Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо 2025 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртэж, уг шагналаа улсынхаа ард түмэн болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт зориулна гэж мэдэгджээ.
58 настай, инженер мэргэжилтэй Мачадо Венесуэлийн дарангуйллын эсрэг олон жил тэмцэж ирсэн бөгөөд 2024 онд шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан юм. Үүнийг 2013 оноос хойш эрх барьж буй Николас Мадурогийн дэглэмийг сорихоос сэргийлсэн алхам гэж ажиглагчид үздэг.
Мачадо шагнал хүртсэн тухай мэдээг сонсоод “Итгэж чадахгүй байна. Энэ бол зөвхөн миний биш, бүх Венесуэлийн ард түмний ялалт” гэжээ. Тэрээр дараа нь сошиал хуудсандаа “Энэхүү шагналыг зовж шаналж буй Венесуэлийн ард түмэнд, мөн бидний зорилгын төлөө шийдэмгий дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч Трампт зориулж байна” гэж бичсэн байна.
Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурогийн хүчтэй шүүмжлэгч бөгөөд АНУ нь Мадурогийн Засгийн газрыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрдөггүй цөөн улсын нэг юм. Мадуро энэ оны нэгдүгээр сард маргаантай сонгуулийн дараа гурав дахь удаагаа тангаргаа өргөсөн бөгөөд эдийн засаг, нийгмийн хямрал, АНУ-ын хориг арга хэмжээний дор 12 дахь жилдээ засаглаж байна.
Цагаан ордон шагналын шийдвэрийг шүүмжилж, “Трамп Израил, Хамасын хооронд гал зогсоох хэлэлцээнд ахиц гаргасны дараахан Нобелийн хороо Венесуэлд анхаарал хандуулж байна. Энэ нь энх тайвнаас илүү улс төрийг сонгосон хэрэг” гэж мэдэгджээ. Харин Нобелийн хороо мэдэгдэлдээ “Дарангуйллын эсрэг зоригтой тэмцэгчдийг үнэлэх нь чухал” гэж онцолсон юм.
Мачадог өнгөрсөн онд АНУ-ын тухайн үеийн сенатор, одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Конгрессын гишүүд хамтдаа Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Мачадо Венесуэлээс анх удаа энэхүү шагнал хүртсэн хүн болж, Латин Америкийн зургаа дахь шагналтан болж байна. Тэрээр аюулгүй байдлын үүднээс нуугдан амьдарч байгаа бөгөөд гурван хүүхэд нь гадаадад амьдарч байгаа аж.
НҮБ-ын Хүний эрхийн байгууллага энэ шагналыг “Венесуэлийн ард түмний эрх чөлөө, шударга сонгуулийн хүсэл тэмүүллийн илэрхийлэл” хэмээн үнэлсэн байна.