Open iToim app
Улс төрийн намууд | 6 мин уншина

Байр суурь: МАН-ын Бага хурлын гишүүд юу хэлэв

Байр суурь: МАН-ын Бага хурлын гишүүд юу хэлэв
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 27
Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэлсэн юм. Бага хурлын хуралдааны талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
МАН миний төсөөлж байснаас хамаагүй илүү ардчилалтай нам гэж мэдрэгдсэн
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Нээлттэй баймаар байна. МАН-ын дотоод ардчиллыг олон нийтэд үзүүлээсэй гэж бодож байна. Үүний үндсэн дээр аль талд шийдвэрээ гаргах вэ гэдгийг бодож үзнэ. Миний хувьд одоогоор Бага хурлын гишүүн биш учраас саналын эрх байхгүй. 
Хуваагдал бол байна. Нийгмийн сүлжээнд иймэрхүү зүйл их явж байна. Хуваагдал ярихдаа хэн нь илүү сайн харлуулах вэ гэсэн зүйл байгаа нь харагдаж байгаа. Энэ цаг үед шийдэл л ярьмаар байна. Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа явах юм. МАН ямар зарчимтайгаар явах юм. Үүнийгээ үзүүлээсэй гэж бодож байна. 
Улсын ажил бол явагдаж байгаа. Үүн дээр санаа зовохгүй байж болно. Энэ бол намын дарга сонгох л үйл явц явагдаж байна. Засгийн газрын үйл ажиллагаа явагдаж байна. Их хурал ч гэсэн тасалдалгүйгээр чуулган завсарлаагүй байгаа. Энэ тал дээр санаа зовохгүй байж болно. 
МАН бол миний төсөөлж байснаас хамаагүй илүү ардчилалтай нам байна гэж одоогоор мэдрэгдэж байна. Намын Бага хурал дээр 2-3 удаа сууж үзсэн. Залуу гишүүд мэдлэгтэй, чадвартай, туршлагатай, хэлье гэсэн үгээ зоригтойгоор хэлчихдэг. МАН-ын удирдлагуудаас зарчмын шаардлагыг тавьж байгаа нь харагддаг. Би бол МАН-ыг ирээдүйтэй нам гэж бодож байна. 
Улс төрийн зовлон, намын зовлонг төрийн зовлон болгож болохгүй
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Өнөөдөр бол асуудлаа шийдэх ёстой гэж бодож байна. Манай намын дүрмийн дагуу удирдах зөвлөл нь Бага хурлаа зарладаг. Бараг 10 хоногийн өмнө хуралдаж өнөөдрийн бага хурлыг зарласан. Хэрэв намын их хурал хүртэл явагдана гэвэл дор хаяж 45 хоногийн дараа юм. Өнөөдөр хурлаа зарлахад болно. Хэрэв 45 хоног сошиалоор олон нийтийг талцуулсан юм болвол төрийн ажил ч хэцүүдэх юм байна.
Улс төрийн зовлон, намын зовлонг төрийн зовлон болгож болохгүй. Ард түмэндээ нэмэлт ачаалал өгч болохгүй юм. Тиймээс асуудлаа хурдан шийдэх ёстой гэж бодож байна. Манай нам үргэлж л намын дарга сонгогдоход өрсөлдөөнтэй байсан. Аль нэг талыг барьж болохгүй. Хэрэв авлига хэл хахуулийн асуудал байгаа бол үүнийгээ шалгаад явах нь бүрэн эрхийн асуудал. Ард түмний итгэх итгэлийг уг нь хамгаалах ёстой. Хууль шүүхийн байгууллага нь бие биенийхээ захиалгаар явах нь ард түмний хүсдэг ардчилал, хүний эрх бэхжиж чадаагүй байна гэсэн үг. 
 Яаралтай намын Их хурлаа товлон зарлаасай гэж бодож байна
Хотын дарга Х.Нямбаатар: Шинээр батлагдсан улс төрийн намуудын тухай хуульд ч гэсэн намын төлөөллийн төв байгууллага нь намын даргаа сонгох эрхтэй гээд хуульчилсан байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр улс төрийн намууд шинээр батлагдсан улс төрийн намын тухай хуульд нийцүүлж улс төрийн намууд дүрмээ шинэчлэх хуулийн хугацаатай. Тэр утгаараа өнөөдрийн намын Бага хурлаас хоёр үндсэн асуудал шийдэгдэх байгаа.
Нэгдүгээрт, намын даргын асуудлыг шийднэ. Хоёрдугаарт, удахгүй хуралдах намын Их хурлын товыг зарлах гэсэн үндсэн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Бага хурал хуралдаж байгаа. Намын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг мөн баталж өгсөн. МАН 20 хоногт намаа тараангаа алдлаа. Энэ нь эрх баригч улс төрийн хүчний хувьд улс төрийн тогтворгүй байдал, цаашлаад эдийн засгийн тогтворгүй байдал гээд олон сөрөг үр дагаврыг учруулж болзошгүй юм. Тиймээс яаралтай намын Их хурлаа товлон зарлаасай гэж бодож байна. Манай намын дүрэмд намын Их хурлыг хуралдахаас өмнө 45 хоногийн өмнө зарлах товтой.
Л.Оюун-Эрдэнэд асар их боломж байсан ч тэр боломжоо ашиглаж чадаагүй
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Улс төрийн нам гэдэг бол зөвхөн хэдэн хүн албан тушаалд хүрч, өөрсдөө сайхан амьдрахын төлөө байгууллагдсан бүтэц биш. Харин нийт улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө мөрийн хөтөлбөр боловсруулж, сонгуульд оролцож, төрийн бодлого тодорхойлох үүрэгтэй байгууллага байх учиртай. Өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Нам эдийн засгийн гол тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ялангуяа бизнес, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарсан мөрийн хөтөлбөр дэвшүүлж орсон. Гэвч сонгуульд ялсны дараа тэдгээр заалтуудын олонх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаагүй. Энэ нь намын дарга болон удирдлагууд өөрсдийнхөө баталсан албан ёсны мөрийн хөтөлбөрийг өөрчлөн няцаасан үйлдэл бөгөөд зүй бус гэж үзэж байна. Л.Оюун-Эрдэнэд асар их боломж байсан ч тэр боломжийг бүрэн ашиглаж чадсангүй.
Манай намд эв нэгдлийг бэхжүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, асуудлыг өөр өнцгөөс харж тайлбарладаг, бусдын үзэл бодлыг сонсож хүлээн зөвшөөрдөг соёлыг бий болгох шаардлага тулгарч байна. Харин бодит байдал дээр намын удирдлагууд өөрийгөө хүрээлүүлж, шүүмжлэлээс ангид байхаар вакумждаг. Өнгөрсөн хугацаанд намын дарга хамгийн их вакумжсан хүмүүсийн нэг болсон нь ажиглагдаж байна.
Даргыг сонгох асуудлыг Бага хурал гуравны хоёрын саналаар шийдвэрлэх боломжтой. Хэрэв энэ босгыг давж чадахгүй бол Их хурлаар хэлэлцэнэ. Манай улс одоогоор зэс, нүүрс зэрэг баялгаа олборлож, экспортолж байгаа ч энэ нь хангалттай биш байна. Бид бага хэмжээгээр олборлож илүү үнэ цэнтэйгээр борлуулах, өөрөөр хэлбэл эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх замыг эрэлхийлэх ёстой.
Өнгөрсөн гэрээнүүд тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрөөр хийгдсэн байж болно. Харин нэгэнт байгуулсан гэрээг зөвхөн сайжруулах талаас нь харах хэрэгтэй. Түүнчлэн төсөвт нөлөө үзүүлэхгүй атлаа дагуулж оруулж ирсэн нүүрсний зарим шинэ төслүүдийг дэмжих боломжгүй гэж үзэж байна. Үүний оронд уул уурхайн бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр борлуулах, эдийн засагт нэмүү өртөг шингээх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Л.Оюун-Эрдэнэ сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдгийг ард түмэн дүгнэнэ
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд: Монгол Ардын Намын дотоод асуудал өнөөдрийн Бага хурлын шийдвэрээс ихээхэн хамаарч байна. Дүрмийн дагуу намын даргыг тодруулахдаа Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авах шаардлагатай. Энэ босгыг давж чадвал даргыг шууд сонгоно. Харин шаардлагатай санал хүрэхгүй бол Их хурлаар асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй.
Гэвч үүнийг шийдвэрлэхэд хоёр чухал нөхцөл урьдчилсан байдлаар тодорхойлох ёстой. Нэгдүгээрт, Бага хурлын гишүүдийн санал гуравны хоёрт хүрэх эсэх нь эргэлзээтэй байна. Хоёрдугаарт, одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрөө өргөдлөө өгч байгаа эсэхээс бүх зүйл шалтгаална. Хэрэв өргөдлөө гаргахгүй бол дүрмийн дагуу Бага хурал даргыг солих асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, нөхцөл байдал цаашид сунжрах юм. Өнөөдрийн улс төрийн орчинд нийгэмд өрнөсөн олон үйл явдал, томоохон мега төслүүдтэй холбоотойгоор намын удирдлагын асуудал улам төвөгтэй харагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн тухайд аль хэдийнээ Ерөнхий сайдын ажлаа өгсөн учир, түүний хийсэн сайн, муу ажлыг ард түмэн өөрсдөө дүгнэх нь зүйтэй. 
Харин миний хувьд хамгийн чухал зүйл бол энэ үйл явц хурдан дуусч, тодорхой шийдвэрт хүрэх явдал юм. Намын дотоод маргаан сунжирч, тодорхой бус байдал үүсэх тусам улс орон төдийгүй намын нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Бага хурлаар бүх асуудал нэг мөр шийдэгдэж, нам цаашдын үйл ажиллагаагаа илүү нягт, тодорхой төлөвлөх нөхцөл бүрдэхийг хүсэж байна. Гэвч бодит байдал дээр өнөөдрийн хамгийн том асуулт бол гуравны хоёрын санал бүрдэх эсэх, мөн Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөх үү үгүй юу гэдэг хоёр асуудал хэвээр үлдэж байна. Үүний хариу гарч байж л намын шинэ удирдлагын асуудал цэгцрэх юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн