдлыг тодорхой ойлгосон, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөхөд бэрхшээлтэй байгаа Европын дүр зураг харагдаж байна” гэжээ.
Трампын талаарх хандлага
Судалгаанд оролцогчдын дунджаар 48 хувь нь Трампыг илт дайсан гэж үзсэн байна. Энэ хандлага Белги (62%) болон Францад (57%) хамгийн өндөр байсан бол Хорват (37%) болон Польшид (19%) хамгийн бага байв.
“Европ даяар Трампизм дайсагнасан үзэгдэл гэж ойлгогдож байна. Үүнээс гадна Трампыг төвийг сахисан байр сууринаас харах хүн багасаж, түүнийг шууд дайсан гэж үзэх хүн нэмэгдэж байна” хэмээн Дормажен нэмжээ. Гэсэн хэдий ч судалгаанд оролцогчид АНУ-тай харилцааг стратегийн хувьд чухал хэвээр гэж үздэг. АНУ-ын засгийн газартай харилцахад ЕХ-ны баримтлах хамгийн тохиромжтой байр суурь юу вэ гэж асуухад хамгийн олон хүн буюу 48 хувь нь зөвшилцөх ёстой гэж хариулжээ.
undefined
Оросын эрсдэлийн талаарх ойлголт
Франц, Итали, Испани, Герман, Польш, Португал, Хорват, Белги, Нидерланд зэрэг 9 улсад хийсэн судалгаагаар ирэх жилүүдэд Оростой дайн гарах эрсдэл өндөр гэж үзсэн хүмүүс 51 хувь, маш өндөр гэж үзсэн нь 18 хувь байв.
Дормажен энэ талаар “Хэдхэн жилийн өмнө ийм үзэл бодол бараг боломжгүй мэт санагдах байлаа. Гэхдээ одоо Европчууд тив дээр шууд мөргөлдөөн гарах боломжийг бодитой гэж үзэж эхэлжээ” гэв. Оросын ойролцоо байрлалтай орнуудад энэ айдас тод илэрсэн. Польшид судалгаанд оролцогчдын 77 хувь эрсдэл өндөр гэж үзсэн бол Францад 54 хувь, Герман 51 хувь, Португал 39 хувь, Итали 34 хувь байжээ.
Батлан хамгаалах чадавх дахь итгэл бага байна
Европын орнуудын иргэдийн 69 хувь нь улс орон нь Оросын халдлагаас өөрийгөө хамгаалж чадахгүй гэж үзсэн байна. Франц хамгийн итгэлтэй байсан ч энэ нь ердөө 44 хувьд хүрсэн бол, Оростой хиллэдэг Польшид оролцогчдын 58 хувь нь хамгаалах чадвар сул гэж дүгнэжээ.
Европчуудын хамгийн том айдас
Европын улсуудад эмзэг, аюулд өртөмтгий мэдрэмж өргөн тархжээ. Судалгаанд оролцогчдын дөнгөж 12 хувь нь ямар нэг онцгой аюул мэдрэхгүй байна гэж хариулсан байна.
Хүмүүсийн хамгийн их дурссан эрсдэлүүд:
  • Технологи, дижитал аюулгүй байдал (28%)
  • Цэргийн аюулгүй байдал (25%)
Мөн 69 хувь нь ЕХ иргэдээ хамгаалах үүрэгтэй, хамгаалалтын чиглэлд илүү хүчтэй оролцох хэрэгтэй гэж үзжээ.
ЕХ-ны талаарх хандлага
Судалгаанд оролцогчдын 74 хувь нь улс орноо ЕХ-нд үлдэхийг хүсэж байгаа гэж хариулсан. Энэ үзүүлэлт Португалд 90 хувь, Испанид 89 хувь байсан бол хамгийн бага нь Польшид 68 хувь, Францад 61 хувь байлаа. Мөн Их Британийн ЕХ-ноос гарсан шийдвэрийг олонх нь сөрөг дүнтэй байсан гэж дүгнэжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 63 хувь нь Британи хохирсон гэж үзсэн байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн