Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

З.Цогтгэрэл: Ажил хаялтад нэгдсэн 33.7 мянган багш үндсэн шаардлагаасаа ухрах эрхгүйг өдөр бүр сануулж байна

З.Цогтгэрэл: Ажил хаялтад нэгдсэн 33.7 мянган багш үндсэн шаардлагаасаа ухрах эрхгүйг өдөр бүр сануулж байна
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Нийслэл болон 14 аймагт багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна. Багш нарын ажил хаялттай холбоотой мэдээллийг Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлээс тодрууллаа. 
-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн аймгийн багш ажилчид ажил хаялтад нэгдсэн байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн 380 байгууллагын 21 мянга 542 багш, сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсрол, мэргэжил болон политехник коллежийн багш нар хамрагдсан байна. Орон нутагт 247 байгууллагын 12 мянга 219 багш хамрагдаж нийт 627 байгууллагын 33 мянга 761 багш ажил хаялтад нэгджээ. Тэгэхээр орон нутгаас нийт 14 аймаг нь ажил хаялтад нэгдсэн байна. Энэ тоо бол өдөр өдрөөр нэмэгдэн багш нар хүүхдүүдээ зохицуулж, эцэг эхэд нь хүлээлгэж өгч байна. Орон нутгийн хамрагдалтын тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар улс орон даяар сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд ажил хаялтад нэгдэхгүй, оролцохгүй гэсэн газар байхгүй. Бүх сургууль, цэцэрлэг хуулийнхаа хүрээнд нэгдээд явж байна. 
-Сүүлд хийсэн уулзалтаар багш нарын цалинг эхний ээлжинд 20 хувь, дараа нь 10 хувь нийт 30 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулсан. Гэвч танай зүгээс энэ саналыг хүлээж авахаас татгалзаж, тодорхой үр дүнд хүрээгүй. Тэгвэл дараагийн уулзалт хэзээ болох нь тодорхой болсон болов уу?
-Тэр уулзалтын дараа цаасан дээр мэдээлэл солилцох хэлбэрээр буулгаж ирүүлье гэж тухайн үед хэлсэн. Маргааш нь хэлэлцээр эхлүүлэх асуудлаар Боловсролын яамнаас санал ирсэн. Тэр үед долоон хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээр байгуулъя гэсэн. Гэвч тодорхой мэдээллийг ирүүлээгүй учраас Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо үүнийг нь хүлээж авах боломжгүй, та нар тооцоолол хийж ямар нэгэн гарц гаргалгаа, шийдэл гаргасан мэдээллийг ирүүлээрэй гэж албан бичиг явуулсан. Албан бичгийн хариуд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь гэдэг өмнө нь ярьж байсан асуудлаа л тавьж ирүүлсэн учраас хүлээж авах боломжгүй гэдгээрээ бичгээ явуулсан юм. 
undefined
Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэргүүлэгч буюу шийдвэр гаргах түвшнийхний хурал болж хэлэлцээ хийх хүмүүсээ сонгосон. Хэлэлцээ хийх хүмүүс болон ажлын хэсгийнхэн өргөтгөсөн хурлаа хийж, асуудлаа ярилцаж бид бүхэн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 3 сая 300 мянган төгрөг, 2026 оны долдугаар сарын 1-нээс 3 сая 500 мянган төгрөгт хүргэх мэдээллийг хүргүүлсэн боловч одоогийн байдлаар хариу ирээгүй байна.
Боловсролын яам болон бусад газруудаас анхан шатны нэгж болон хүмүүст уриалга гаргаж олон нийтийн сүлжээгээр цацаж байна. Энэ асуудлын тухайд өмнөх байсан түвшингээ л яриад байгаа учраас нийт орон даяар ажил хаялтад оролцож байгаа багш нар тавьсан шаардлагаа биелүүлээрэй. Тавьсан шаардлагаас огт буухгүй шүү гэж маш олон мянган гишүүд хэлсэн.
-Сүүлд явуулсан мэдээлэлд нь хариу ирээгүй байна гэлээ. Тодорхой шийдэл, хариу иртэл ажил хаялт үргэлжилсээр байна гэсэн үг үү?
-Бидэнд тодорхой шийдэл ирээгүй. Харин уулзалт хийе, мэдээлэл солилцох тухайд хүсэлт ирж байгаа. Энэ тухайд өмнөх зүйлээ л яриад байгаа учраас мөн нааштай ахисан түвшинд шийд гарахгүй байгаа учраас ажил хаялт үргэлжилж байгаа юм. Энэ хэлэлцээ нь бид бүхний тавьсан шаардлагыг хэдий хугацаанд биелүүлж, ямар үр дүн гаргахаас шалтгаалж ажил хаялт зогсоно. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн