Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Эмч нар сонирхлын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаар төлөвлөжээ

Эмч нар сонирхлын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаар төлөвлөжээ
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 27
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шударга цалин, төсвийн бодит хуваарилалтыг шаардаж суулт эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг болоод нийслэлийн 1000 гаруй эмч нар жагсаалд оролцож байна. Жагсаалын нөхцөл байдлын талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа мэдээллээ.
Тэрээр “Энд өдөр бүр ирж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд суултаа үргэлжлүүлж байна. Зарим нь шөнөжин нойргүй хонож ажиллаад, өглөө нь дахин суултандаа оролцож байгаа нь тэдний эрүүл мэндэд хүндээр нөлөөлж байна. Хүйтэнд удаан сууснаас хөл гар нь даарч, бие нь чичирч байгаа эмч нар олон байна. Гэсэн ч төр, засгийн зүгээс тэдний дуу хоолойг үл тоон, ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм.
Эмч, эмнэлгийн ажилтнууд 2026 оны төсвийг эргэн харж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, цалин хөлсийг бодитоор өсгөхийг шаардан суултаа эхлүүлсэн. Гэвч одоог хүртэл УИХ, Засгийн газар ямар ч хариу өгөөгүй, зөвхөн сандал ширээний төлөө улс төрийн маргаандаа анхаарч байна.
Эмнэлгүүдэд эм, эмчилгээний хэрэгсэл дутагдаж, ард иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ авахад хүндрэлтэй болсон. Эмч, сувилагчдын цалин амьдралд нь хүрэлцэхгүй, үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл хөлс, шөнийн цагийн мөнгө олгохгүй байгаа төдийгүй цалин нь хүртэл хугацаандаа ордоггүй.
Төр, засаг бидний шаардлагыг биелүүлэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэх болно. Энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж УИХ, Засгийн газарт байгаа. Хэрэв анхаарахгүй хэвээр байвал бид тэмцлийн дараагийн шатанд шилжинэ” гэлээ.
Тус холбоо хуульчдын багтайгаа хамтран ажиллаж байгаа бөгөөд асуудал шийдэгдэхгүй бол сонирхлын маргаан үүсгэж, цаашлаад ажил хаялт зарлахаар төлөвлөжээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зохион байгуулах юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн