Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Б.Одонтунгалаг: Иргэдийн боловсролын түвшин нэмэгдэх тусам залиланд өртөх эрсдэл буурдаг

Б.Одонтунгалаг: Иргэдийн боловсролын түвшин нэмэгдэх тусам залиланд өртөх эрсдэл буурдаг
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 28
Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо, Баримт шалгах төв ТББ хамтран цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санхүү, хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Дансаа бүү ашиглуул” аяныг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг: Судалгаагаар дэлхийн хүн амын тал хувь нь долоо хоногт нэг удаа цахим залилангийн оролдлогод өртдөг гэсэн дүн гарсан. Энэ нь залилангийн гэмт хэрэг зөвхөн Монголд бус, дэлхий нийтийн түвшинд ноцтой асуудал болж байгааг харуулж байна.
Монголбанкны 2024 онд хийсэн судалгаагаар, иргэдийн боловсролын түвшинг 10 хувиар нэмэгдүүлэхэд залилах гэмт хэргийн гаралт 3.1 хувиар буурдаг гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, боловсролын түвшин өсөх тусам хүмүүсийн мэдээлэл нягтлах чадвар, санхүүгийн хариуцлага нэмэгдэж, залиланд өртөх эрсдэл буурдаг байна.
Мөн судалгаагаар ядуурал, инфляц, ажилгүйдэл, интернэт хэрэглээний өсөлт зэрэг хүчин зүйлүүд нь залилангийн гэмт хэргийн түвшинд шууд нөлөөлдөг болохыг тогтоосон байгаа юм. Амьжиргааны түвшин буурах, үнэ өсөх, орлого тасалдах үед иргэд хялбар ашиг олох амлалт, урамшуулал, сугалаанд итгэх хандлага нэмэгддэг нь гэмт этгээдүүдэд боломж олгодог. Түүнчлэн залилангийн гэмт хэрэг нь зөвхөн эдийн засгийн төдийгүй сэтгэлзүйн хохирол дагуулдаг.
Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл нягтлах чадвар нь цахим залилангийн эсрэг хамгаалалтын хамгийн чухал хүчин зүйл юм. Эдийн засаг тогтвортой, иргэдийн боловсрол, ажил эрхлэлтийн түвшин өндөр байх нь залилах гэмт хэргийн тархалтыг бууруулах гол нөхцөл болдог байна.
quote photo
Залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна.
Судалгаагаар Монгол Улсын нийт иргэдийн 83 хувь нь цахим хэрэглээтэй, үүнээс таван хүн тутмын дөрөв нь цахим залиланд өртөж байсан байна. Иргэд онлайнаар бараа үйлчилгээ захиалж хамгийн их хохирдог бөгөөд 3654 хүн энэ төрлийн залиланд өртжээ. Үүнээс гадна:
  • Бусдын цахим хаягийг ашиглах - 752 тохиолдол
  • Орон сууц түрээслэх, шилжүүлэх нэрээр залилан хийх - 291 тохиолдол
  • Лайваар сугалаа зохион байгуулах залилан - 126 тохиолдол
  • Телеграм даалгаврын залилан (жижиг даалгавар биелүүлж мөнгө шилжүүлэх) - 767 тохиолдол
  • Мөнгө өсгөнө, зээлийн апп сунгана гэх мэт залилан - 229 тохиолдол бүртгэгджээ.
Монголбанк болон арилжааны банкууд өмнө нь “Ятгах тусам нягтал, Нягтлах тусам аюулгүй” зэрэг олон нийтийн мэдээлэл, нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байсан. Эдгээр аян тухайн үедээ тодорхой үр дүн өгсөн ч, иргэдийн мэдээлэл хүлээж авах байдлаас шалтгаалан анхаарал сулрах, анхааруулгыг үл тоох тохиолдол дахин нэмэгдэж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,309 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 13,393 буюу нийт гэмт хэргийн 35 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд таван гэмт хэрэг тутмын дөрөв нь цахимаар үйлдэгдэж байна. Цахим залилангийн илрүүлэлт 42.7 хувьтай байгаа аж. Энэ чиглэлээр 2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дэргэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулж, өдөр бүр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна. Тус байгууллагын 102 утсанд энэ оны эхний есөн сарын байдлаар 2318 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс 1591 буюу 68.6 хувьд нь хариу арга хэмжээ авч, нийт 18.8 тэрбум төгрөгийн хохирлоос 11.4 тэрбум төгрөгт хязгаарлалт тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 671 иргэн, хуулийн этгээдийн 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг прокурор, шүүхийн байгууллагуудтай хамтран барагдуулжээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн