УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлшний хүртээмж, хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.Хотын удирдлагын мэдээлснээр, өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 2024-2025 оны өвөл 500 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол энэ 2025-2026 оны өвөл 350 мянган тонн хагас кокс түлш ашиглахаар төлөвлөжээ. Энэ нь нийслэлийн гэр хорооллын түлшний хэрэглээг ойролцоогоор 30 хувиар бууруулсан үзүүлэлт юм.Есдүгээр сарын 15-ныг хүртэл айл өрхүүд шахмал түлш хэрэглэж байсан бол аравдугаар сарын 10-наас эхлэн БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшийг хэрэглэх болсон байна. Анх долоо хоногт 7 шуудай түлш олгож байсан ч аравдугаар сарын 20-ноос хуваарийг 4 шуудай болгон бууруулжээ. Үүний улмаас олон айл өрхөд түлш дутагдаж, гал алдсан тохиолдол нэмэгдэж байгаа талаар мэдээлэл өгчээ.Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж амь насаа алдсан бөгөөд энэ тоо цаашид өсөх эрсдэлтэй байгааг анхааруулав.Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хагас коксон түлшний олдоц, БНХАУ-аас гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлэлт хэрхэн хийгдэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатайг онцоллоо. Мөн гэр хорооллын асуудлыг бууруулах, орон сууцжуулалтыг дэмжих, агаар ба хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран нарийвчилсан мэдээлэл сонсох нь зүйтэй гэж үзсэн байна.