УИХ дахь АН-ын бүлэг өнөдөөр мэдээлэл хийж чуулганаас завсарлага авч, бүлгийн хурал хийхээ мэдэгдлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн цаг хугацаанд хүлээцтэй байж, зарчмын байр сууриа байнга тодорхой илэрхийлж, шаардлагаа тавьж ирсэн. Өнөөдөр бидэнд ямар гарц, гаргалгаа байна вэ. Монгол Улс эмх замбараагүй байдал руу ороход, асуудал өдрөөр биш цагаар тоологдож эхэллээ. Магадгүй парламентын засаглалын асуудал ч үүний цаана яригдахыг үгүйсгэхгүй. Одоо эрх барьж буй эрх баригч нарын байр суурийг сонсоход энэхүү эмх замбараагүй байдал руу санаатай хөтөлж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Санаатай эмх замбараагүй байдал руу хөтөлж, зохион байгуулж байгаа хэсэг бүлэг хүчин байна гэж хардаж байна. Тиймээс өнөөдөр чуулган хуралдаж байгаа ч завсарлага авч, АН-ын бүлэг хуралдана. Өнөөдөр тодорхой санал АН-ын бүлэгт танилцуулж, шийдвэр гаргах ёстой. Гарц шийдлийн хувьд энэ хоёр хүний асуудлыг нэг өдөрт зэрэгцүүлэн шийдвэрлэх ёстой гэж 7 хоногийн өмнөөс АН-ынхан үзсэн. Эс бөгөөс энэ байдал засагдахгүй гэж бид үзсэн юм. Тиймээс бид бүхэн хамтад нь асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн шаардалагыг нэхэж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдэж, огцруулж Монгол Улсыг хямралт байдлын босгон дээрээс гаргах ёстой гэх саналыг АН-ын бүлэгт танилцуулах болно. Хэрэв асуудлыг үргэлжлүүлж, нийгмийн хямралт байдлыг даамжруулвал АН-ын бүлэг аливаа асуудалд нь оролцохгүй. Магадгүй цаашид гарах үр дагаварыг, Үндсэн хуулийн зөрчил болон эмх замбараагүй байдлын үр дагаварыг өнөөгийн эрх баригчид, МАН бүрэн дүүрэн хариуцах ёстой гэж үзэж байна. Одоо УИХ-ын даргын өрөөнд очно. Бид шаардлагаа тавина. УИХ-ын даргын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж өнөөдрийн хэлэлцэх асуудлыг байнгын хороо болон нэгдсэн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг огцруулах, 67 гишүүнээр өргөн баригдсан асуудлыг яаралтай оруулан, зэрэгцүүлж өнөөдөртөө шийдвэрлэх ёстой гэх байр суурийг АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулахаа мэдэгдэж байна.