Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Ц.Намхайдорж: Согтууруулах ундаа, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл зүрх ч зогсоно

Ц.Намхайдорж:  Согтууруулах ундаа, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл зүрх ч зогсоно
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 2
Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл залуучуудын дунд зонхилон тохиолдож цаашлаад гэнэт зүрх хаагдах тохиолдол нэмэгдэж байна гэх яриа иргэдийн дунд бий болсон. Энэ удаагийнхаа ярилцлагаар зүрх судасны өвчлөл юунаас болж үүсэж байна, Covid-19 цар тахлаас болж энэхүү өвчлөл нэмэгдсэн үү, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар "Сонгдо" эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Ц.Намхайдоржтой ярилцлаа.
-Сүүлийн үед залуусын дунд зүрх судасны өвчлөл нэмэгдэж байна гэж хүмүүс их ярих болсон. Тухайлбал, унтаад сэрээгүй гэнэ, гэнэт нас барчихлаа, зүрх нь хаагдсан гэнэ ээ гэх яриа нэлээд сонсогдох боллоо. Зүрх судасны өвчлөл үнэхээр залуужаад, гэнэтийн үхэлд хүргээд байна уу?
-Залуусын дунд гэнэт зүрх зогсох ихсээд байгаа үгүй нь эргэлзээтэй асуудал. Хэдхэн жилийн өмнө цахим орчин хөгжөөгүй байсан болохоор олон нийт мэддэггүй өнгөрдөг байсан. Харин одоо цахим орчинд мэдээлэл их хурдан түгдэг болсон учир ихэссэн юм шиг харагдаж байж магадгүй. Үнэхээр ихэссэн эсэхийг тоон судалгаанд  үндэслэж ярих хэрэгтэй. Жишээлбэл, 10-20 жилийн өмнө зүрхний гэнэтийн нас баралт хэд байгаад одоо хэд болоод байгаа талаар судлах нь зүйтэй. Түүнээс биш шууд зүрх зогсох гэнэтийн үхэл ихэссэн гэвэл алдаатай байж магадгүй.
Ер нь зүрх зогсох, гэнэтийн үхэлд хүргэх үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:
Нэгдүгээрт, аминд аюултай зүрхний хэм алдагдлын асуудлууд бий. Өөрөөр хэлбэл, цахилгааны асуудал гэсэн үг. Биднийг гэртээ байхад гэнэт цахилгаан тасалдсанаас үүдэлтэй янз бүрийн асуудал гарч байгаатай ижилхэн гэсэн үг. Зүрх өөрөө цахилгаанаар хангадаг эрхтэн. Бид хурдлуулъя, удаашруулъя, хэм алдуулъя, хэм алдаж байвал засъя гээд удирдах боломжгүй. Тэгэхээр гэнэт цахилгааны асуудал гарсантай холбоотойгоор зүрх зогсдог. Тэр нь төрөлхийн удмын генийн эмгэгүүдээс шалтгаалсан байж болно. Мөн зүрхний цусан хангамж гэнэт байхгүй болох эсвэл зүрхний булчинд эмгэг, цахилгаанууд үүссэнтэй холбоотойгоор хэм алдагдлаас болж гэнэт зүрх зогсдог.
Хоёрдугаарт, зүрхний цусан хангамж цочмогоор доголдох. Том хэмжээний зүрхний шигдээсний дараа гэсэн үг. Гэнэт зүрхийг тэжээдэг судаснууд бөглөрчихдөг. Том судаснууд амсар дээрээ бөглөрч цусан хангамжгүй болбол зүрх зогсно.
Гуравдугаарт, зүрхний булчингийн эмгэгүүд орно. Үүнд төрөлхийн, удмын генийн эмгэгүүд байдаг.
-Ямар нэгэн суурь шалтгаангүйгээр, архаг өвчингүйгээр зүрх гэнэт зогсох эрсдэлтэй юү?
-Эв эрүүл зүрх зүгээр байж байгаад гэнэт зогсох магадлал маш бага. Гэхдээ зүрхний цусан хангамжид огцом өөрчлөлт оруулах буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис зэргийг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл зүрх ч зогсох эрсдэлтэй.
Зүрхний гэнэтийн нас баралтын хамгийн гол шалтгаан бол зүрхийг цусаар хангадаг судаснуудын цочмог бөглөрөл буюу зүрхний шигдээс байдаг. Амьдралын буруу дадал, зохисгүй хэрэглээнүүд, архаг стресс, илүүдэл жин, нойргүйдэл, сахрын өвчин, артерийн даралт ихсэлт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг нь зүрхний шигдээсний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Covid-19 цар тахлын дараа зүрх судасны өвчлөл нэмэгдчихсэн, улмаар гэнэт нас барах тохиолдол нэмэгдэж байна гэх яриа их гарах болсон шүү дээ. Үнэхээр энэ өвчлөл Covid-19, ковидын вакцинаас болсон уу. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд мэдээлэл өгөөч?
-Ковидтой холбоотой зүрх судасны өвчлөл, нас баралт нэмэгдсэн гэсэн судалгаанууд байгаа. Вирус нь шууд зүрхний булчинг гэмтээж аминд аюултай хэм алдагдал үүсгэх, зүрхний дутагдалд орсноор гэнэт зүрх зогсож байгаа асуудал байж болно. Мөн ковидын вирус шууд бусаар иргэдийн яриад байгаа цус өтгөрүүлэх мэтийн шалтгаанаар судасны бөглөрөл үүсгэж энэхүү эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэсэн судалгаанууд бий.
-Ковидтой холбоотой зүрх судасны өвчлөл, нас баралт нэмэгдсэн гэсэн судалгаанууд байгаа гэлээ. Энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй. Хүмүүст гэнэт нэг өглөө сэрэхгүй байх вий гэсэн айдас байгаад байх шиг?
-Ковидын өөр хувилбар болон төстэй вирусын өвчлөл бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа. Угаасаа энгийн ханиад хүрээд тэр нь хүндрээд, зүрхний булчин гэмдэг тохиолдол ч байдаг. Гэхдээ энэ нь харьцангуй ховор. Тэр утгаараа бид вирусээс эм уугаад, тариа тариад хамгаална гэдэг магадлал бага. Иймд бид дархлаагаа дэмжих тал дээр анхаарах ёстой. Дархлаа гэдэг эм ууж, тариа тариад сайжирчихдаг эд биш. Дархлаа дэмжих хамгийн сайн арга бол амьдралын зөв хэв маяг буюу нойр, хоолоо зөв зохицуулах, хэт ядрахгүй байх юм. Түүнээс цахим сүлжээнд яригдаж буй эм тариа хэрэглээд л дархлаа нь сайжраад байдаггүй. Ихэнх тохиолдолд дархлаа муудсандаа биш дархлаа хэт ажилснаас хүнд аюултай зүйлс тохиолддог. Вирус болон янз бүрийн өвчлөл хүний дархлааг өдөөгөөд орхичихдог.  Хүний дархлаа хэт их ажиллаад өөрийнхөө биеийг гаднын биеттэй андуураад эсрэг ажиллахаар аюул үүсгэдэг.
-Тэгвэл урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ?
-Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өндөр хөгжилтэй орнуудын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл нэрлэгдэхээ больсон. Зүрх судасны өвчлөлийн гол эрсдэлүүд нь биднээс хамаардаг болон хамаардаггүй гэсэн хоёр төрөл байна. Биднээс хамаарахгүй эрсдэлд удмын өвчлөл орно. Тухайлбал,  аав, ээж нь залуудаа харвалт, шигдээс болж байсан бол судас нь хатуурах, түүнээс шалтгаалсан эрсдэлүүд гарах магадлалтай. Мөн нас ахих тусам хүний судас хатуурна. Түүнчлэн, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс зүрх судасны өвчнөөр илүү өвдөмхий байдаг. Бусад шалтгаануудаас хүн өөрөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.  Илүүдэл жингүй байх, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, даралт, сахар, өөх тосоо хянах, архи, тамхинаас тагалзах, стресстэхгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн