Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Х.Дашдэмбэрэл: Гэнэт зүрх зогсох нь үнэн хэрэгтээ урт хугацааны хуримтлагдсан үр дүн юм

Х.Дашдэмбэрэл: Гэнэт зүрх зогсох нь үнэн хэрэгтээ урт хугацааны хуримтлагдсан үр дүн юм
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 29
Манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин олон жилийн турш нэгдүгээрт бичигдсээр байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл тогтмол өсөж, тэр дундаа залуучуудын дунд зүрхний шигдээсийн тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ. Иймээс зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар эрсдэлийг анхаарах шаардлагатай талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүрх судасны их эмч, зүрхний ангиографын эмч Х.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.
-Сүүлийн үед хүн амын дунд зүрхний шигдээс, зүрхний шми өвчнөөр өвчилж, гэнэтийн хүндрэлд орох тохиолдол нэмэгдэж байна. Зүрхний өвчний гэнэтийн хүндрэл юунаас үүдэж байна вэ?
-Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад зүрх судасны өвчлөл эрчимтэй нэмэгдэж, хоёр дахин өссөн бөгөөд халдварт бус өвчлөлүүдийн дундаас гуравдугаарт бичигдэж байна. Зүрх судасны өвчлөл дотроос өвчлөлөөрөө гуравдугаарт ордог бол нас баралтын тоогоороо улсын хэмжээнд нэгдүгээрт байна. Зүрх судасны шалтгаант нас баралтын 25 хувийг зүрхний шигдээс эзэлж байгаа нь энэхүү өвчний ноцтой байдал, хүндрэл өндөртэйг харуулдаг.
Зүрхний шигдээс нь зүрхний шми буюу цус хомсдох өвчний хамгийн хүнд, ноцтой хүндрэл юм. Зүрхний шми өвчин нь цаашлаад зүрхний шигдээс болон зүрхний архаг дутагдалд хүргэдэг. Нийт зүрхний архаг дутагдлын 60 орчим хувь нь шми өвчнөөс үүдэлтэй гэсэн судалгаа бий. Шигдээс үүсэх үндсэн шалтгаан нь зүрхний титэм артерийн судас хатууран нарийсч, товруу хагарснаар судсан дотор бүлэн үүсч цусны урсгалыг бөглөхтэй холбоотой. Ингэснээр зүрхний булчингийн цусан хангамж тасалдан, үхжил үүсч улмаар гэнэтийн болон богино, урт хугацааны нас баралт өндөр гардаг. Энэ өвчин нь зөвхөн Монголд бус дэлхий даяар хамгийн тулгамдсан эрүүл мэндийн асуудлын нэг хэвээр байна. Шигдээс болон шми өвчнийг эрт үед нь оношилж чадвал хүндрэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой.
Манай улсад эмчилгээ, оношилгоо, удирдамж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд үе шаттай хийгдэж байгаа ч судалгаагаар Азийн бүс нутагт 2050 он хүртэл зүрх судасны өвчлөл 110 орчим хувиар өсөх хандлагатай байна. Үүнтэй уялдан зүрх судасны шалтгаант нас баралт ч мөн нэмэгдэх төлөвтэй. Хүн амын өсөлт, амьдралын хэв маяг, нийгмийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлс өвчлөл 50 хүртэл хувиар нэмэгдэхэд нөлөөлж байна.
-Удамшил болоод амьдралын буруу хэв маяг гол хүчин зүйл болдог уу? 
-Судас хатуурах өвчин олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд зөвхөн удамшлын нөлөөнөөс хамаарахгүй. Эдгээр хүчин зүйлийг ерөнхийдөө өөрчилж болох болон өөрчилж болохгүй гэж хоёр ангилдаг. Өөрчилж болохгүй хүчин зүйлд удамшил, нас, хүйс зэрэг багтдаг. Удамшлын шалтгааныг өөрчлөх боломжгүй бөгөөд нас ахих тусам атеросклерозын процесс тасралтгүй үргэлжилж, салшгүй даамжирч байдаг. Мөн судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2.5 дахин хурдан судас хатуурах эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Иймээс нас, хүйс, удамшил зэрэг хүчин зүйлс нь бидний хяналтаас бүрэн гадуур оршдог.
Харин өөрчилж болох хүчин зүйлс нь амьдралын хэв маягтай шууд холбоотой. Амьдралын буруу хэв маяг, хорт зуршил болон буруу дэглэм нь судас хатуурал үүсэх үндсэн шалтгаанууд болдог. Тамхи татах, архины хэрэглээ ихсэх, хөдөлгөөний дутагдал, таргалалт, цусан дахь холестерин болон өөх тосны хэмжээ ихсэх, цусан дахь сахарын түвшин өсөх, артерийн даралт ихдэх зэрэг нь судас хатуурах эрсдлийг нэмэгдүүлдэг. Эдгээр хүчин зүйлийг үе шаттайгаар хянаж, хэвшил болгон өөрчилж чадвал судас хатуурах явцыг удаашруулахын зэрэгцээ үүнээс үүдэн гарах хүндрэл, эрсдлээс үр дүнтэй сэргийлэх боломжтой юм.
-Зүрхний өвчлөл ковидын дараа нэмэгдсэн гэдэг нь үнэн үү. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ковидын вирус нь зүрх судасны тогтолцоо, амьсгалын тогтолцоо зэрэг олон эрхтэн системд гэмтэл учруулсан. Ковидын үед нас баралт их байсан нь гол төлөв өндөр настай, хавсарсан өвчтэй хүмүүст илүү хүндээр нөлөөлснөөс үүдэлтэй. Харин ковидоор өвдсөний дараагаар зүрх судасны өвчлөл огцом нэмэгдсэн гэх тодорхой судалгаа, тоон баримт одоогоор байхгүй.
Ковидын халдварын оргил үеэр зүрх болон уушгины үйл ажиллагаа хүндэрч, вирусийн шууд нөлөөллөөс шалтгаалсан нас баралт их гарсан. Харин өнөөдөр ковидын үе өнгөрч, халдварын тархалт намжсан энэ үед зүрх судасны өвчлөлийн статистикийг харахад өвчлөл ковидын өмнөх үеийнхтэй адил түвшинд, нэгэн жигд хэвээр байна. Ковидын жилүүдэд зүрх судасны өвчлөл огцом өссөн гэх үзүүлэлт ажиглагдаагүй.
Ковидын үеэр нас баралт их байсан нь зүрх судасны өвчин нэмэгдсэнтэй бус, зөвхөн ковидын халдварын шалтгаант нас баралт тухайн үедээ өндөр байсантэй холбоотой юм. Ковидоос хойш зүрх судасны өвчлөл эрс нэмэгдсэн тохиолдол ажиглагдаагүй бөгөөд ковидын үлдэц олон жил дагасан архаг нөлөө үзүүлж буй гэх нотолгоо байхгүй.
-Дефибрилятор олон нийтийн газар байх зайлшгүй шаардлагатай юу. Мөн анхан шатны тусламж үйлчилгээг иргэд заавал мэддэг байх тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бүхнийг бид амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээний бэлтгэл гэж ойлгож болно. Олон улсын жишгээр яаралтай тусламж үзүүлэх үед хаана ч байсан 3–4 метр гүйгээд л дефибрилятор хэрэглэдэг байх ёстой. Учир нь зүрх жирвэгнэн агшиж чадахгүй болж зогссон үед гаднаас цахилгаанаар цохиж өгснөөр зүрхийг дахин өөрөөр нь агшиж эхлэх боломжтой болгодог юм.
Зүрх зогсолт олон шалтгаанаар үүсдэг. Тэдгээрийн нэг нь зүрхний шигдээс. Гэхдээ шигдээсийн үед хамгийн гол нь бөглөрсөн судсыг нь онгойлгож, цусны урсгалыг сэргээхгүй бол хэдэн удаа дефибрилятор хэрэглээд ч нэмэргүй. Олон улсад шигдээсийн үед авах арга хэмжээ маш нарийн тооцоо, судалгаан дээр үндэслэдэг. Анх үзсэн эмч 10 минутын дотор зүрхний бичлэг хийж, шигдээс мөн эсэхийг заавал тодорхойлох ёстой. Үүнээс хойш дараагийн шийдвэрүүд гарна. Хамгийн түрүүнд хийдэг зүйл нь титэм судасны дотуурх оношилгоо, эмчилгээ бөгөөд ингэснээр бөглөрсөн судсыг онгойлгож, цусны урсгалыг сэргээнэ. Ийм эмчилгээ хийх боломжтой эмнэлэг рүү өвчтөнг шууд тээвэрлэх шаардлагатай. Шигдээс болсон цагаас хойш эхний хоёр цагийн дотор судсан дотуурх мэс заслыг амжилттай хийж урсгалыг сэргээж чадвал амьд үлдэх, хэвэндээ орох боломж маш сайн байдаг. Харин 24 цаг өнгөрвөл нас барах эрсдэл нэмэгддэг.
Олон улс оронд анхны тусламжийг хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь тоглоомын хэлбэрээр зааж эхэлдэг. Сургуульд ороход нь мөн системтэй заана. Ажилд ороход хүртэл хамгийн гол шалгуурын нэг нь амь тэнсэн үед тусламж үзүүлэх чадвартай эсэх байдаг. Ажлын байр болгонд анхны тусламжийн маникан буюу сургалтын төхөөрөмжтэй, ажилтнууд сард тодорхой тооны цээжний шахалт, амьсгал өгөлт хийж дадлагажаад, тэрхүү гүйцэтгэлийг нь ажлын үнэлгээнд хүртэл тусгадаг систем бий.
Ийм сургалт, дадлага тогтмолжсон орнуудад хүн хажуу дахь хүнээ эмнэлэг иртэл амь аварч чаддаг түвшинд хүрсэн байдаг. Зүрх зогссон хүний тархи ердөө гурван минутын дотор үхэж эхэлдэг. Тиймээс түргэн тусламж иртэл хүлээхээс өмнө хажууд нь байгаа хүн цээжний шахалт хийж, тархийг цусаар хангаж байх нь амь аврах цорын ганц боломж болдог. Хажуу дахь хүн мэдлэгтэй бол түргэн ирээд эмчилгээгээ хийгдэж, тухайн хүний амьд үлдэх магадлал эрс нэмэгддэг.
-Зүрхний шигдээсээр нас барж буй хүмүүсийн тоон мэдээлэл байгаа бол уу. Мөн насны хувьд хамгийн залуу тохиолдол хэдэн нас байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд харьцангуй залуу хүмүүсийн дунд зүрхний шигдээс оношлогдох тохиолдол нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Албан ёсны нарийвчилсан тоон судалгаа одоогоор тодорхойгүй ч залуучуудын дунд энэ өвчин нэмэгдэж байгаа. Энэ нь голчлон амьдралын буруу хэв маягтай холбоотой. Тамхи татах, хөдөлгөөний дутагдал, өөх тосны илүүдэл, илүүдэл жин зэрэг олон эрсдэлт хүчин зүйл залуу насанд хүртэл шигдээс үүсгэх нөхцөл болдог.
Манай улсын хувьд жилдээ ойролцоогоор 6000 хүн зүрх судасны өвчний шалтгаанаар нас барж байна. Тэдгээрийн 42 хувийг зүрхний шигдээс дангаараа эзэлдэг нь энэ өвчний аюул ноцтой түвшинд байгааг харуулж байна.
-Зүрхний шигдээс болохоос урьдаж хүнд ямар үндсэн гол шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Зүрхийг тэжээдэг титэм артерийн судсанд судас хатуурах процесс явагдсанаар судасны хана зузаарах, дотоод хөндий нарийсах асуудал үүсдэг. Ингэснээр зүрхэнд очих ёстой цусан хангамж багасна. Жишээлбэл, эрүүл үед зүрх рүү 10 литр цус очих ёстой байсан бол нарийссан судсаар энэ хэмжээ 5–6 литр болж буурч, зүрх цусны дутагдалд ордог. Үүнийг цусан хангамжийн алдагдал гэж нэрлэнэ.
