Open iToim app
Нийгэм | 8 мин уншина

Ахмадууд тэтгэврийг нь 8 хувь нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв

Ахмадууд тэтгэврийг нь 8 хувь нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 22
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсч, хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцуулсан юм.
Тэрээр “Манай ахмад настнуудын 92 хувь нь өнөөдөр бага тэтгэвэр авч байна. Тиймээс бид хамгийн бага тэтгэврийг доод тал нь 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хэмжээнд хүрэхийн тулд тэтгэврийг үе шаттай, дорвитойгоор нэмэгдүүлэх хэрэгтэй.
Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа нэмэгдэл хийсэн. 2018 онд 27 мянгаар, 2019 онд 24 мянгаар, 2020 онд 25-40 хувиар, 2022 онд 15-43 хувиар, 2023 онд 10-22 хувиар, 2024 онд 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ бодит байдал дээр ахмадын орлого хүрэлцэхгүй хэвээр байна.
Судалгаа хийж үзэхэд 170 мянган ахмадын тэтгэврийг авах ёстой хэмжээнээс нь доогуур тогтоосон байдаг. Мөн сүүлийн таван жилд жил бүр дунджаар 3000 орчим ахмад НДШ-ээ өндөр төлсөн ч тэтгэврээ харилцан адилгүй тогтоолгосон байна. Энэ нь тэтгэврийн зөрүү үүсгэж байгаа гол шалтгаан юм. Иймээс юуны түрүүнд энэ зөрүүг арилгах шаардлагатай. Үүнд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Засгийн газар ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан байгаа. Харин бидний зүгээс тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж, доод тал нь 10 хувиар нэмэгдүүлэх санал гаргасан. Зөвхөн хувь хэмжээгээр бус, мөнгөн дүнгээр ч тодорхой хэмжээгээр нэмэх шаардлагатай.
Одоогоор манай ахмадын 92 хувь нь 692 мянгаас 800 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ мөнгөөр амьдрал ахуйгаа залгуулахад бэрх байна. Ихэнх нь зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа.
Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт 97 хувьтай байгаа атлаа хамгийн эрсдэлтэй зээл гэж ангилсан байдаг. Үүнийг ч бас эргэн харах шаардлагатай байна” гэв.
Өдөр шөнөгүй амь тавин байж жагсахуйц нөхцөл байдал үүсээд байна
Иргэн Д.Сүхбаатар: Одоогоос 11 жилийн өмнө тэтгэвэрт гарч байлаа. Оросод дээд сургууль төгссөн инженер хүн юм. Харин одоо авч байгаа тэтгэвэр маань 740 мянган төгрөг л байна. Гэр бүлийн хүн маань нас барсан, одоо би ганцаараа амьдардаг. Тэтгэврийн мөнгөөрөө байрныхаа төлбөрийг төлнө, үлдсэнээр нь идэж уух хүнсний бүтээгдэхүүн, хувцас гээд амьдралд хэрэгтэй зүйлсээ авна. Гэвч 740 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй юм. Тооцоолол гаргаж, юуг хэмнэх вэ гэж бодсоор арай ядан хүргэж л байна.
Монголын нийт ахмад настнууд яг л ийм нөхцөл байдалд амьдарч байна. Амьдрал үнэхээр хүнд болсон. Харин гадаадын ахмадуудыг харвал, тэд тэтгэврийнхээ мөнгөөрөө аялаж, зугаалж байна. Гэтэл манай улсын гэр хороололд амьдарч байгаа хөгшчүүд талх ч авч чадахгүй сууцгааж байна. Энэ бол үнэхээр эмгэнэл.
Манай улс чинь социализм байгуулж байсан орон шүү дээ. Тухайн үед бид Герман, Польш, Баруун Европ, Хятадтай адилхан түвшинд байсан. Гэтэл одоо тэр орнууд өндөр хөгжилтэй, иргэд нь хангалуун амьдарч байхад, бид хамгийн хоцрогдсон, хамгийн ядуу улс нь болчихлоо.
Одоо манай хөгшчүүдийн байдал үнэхээр дордсон. Гадаадын ахмадууд амралт, аялал төлөвлөж байхад манай хөгшчүүд хоолоо олж идэх гэж тэмцэж байна. Төр засаг бол дээгүүрээ идэж уугаад, нүүрс, ашигт малтмал, юу л байна бүгдийг нь цөлмөж, ард түмнээ бүрэн орхисон. Ард иргэд, ялангуяа ахмад настнууд маань маш хүнд нөхцөл байдалд байна.
Одоо тэтгэврийг найман хувиар нэмнэ гэж ярьж байна. Гэвч энэ нь юу болох билээ, бодит амьдралд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Монголчууд хоёр хуваагдаж байна. Нэг хэсэг нь хэт баяжиж, нөгөө хэсэг нь бүрэн ядуурч байна. Ядуу хэсэг нь нэг талхныхаа араас хөөцөлдөж, махны үнэ ч өдөр ирэх тусам өсөж байна.
Үнэндээ манай ахмадууд энэ байдлыг зүгээр хараад суух ёсгүй. Бидний амьдрал дордсоор, хоолоо олж идэх ч хэцүү болтлоо хүрлээ. Тиймээс ахмадууд жагсаж, эрхээ нэхэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Өдөр шөнөгүй амь тавин байж жагсахуйц нөхцөл байдал үүсээд байна. 
Ахмадын тэтгэврийг найман хувь нэмнэ гэж байгаа нь хүүхдийн гар дээр тавгийн чихэр тавьж байгаа юм шиг л аргацаасан зүйл
Иргэн Т.Давааням: 2000 оны үед тэтгэвэр тогтоолгож байсан. Тухайн үедээ улс эх орондоо хөдөлмөрлөж, зохих хувь нэмрээ оруулсан гэж боддог. Гэвч одоо авч байгаа тэтгэврээ харахад үнэхээр харамсалтай. Ердөө 680 мянган төгрөг л авч байна. Энэ мөнгө амьдралд хүрэлцэхгүй гэдгийг улс даяараа мэдэж байгаа. Тэтгэврийн тогтолцоог бүрэн өөрчлөх шаардлагатай. Зөвхөн тэтгэвэр гэлтгүй, эмч, багш нарын цалин хөлсийг ч бодитоор нэмэх хэрэгтэй. Боломж бол байгаа, харин бодлогоо зөв явуулж, баялгийн хуваарилалтыг шударга болгох л чухал. Манай улс баялагтай мөртлөө ядуурч байна. Ард түмэн улам л доройтож, өдөр ирэх тусам амьдрал хэцүү болсоор байна.
Ард түмний итгэл найдварыг хүлээж төрд гарсан гишүүд, төрийн тэргүүн нар маань үнэндээ зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Тэд улсынхаа төлөө бус, өөрсдийн ууж идэхийн төлөө л явж байгаа нь ил тод. Ийм байхад бидний ирээдүйд итгэл төрөхгүй байна. Монголдоо амьдрах баталгаа, итгэл найдвар байхгүй боллоо.
Ахмадууд бид энэ бүхнийг харж, туулж яваа хүмүүс. Тиймээс бидэнд дахиж итгэл хүлээлгэж, сонгох бодол алга. Төр засаг ард иргэдийнхээ амьдралыг боддоггүй, зөвхөн өөрсдийн эрх мэдэл, ашиг сонирхлоо хамгаалдаг болсон.
Одоо тэтгэврийг найман хувиар нэмнэ гэж ярьж байна. Гэвч энэ бол зүгээр л хүүхдийн гар дээр тавгийн чихэр тавьж байгаа юм шиг аргацаасан зүйл. 680 мянган төгрөгийн тэтгэврийг найман хувь нэмэхэд ямар ч өөрчлөлт гарахгүй. Бодит нөхцөлд бол тэтгэврийг 50–100 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Манай ахмадууд хамгийн бага тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж, жагсаж байгаа. Энэ шаардлагыг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Учир нь ахмад настнуудын хөдөлмөр, зүтгэл үнэлэгдэх ёстой. Бид энэ улсын тулгуур байсан, одоо ч энэ улсын иргэд хэвээр байна. Тиймээс төр засаг биднийг марталгүй, амьдралд хүрэлцэхүйц тэтгэвэр олгох бодит алхам хийх цаг нь болсон.
Надад хүүхдүүд байгаагүй бол өдийд өлсөөд үхсэн байгаа
Иргэн Д.Туяа: Есдүгээр сарын 10-наас хойш ахмадууд төрийн ордны баруун хаалган дээр суулт хийж байна. Учир нь бидний гол зорилго бол тэтгэврээ нэмэгдүүлэх. Гэтэл сүүлд Засгийн газраас тэтгэврийг найман хувиар нэмнэ гэж мэдэгдлээ. Энэ бол үнэндээ ганц эмний мөнгөнд ч хүрэхгүй хэмжээ. Тиймээс бид 1.5 сая төгрөгийн доод тэтгэвэртэй болохын төлөө л сууж байна.
Би одоо 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол хамгийн доод хэмжээ гэж хэлж болно. Харин манайхан дунд 570 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд ч бий. Ийм бага мөнгөөр амьдрал яаж хүрэх вэ дээ. Ганц даралтны эм гэхэд 132 мянган төгрөг. Хэд хоногийн өмнө зүрхний эмээ авсан чинь 54 мянган төгрөг байсан. Тэтгэврийг найман хувиар нэмлээ гээд энэ эмний ч мөнгө хүрэхгүй.
Би зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Хэрвээ надад хүүхдүүд байгаагүй бол, тэд туслаагүй бол өдийд өлсөж үхэх байсан. Хүүхдүүдийнхээ л буянд амьдарч байна. Гэхдээ одоо залуучууд ч өөрсдөө ямар хүнд амьдралтай байгаа билээ. Тэдэнд туслах гэж боддог ч, энэ хэдэн төгрөгөөр яаж туслах юм.
Төрийн дээд удирдлагууд ахмадын авч байгаа 600-700 мянган төгрөгийн тэтгэвэрээр нэг өдөр ч амьдарч чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Гадаадад амьдарч байгаа ахмадуудыг харахад тэтгэврийнхээ мөнгөөр ийш тийшээ аялж, амарч, тайван амьдарч байна. Гэтэл бид Монгол Улс дотроо ч амарч чадахгүй байна. Өмнө нь ахмадуудаа 10 хоног амруулдаг байсан тэр боломж ч одоо байхгүй болсон. Бидний ганц хүсэл бол тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх юм.
Бид өөрсдийнхөө хадгалуулсан мөнгөө л авах гэж байгаа хүмүүс шүү дээ
Иргэн Т.Риймаа: Бид нар энэ жилийн зургаадугаар сарын 19-нөөс жагсаж эхэлсэн. Анхандаа 50/50 хувийн тогтоолыг эсэргүүцэж, чимээгүй суулт хийж байлаа. Тэгээд удаан жагссаны эцэст долдугаар сарын 9-нд банкнаас асуудлыг хэлэлцээд, 50/50-ийг болиулж, тэтгэврийн зээлийг хуучнаар нь болгосон. Гэхдээ энэ нь түр зуурын шийдэл байжээ.
Бид чинь тэтгэврийн зээлээ тултал нь авдаг хүмүүс. Өмнө нь 24 сарын хугацаатай зээл авдаг байсан бол одоо 18 сар болгочихсон. Саяхан би нэг сарын зээл хүссэн чинь банкны хүн “Эгчээ 18 сар л болсон. 24 сар байхаа больсон. 4-5 сарын дараа ирээд нэг сарын зээл авч болно” гэж хэлсэн. Ингээд биднийг тоглоом хийж байгаа юм шиг буцаад 18 сар болгочихсон байсан.
Одоо бид 14-15 сар ямар ч мөнгөгүй, хүнд байдалд орж байна. Өвөл болох гэж байхад түлээ, нүүрсээ авах хэрэгтэй. Гэхдээ мөнгө байхгүй. Тэтгэвэр нэмэгдэх болов уу, амьдрал арай дээрдэх болов уу гэж найдаад л энд суулт хийж байна. Зээлийн хугацааг ядаж 36 сар болгох хэрэгтэй байна. Бид өөрсдийнхөө хадгалуулсан мөнгөө л авах гэж байгаа хүмүүс шүү дээ.
Тэтгэврийг найман хувиар нэмнэ гэхэд бид үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй. Би 570 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Найман хувь нэмлээ гээд хэдхэн цаас л нэмэгдэнэ. Тэр мөнгө амьдралд ямар ч нэмэр болохгүй. Амьдрал бол үнэхээр хэцүү байна. Хоол ундныхаа мөнгийг хоёр удаа хүүхдүүдээсээ гуйдаг. Гурав дахь удаад гуйх гэхээр хүүхдүүд маань өөрсдөө ч амьдралтайгаа тэмцэж байна. Дандаа тэднээс гуйгаад байх ч хэцүү.
Сүүлд арай гэж гурван шуудай нүүрс олж авсан. Тэрийгээ авахын тулд мөнгө гуйсан. Одоо ч амьдрал хэцүүхэн л байна. Гэхдээ бид бууж өгөхгүй. Ямар ч байсан тэтгэврээ 1.5 сая төгрөг болгохын төлөө халуунд нь халаад, хүйтэнд нь хөрөөд сууж байна. Адгийн наад зах нь нэг эм авах гэхэд 200 гаруй мянган төгрөг. Тэрийгээ авч чадахгүй болохоор ямар ч байсан витамин ууя гэхээр бас 200 мянган төгрөг. Тэгээд яшиг болъё гэж бодох үе гардаг.
Би Дарь-Эхэд амьдардаг. Тэнд түлээ, нүүрс олох ч амаргүй. Ойрхон байдаг болохоор манаж харж байгаад хэдэн шуудай нүүрс олж авдаг. Тэрийгээ гэр лүүгээ хүргэхэд 5000 төгрөг төлнө. Мөнгөний урсгал үнэхээр аймшигтай. Махны үнэ өсөөд, нэг жаахан мах авч, тэрийгээ болгоод л амьдрал ахуйгаа залгуулж байна. Хоосон хонохгүй гэж хичээсээр, үнэндээ амьдрал маш хүнд байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн