Open iToim app
Ерөнхийлөгч | 8 мин уншина

ТОМИЛОЛТ: Монгол, Энэтхэгийн харилцаа хөгжлийн үзэл санаа руу шилжив

ТОМИЛОЛТ: Монгол, Энэтхэгийн харилцаа хөгжлийн үзэл санаа руу шилжив
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 20
Одоогоос 10 жилийн өмнө Монгол, Энэтхэгийн харилцааны түүхт 60 жилийн ойгоор Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчилж, хоёр улсын харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх үндэс суурийг тавьж байв. Тэгвэл энэ удаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сарын 13–16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь найрамдал, итгэлцэл, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал болсон гэж гадаад бодлого судлаачид онцлов.
Энэтхэг улсын хувьд Монгол Улсыг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон бөгөөд манай улсыг НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн түүхтэй. Энэ ч утгаараа манай улс Энэтхэгийг оюун санааны хөрш хэмээн тодотгож, эртний найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн билээ.
Ерөнхийлөгч ч айлчлалынхаа үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
quote photo
Монгол Улс нь Энэтхэг Улсыг өөрийн гуравдагч хөрш, Өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд манай хоёр улсын “Стратегийн түншлэл“-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхий сайд та бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 70 жилийн үр дүн, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтран тодорхойлж, газрын зургаа зуран, Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Хамтын ажиллагааны газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай "Хамтарсан мэдэгдэл” гаргав. Талууд өнгөрсөн 70 жилийн ололт, амжилтаа дүгнэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулж, эдийн засаг, эрчим хүч, боловсрол, соёл, мэдээллийн технологи, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
БНЭУ-ын Энэтхэг–Номхон далайн бүс дэх үүрэг нэмэгдэж буй нь Монголд олон шинэ боломжийг нээж өгч буй. Ерөнхийлөгчийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлого илүү өргөн хүрээнд тэлж, Энэтхэг–Номхон далайн бүсийн идэвхтэй оролцогч болох зорилтын илэрхийлэл боллоо. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд далайн боомтод хүрэх шинэ гарцыг эрэлхийлж байна.
Монгол Улсын “Алсын хараа–2050” бодлогыг Энэтхэгийн “Виксит Бхарат–2047” хөгжлийн стратегитай уялдуулан хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг дэмжихээр болсон нь айлчлалын нэг гол үр дүн байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Монголын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт хэмээн онцолж, энэхүү төслийг урагшлуулахад талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцсон юм. Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэхээс гадна Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгохоор болов.
undefined
Айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ “Манай хоёр улс оюун санааны хөрш гэдэг утгаараа харилцаандаа соёл, хүмүүнлэг, түүх, өв соёлын харилцааг онцгойлон авч үздэг. Үүнтэй холбоотойгоор манай Гандантэгчэнлин хийдэд номын сан байгуулах, Богд хааны ордон музейг сэргээн засварлахад Энэтхэгээс хөрөнгө оруулах зэргээр тусгай төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн англи хэлний 1000 багш бэлтгэж өгье гэсэн санал тавьсан. Түүнчлэн мэдээллийн технологийн чиглэлээр 1000 мэргэжилтнүүдийг сургаж өгнө гэдгийг Ерөнхий сайд Нарендра Моди амлалаа. Цаашдаа Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль, технологийн төв зэрэг томоохон төслүүддээ анхаарах, батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах санал, санаачилгыг дэвшүүлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргах ёстой гэж үзсэн бөгөөд хоёр улс агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан байдаг. Тэр утгаараа Дели болон бусад орон нутагт шууд нислэг эхлүүлэхээр ярьсан. Энэ нь иргэд хоорондын харилцааг хөгжүүлнэ гэж үзэж Н.Моди Ерөнхий сайд маш сайн анхаарч ажиллаж байгаа" гэлээ.
undefined
БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэв
Энэтхэг Улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн болон уламжлалт эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа бататгаж, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан, дэлхийн эрчим хүчний шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Шадар сайд С.Амарсайхан "Энэтхэг Улсын санаачилгаар байгуулагдаж байгаа Нарны эрчим хүчний олон улсын эвсэл, Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулах, хөгжүүлэх олон улсын эвсэл гэсэн хоёр том санаачилга, томоохон улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд бий болж байгаа механизмд Монгол Улс албан ёсоор нэгдэж буйгаа илэрхийлж, хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд бий болж байна гэж үзэж байгаа” гэлээ.
undefined
Мөн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт талууд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, Хоршооллыг дэмжих тухай хэлэлцээр, Хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг, Жижиг төслүүдэд Энэтхэгийн буцалтгүй тусламжийг чиглүүлэх хэлэлцээр, Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлах тухай тохиролцоо, Геологи, ашигт малтмал, соёлын солилцоо, цахим шилжилт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүд багтав. Мөн Архангай аймаг, Энэтхэгийн Лех хот дахь Ладакийн автономит бүс хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж, орон нутгийн түвшинд соёл, боловсрол, аялал жуулчлалын холбоог гүнзгийрүүлэх замыг нээлээ.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр айлчлалыг дүгнэж хэлэхдээ "Олон улсын хэмжээнд айлчлалын гол үр дүнг талуудын хоорондоо байгуулсан эрх зүйн баримт бичгийн дагуу тодорхойлдог. Нийтдээ 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамгийн гол нь хамтарсан мэдэгдэл. Стратегийн түнш орнуудын хувьд ойрын 10 жилдээ ямар ажил хийх, ямар чиглэлээр хамтарч ажиллана гэдгээ маш тодорхой нарийвчлан тодорхойлсон. Үүнийгээ олон улсын хэмжээнд хамтран тунхагласан нь том үр дүн. Үүнээс гадна Засгийн газар хоорондын хоёр том хэлэлцээр байгууллаа. Нэг нь хоршооллын чиглэлээр. Манай улсын эдийн засаг хөгжихөд хоршооллын зохион байгуулалт их чухал байгаа. Бид дотооддоо сайн хоршиж чаддаггүй талтай. Үүний дагуу Засгийн газраас явуулж буй Хоршооллыг дэмжих бодлогын хүрээнд Энэтхэгийн Засгийн газартай хамтарч ажиллахаар болж байна. Нөгөөх нь манай улсын хөгжил дэвшилд гол үр нөлөө үзүүлэх бичил төслүүдэд буцалтгүй тусламжийн хөрөнгийг зарцуулахаар болсон явдал юм" гэлээ.
Observer Research Foundation-ийн Евразийн судлаач Раджоли Сиддхарт Жаяпракaш Энэтхэг-Монголын хамтын ажиллагааг “маш сонирхолтой” гэж тодорхойлжээ. Тэрээр “Хэдийгээр худалдааны хэмжээ бага хэвээр байгаа ч Улаанбаатартай харилцаагаа бэхжүүлэх Энэтхэгийн сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд үүний тод жишээ нь эрдэс баялгийн салбарт Энэтхэгийн томоохон хувийн хэвшлийн компаниуд болох Adani, Hindalco, Vedanta, JSW Steel зэрэг оролцож буй явдал юм” хэмээн онцолсон байна.
Монгол Улс Энэтхэгийн ган, технологийн үйлдвэрлэлд шаардлагатай чухал түүхий эдийн эх үүсвэр болох боломжтой. 2024 онд хоёр улс коксжих нүүрсний экспортын талаар хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд талууд Монголын гол ашигт малтмалыг Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой Геологи, ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Мөн БНЭУ Монгол Улсын газрын тосны салбарын хөгжилд чухал дэмжлэг үзүүлж байна. Дорноговь аймагт баригдаж буй Монгол–Энэтхэгийн Газрын тос боловсруулах үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай болно. Энэ нь Монголын ОХУ-аас хамааралтай байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм.
quote photo
Энэтхэг Улс чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа Монгол Улсын хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрийг бид өөрсдийн нийтлэг, үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжүүлэх болно. Нэн ойр түншийн хувьд бид олон улсын тавцанд хамтран ажиллаж, нээлттэй, оролцоог хангасан, хууль ёс, дүрэмд суурилсан Энэтхэг, Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Энэтхэг, Монгол нь дипломат харилцаатай төдийгүй оюун санааны маш ойр дотно нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг гэдэгт итгэлтэй байна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди
Боловсрол, соёлын гүүр улам батжина
Хоёр орны харилцааны бас нэг гол тулгуур нь боловсрол, хүний хөгжил юм. Ерөнхий сайд Нарендра Моди “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмэх шийдвэрийг танилцуулсан нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх бодит алхам боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү дэмжлэгийг ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, хоёр улсын ард түмний найрамдлын гүүрийг улам бататгах алхам хэмээн үнэлэв. Түүнчлэн Дели хотноо болсон “Монголын сайхан орон” соёлын арга хэмжээ нь хоёр ард түмний сэтгэлийн холбоог илтгэсэн, урлаг, аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм.
Өдгөө хоёр улс 2000 жилийн түүхт холбоог шинэ шатанд гаргах зорилгоор 1 сая эртний гар бичмэлийг дижитал хэлбэрт оруулах, Энэтхэгийн Наланда их сургууль болон Монголын Гандантэгчэнлин хийдийг холбох төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн Энэтхэгийн Засгийн газар Гандантэгчэнлинд номын сан барьж, Богд хааны музейг сэргээн засварлахаар санхүүжилт олгохоор болсон юм.
undefined
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж байсан бол энэ удаагийн айлчлал түүнийг баталгаажуулж, харилцааг илүү гүнзгий шатанд аваачлаа. Монгол, Энэтхэгийн харилцаа 2500 жилийн өмнөх Хүннү гүрний үеэс, оюун санааны гүн холбоогоор эхэлсэн түүхтэй. Энэхүү айлчлал тэрхүү уламжлалыг орчин үеийн хамтын ажиллагаанд шилжүүлж, гуравдагч хөршийн харилцааны бодит илэрхийлэл болов.
Манай хоёр улсын харилцаа өнөөдөр итгэлцэл, түүхэн нөхөрлөл, хөгжлийн хамтын зорилго дээр тулгуурлан шинэ эрин рүү шилжиж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү төрийн айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийг бодит агуулгаар баяжуулж, хоёр ард түмний сэтгэл зүрхэнд суурилсан найрамдлыг ирээдүйд бат бөх залгамжлуулах шинэ хуудас болж үлдлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, “Тэрбум мод” санаачилгыг холбосон хамтын ажиллагаа, геологи, боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрүүд зэрэг нь хоёр орны хамтын ажиллагаа тухайн цаг үеийн улс төрийн хүрээнээс давж, ирээдүйн хөгжлийн үзэл санаа руу шилжиж буйг илтгэнэ.
undefined
Энэтхэг улс бол Монголын хувьд технологийн хөгжил, инновацын туршлага, боловсролын чанарыг нутагшуулах гол түнш. Харин Монгол Улс Энэтхэгийн хувьд Евразийн төвд байрлах найдвартай түнш, ардчиллын гэрэл мэт үнэ цэнтэй холбоотон юм. Иймд хоёр орны найрамдалт харилцаа нь бодит ашиг сонирхлоос илүү үнэт зүйл, итгэлцэл, хамтын хөгжлийн философид тулгуурласан хамтын замнал юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн