Засгийн газрын гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэдэг томьёоллоор УИХ-ын чуулганд санал хэлэлцүүлэх гэж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Өмнө нь огцорч байсан Засгийн газруудыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын дүнд үндэслэн чуулганы санал хураалт явуулдаг байсан. Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрыг аль болох тогтвортой байлгах агуулгаар орсон байдаг. Үүнд УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. УИХ-ын гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцно гэж байгаа. Тийм учраас 2019 онд оруулсан энэ өөрчлөлтийн дагуу өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр бус УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээр буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн гарын үсэгтэй бичгийн дагуу томьёоллоор санал хураалт болох ёстой. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт орсны дагуу УИХ-ын Дэгийн тухай хуульд ч маш тодорхой өөрчлөлт орсон. Түүнд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-д сонсгож танилцуулна. Ингээд Үндсэн хуульд заасан томьёоллоор санал хураалт болох ёстой гэдэг. Тэгэхээр Үндсэн хуулийн, Дэгийн шинэ өөрчлөлтөөр анх удаа өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 1992 онд баталсан Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гаргасан бол уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтэд үндэслэн, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллах үзэл, баримтлал дээр тулгуурлан хийдэг. 2019 оноос өмнө маш олон Засгийн газар огцорч байсныг мэдэж байгаа байх. Ийм хоёр ялгаатай заалтыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 1992 оны Үндсэн хуулийн заалтыг барьж Алтанхуяг, Эрдэнэбат Ерөнхий сайдын асуудлыг шийдсэн байна гэж яриад байна. Энэ жишгээр явна гэж байгаа нь өнөөдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болоод байгаа. Чуулганы индэр ашиглан хуулийг буруу тайлбарлаж, ард иргэдийн тархийг угааж байна. Хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөж байгаа нь УИХ-ын дэд даргыг Үндсэн хууль зөрчсөн, албан тушаалаас нь огцруулах, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үйлдэл болно.