Энэ өөрчлөлтийг хүн эхэндээ амьсгаадах байдлаар мэдэрдэг. Ихэнхдээ тайван үед зовиур илэрдэггүй бөгөөд алхах, шатаар өгсөх, ширүүн алхах, ямар нэгэн зүйл барьж явах зэрэг ачаалалтай үед амьсгал давчдах шинж илэрдэг. Тайван байдалд шилжихээр зовиур намддаг тул хүмүүс анзааралгүй орхих нь элбэг. Учир нь амьсгаадах нь олон төрлийн өвчний үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм. Өвчин даамжрахын хэрээр цээж орчимд таагүй мэдрэмж илэрч эхэлнэ. Энэ нь цээжний ард дарах, шахах, нухах, хорсох, базлах мэт зовиур байдлаар илэрч, зарим тохиолдолд хоолой боогдох мэт мэдрэмж төрнө. Хүн бүр энэ зовиурыг өөр өөрөөр мэдэрдэг ч нийтлэг нь ачаалалтай үед илэрч, амарч тайвшрахаар намддаг.
Эдгээр шинж тэмдгийг хүмүүс удаан хугацаанд тоохгүй явсаар судас нарийссан хэсэг шархалж, товруу нь задарснаар бүлэн үүсч судсыг бүрэн хаадаг. Ийм үед зүрх рүү очих цусан хангамж гэнэт тасалдсанаас зүрхний булчин цусгүй болж үхжиж эхэлдэг. Энэ нь зүрхний шигдээсийн шууд шалтгаан юм.
Энэхүү аюултай өөрчлөлт нь гэнэт өчигдөр үүссэн зүйл биш бөгөөд 5–10 жилийн турш аажим, тасралтгүй явагдсаар ирсэн процесс байдаг. Харин судсанд үүссэн товруу гэнэт задарч бөглөрөх мөч нь л гэнэтийн шинжтэй. Иймээс өвчтөн “өвдөж байгаагүй хүн өчигдөр гэнэт зүрх зогслоо” гэж ойлгож болдог ч үнэн хэрэгтээ энэ нь олон жилийн хуримтлагдсан үр дүн юм.
Судас бөглөрөх мөчид зүрх хүчтэй өвдөж, ойрын хугацаанд эмнэлгийн тусламж авч чадаагүй бол газар дээрээ нас барах эрсдэл өндөр. Гэнэтийн зүрх зогсолтын ихэнх тохиолдлын ард цочмог зүрхний шигдээс байдаг. Харин зарим нь эмнэлгийн тусламжид амжин хүрдэг бөгөөд тусламж авах цаг хугацаа нь тэдний дараагийн амьдралын чанар, тавиланг тодорхойлдог. Хугацаа алдах тусам зүрхний булчингийн гэмтэл нэмэгдэж, нас баралт болон хүндрэх эрсдэл өснө.
Иймээс хүчтэй цээжний өвдөлт илэрч, зүрхний шигдээсийн сэжигтэй тохиолдолд яаралтай тусламж үзүүлж, судсан доторх мэс засал буюу ангиопластик хийх боломжтой эмнэлэг рүү аль болох богино хугацаанд хүргэх нь маш чухал.
-Тэгвэл урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?
-Хот суурин газрын амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд хөдөлгөөний хомсдол түгээмэл бөгөөд үүнээс шалтгаалан таргалалт нэмэгдэх, хооллолтын буруу хэв маяг тогтох зэрэг асуудлууд бий болдог. Түргэн хоол ихээр хэрэглэх, давсны хэрэглээ өндөр байх, өөх тос болон ханасан, ханаагүй өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлс юм.
Хэрэв бид өдөр тутмын дадал зуршлаасаа эхлэн амьдралын хэв маягаа өөрчилж чадвал зүрх судасны өвчний ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эм уух нь аль хэдийн өвчлөл эхэлсний дараа түүний даамжралыг зогсоох зорилготой байдаг бөгөөд өвчнийг бүрэн арилгах арга биш. Харин өвчин үүсэхээс нь өмнө амьдралын хэвшлээ зөв чиглэлд өөрчилж чадвал эрсдэлээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болдог.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн