Боловсролын зээлийн санг өнгөрсөн хугацаанд улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс "тонон дээрэмддэг" байсан нь 2023 оны тавдугаар сард олон нийтэд ил болж байв.
Тодруулбал, одоо Боловсролын зээлийн сангийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй О.Сийлэгмаа 2023 онд шүгэл үлээж олон нийтэд зээлийн сангаас хэн, ямар хэмжээний зээл авч, эргэн төлөлт хийгээгүй талаар олон нийтэд мэдээлж байсан. Наад захын жишээ гэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө болон охин, хүү хоёр нь ч Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад өндөр боловсрол эзэмшсэн нь энэ сангийн хөрөнгө хэнд, хэрхэн зарцуулагдаж ирсний баталгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө 2003, хүү нь 2015, охин нь 2016 онд зээл авсан байдаг. Зээлийн сангийн журамд 2012 оноос өмнө Боловсролын зээлийн сангаар суралцсан бүх хүн зээл болон зээлийн хүү төлөх ёстой ч өнөөдрийн байдлаар ганцхан Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 оны зургадугаар сард зээлийн хүү 3479.27 ам.доллароо төлжээ. Зээл авсан бусад албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий хүмүүс зээл болон хүүгээ төлөөгүй талаар БЗС-гийн Гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч О.Сийлэгмаа мэдээлсэн.
Тэгвэл зээлийн сангийн асуудал олон нийтэд дэлгэгдсэнээс хойш хоёр жил өнгөрөхөд зээлийн эргэн төлөлт хангалтгүй, журам зөрчиж зээл олгосон хэвээр байгааг аудит дүгнэжээ. Үндэсний аудитын газраас Боловсролын зээлийн санд хийсэн гүйцэтгэлийн аудитаар сангийн эргэн төлөлт 1.8 хувьтай гэж дүгнэсэн байна.
Тус сангаас Ерөнхийлөгчийн "Илгээлтийн эзэн", Засгийн газрын тэтгэлэг, дотоод зээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаад сургахад буцалтгүй тусламж, эрэлттэй мэргэжил буюу багш, сувилагч гэх мэт 11 мэргэжлээр суралцуулах тэтгэлэг болон дотоодод буцалтгүй тусламжаар сургадаг байна. 2025 оны сангийн төсөв 154.8 тэрбум төгрөг байсан бөгөөд үүний 124 тэрбумыг улсын төсвөөс, 30 тэрбум нь зээлийн эргэн төлөлт, 3.6 тэрбум нь нэмэлт эх үүсвэр байж. Улсын төсвөөс санхүүжүүлсэн 124 тэрбум төгрөгийн 50 хувиас багагүй нь зөвхөн Ерөнхийлөгчийн нэрэмжит гэж олгодог "Илгээлтийн эзэн" хөтөлбөрт зарцуулагдсан бол үлдсэн 50 хүрэхгүй хувь нь гадаадад магистрын тэтгэлэг, бакалаврын зээлд 20 орчим тэрбум төгрөг нь, бусад 45 орчим хувь нь дотоодын их дээд сургуульд сурч буй 18 мянга гаруй, оюутан залууст олгогдож байна. 2022 оноос Ерөнхийлөгчийн "Илгээлтийн эзэн" тэтгэлэгт жилд 1100 хүүхдэд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, байрны төлбөр олгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нэг ч удаа гэрээ дүгнээгүй байж. Уг нь журмаараа улирал бүхэн гэрээ дүгнэж, үүргээ биелүүлээгүй суралцагсдын гэрээг түдгэлзүүлэх ёстой ч гурван жилийн хугацаанд энэ ажил хийгдээгүй гэсэн үг. Тиймээс 2024 оны арваннэгдүгээр сараас суралцагчтай байгуулсан гэрээг дүгнэж эхлэхэд маш олон зөрчил илэрч, Боловсролын зээлийн сангаас гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчилтэй хүүхдүүдийн гэрээг түдгэлзүүлж, төлбөрийг нэг улирлаар түр зогсоох, сургуулиа хаяад ирсэн, 2-3 жил хэлний бэлтгэлд суусан ч цаашаа сурч чадаагүй хүүхдүүдийн гэрээг цуцлах ажлыг 2025 оны зургадугаар сараас хойш хийжээ. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй, хэлний бэлтгэлд 2-3 жил сурсан, сургуулиа төгссөн, үгүй нь мэдэгдэхгүй хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэн ЗГХЭГ, Боловсролын яаманд өргөдөл гомдол өгч, маргаан тасрахгүй байгаа аж.
Мөн "Илгээлтийн эзэн" хөтөлбөрт хамрагдсан нэг хүүхдэд хамгийн ихдээ 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тодруулбал, Англи улсад сурч буй нэг хүүхдэд гурван жилийн хугацаанд тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон, Польш улсад сурч буй 8 хүүхдэд 2 төрлийн тэтгэлэг давхардуулан олгосныг аудитын тайланд дурдсан байна. Мөн өмнө нь зээл аваад журмаа зөрчсөн гурван иргэнд өмнөх зээлээ төлөөгүй байхад нь дахин зээл олгосон бөгөөд нийт 1.8 тэрбум төгрөгийг журам зөрчсөн гурван хүүхдэд олгосон байгаа юм.
2017-2024 онд 22 улсад 103 мэргэжлээр сурсан хүмүүсээс тэргүүлэх чиглэлээр суралцаагүй 123, төгсөж ирээд санд бүртгүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн 237 байгаа бөгөөд эдгээр хүмүүс сургуулиа төгссөн нь, эх орондоо ирсэн нь ч тодорхойгүй байна. Мөн энэ онуудад гэрээний үүргээ биелүүлээгүй 390 иргэний 11.420.6 мянган ам.долларын зээлийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж зээлээс чөлөөлсөн нь аудитын шалгалтаар илэрсэн байна.
Боловсролын зээлийн сангаар гаднын их, дээд сургуульд сурч төгссөн ч эх орондоо ирж ажилладаггүй, зээлээ төлдөггүй, улс төрд хамаарал бүхий хүмүүс зээлийн санд хамрагдах байдал хэвээр байгааг аудитын тайлангаас харж болно. Боловсролын зээлийн сангийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, хяналт тавих ёстой. Харин татвар төлөгчдийн мөнгөөр гаднын улс оронд суралцаж байгаа хүмүүс хариуцлагатай байж, гэрээний үүргээ биелүүлж, сургуулиа төгсөж, эх орондоо ирж ажиллах нь зүйн хэрэг.