2026 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор эдийн засагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-2026 оны төсвийг 31.6 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Юун түрүүнд 30 их наяд гэх том дүнг ярихаас өмнө төсвийн орлого, зарлага юунаас бүрддэг вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх.
Монгол Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж буй голлох хэдхэн эх үүсвэр бий.
Нэгдүгээрт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас авч буй татвар. Хоёрдугаарт, бид бүхний худалдан авалт, борлуулалтаас бүрдүүлж буй Нэмэгдсэн өртгийн албан татвар. Гуравдугаарт, ажил эрхэлж буй хүмүүс болон тус ажлыг олгогчдоос авч буй Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого. Удаах орлогууд нь гадаад улсаас оруулж ирж буй бүтээгдэхүүнээс бүрдүүлэх импортын албан татвар, байгалийн баялгаас бүрдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм. Харин тус орлогуудыг арай өөр өнцгөөс буюу салбар талаас нь харвал талаас илүү хувийг бүрдүүлэх уул уурхайн салбар, бидний худалдан авалтаас шууд хамааралтай үйлчилгээ, худалдааны салбар болон банк санхүү, даатгалын салбар гэсэн ердөө хэдхэн салбар болж хувирна.
Ийнхүү задлан харвал эдийн засгийн ямар нөхцөл байдлаас хамааран, аль төрлийн орлого хэрхэх вэ гэдэг нь хялбархан харагдана. Дэлхийн эрдэс баялгийн үнэд савлагаа үүсвэл дээр дурдсан голлох салбар болох уул уурхайн салбараас бүрдүүлэх орлогод савлагаа үүссэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон АМНАТ-д шууд нөлөө үзүүлнэ. Эдийн засгийн эрэлт саарч, иргэдийн худалдан авалт буурвал үйлчилгээний салбар бөгөөд НӨАТ, импортын албан татварыг бууруулах нөлөө үзүүлнэ гэх мэт.
Монгол Улсын төсвийн орлого 2018-2024 оны хооронд дунджаар 23.5 хувиар өсөж байсан бол ирэх 2026 онд 4.6 хувиар өсөхөөр тооцоолсон нь даруй 18.9 нэгж хувиар бага өсөлт болсон байна. Улмаар төсвийн орлого 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувьтай байхаар тооцсон нь 2024 онтой харьцуулахад 6.1 нэгж хувиар бага байхаар тооцоолжээ. Энэ нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналт болон, татварын бодлогын нөлөөг тусгасан харьцангуй бодитой үзүүлэлт байхаар харагдаж байна.
Харин төсвийн зарлагыг харвал 33 их наяд төгрөг байхаар төсөөлсөн байна. Монгол Улсыг нэг өрх гэж үзвэл ердөө 2 том зардал бий. Нэгдүгээрт, хүнсний зардал, тээврийн зардал, хүүхдэдээ өгөх гарын мөнгө гэх мэт урсгал зардал, шинээр барих байшин эсвэл салхи сийгээд байгаа цонхоо солих гэх мэт шинж чанар бүхий хөрөнгийн зардал зэрэг юм. 2026 оны төсвийн төсөлд урсгал зардлын өсөлтийг 2.6 хувь, хөрөнгийн зардлын өсөлтийг 12.6 хувь байхаар тооцжээ. Энэ нь 2018-2024 оны өсөлтөөс харилцан 18, 20 нэгж хувиар бага дүн болсон байна. Урсгал зардлын өсөлтийн хувьд 2013 оноос хойших хамгийн бага өсөлт болоод байгаа хэдий ч 2023, 2024 оны огцом өсөлтөөс тооцогдож буй өсөлтийн түвшин гэдгийг санах нь зүйтэй.
Төсөвт учирдаг гол асуудал бол Монгол Улсын хэт хараат салбар болох уул уурхайн орлого тасалдахад дагаад шууд зардлаа бууруулчхаж болдоггүй явдал юм. Учир нь төрийн албан хаагчдаа шууд халаад, цалингаа зардлаа бууруулахад бэрхшээлтэй байдаг учир нэг бол маш чухал зардал болох хөрөнгийн зардлаа танах, эсвэл өр, зээлээ нэмэгдүүлэхэд хүрдэг.
Харин орлогын өсөлт бага байх нь тодорхой болсон энэ үед хөрөнгийн зардлаа бууруулахгүйгээр алдагдлаа нэмэгдүүлэх сонголтыг хийсэн харагдаж байна. Нэг талаасаа эдийн засаг бүрэн боломжит түвшиндээ хүрэхгүй байгаа үед төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн идэвхжлийг дэмжих нь бодлогын зөв арга хэмжээнд тооцогддог. Үүнийг эдийн засагт “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээн нэрлэдэг.
Гэвч цаашид орлогын өсөлт буцаж эрчимжихэд зарлагын өсөлт дагаад өсөх зүй тогтол үргэлжлэх эрсдэл байсаар байгааг дурдах хэрэгтэй.
-Монгол Улсын гадаад өр жилийн өмнөхөөс 3 тэрбум доллароор нэмэгдсэн. Өрийн нөхцөл байдал хэрхэх бол?
-Засгийн газрын өрийн түвшнийг нэрлэсэн дүнг өслөө гэхээс илүүтэйгээр эдийн засагтай харьцуулахад ямар хэмжээнд байна вэ гэдгээр хэмжих нь зүйтэй. Үүнийг ДНБ-д эзлэх хувиар хэмждэг. Сүүлийн жилүүд дэх Засгийн газрын өр ДНБ-ий 93 орчим хувьд хүрээд байсан 2016 онтой харьцуулахад харьцангуй тогтворжиж байгаа. Гэвч мэдээж цаашид ч төсвөө алдагдалтай батлаад л байвал өр нэмэгдэх нь ойлгомжтой. Өр нэмэгдэхийн хэрээр хүүгийн төлбөр ч дагаад өсөх эрсдэлтэй. Улмаар хүүгийн төлбөр болоод өрийн үндсэн төлбөр төсөвт улам дарамт учруулах бөгөөд төгрөгийн ханш сулрах тохиолдолд тус дарамт бүр ч өндөр болно. Иймд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг цаг хугацаанд нь хэрэгжүүлдэг байх, төсвийн орон зай байхгүй үед нэмж төслийн зээл авахаас татгалзах нь зүйтэй болов уу.
-Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримтална гэсэн. Төсвийн төсөлдөө үүнийг хангалттай оновчтой тусгаж чадсан гэж харж байна уу?
-Төсвийн орлого, зарлагын ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурч байгаа нь эдийн засаг дахь төрийн оролцоо буурч буй явдал гэж тайлбарлаж болно. Гэхдээ тус бууралт нь илүүтэй эрдэс баялгийн салбарын орлого тасалдсанаас үүдэн зардлаа хуулийн шаардлагад нийцүүлж байгаа л явдал гэж хэлж болохоор байна. Хэрвээ төрийн оролцоог бодитоор бууруулах талаар ярьж буй бол либералчлал, хувьчлалыг зайлшгүй ярих ёстой. Гэвч өргөн бариад буй төсвийн төсөлд “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тоог цөөлнө” гэсэн өгүүлбэр л байгаа болохоос, ямар аж ахуйн нэгжийг татан буулгах, эсвэл хувьчлах, энэ нь ямар нөлөө үзүүлэх талаар бодит тоо байхгүй хэвээр байна.
Харин төсвийн төсөлд НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар иргэдийн татварын ачааллыг бууруулах талаар тодорхой тоон үзүүлэлтүүдээр дурджээ. Монгол Улс шиг татварын хувь хэмжээг өөрчлөх замаар эдийн засагт нөлөөлөх бодлогыг барагтаа л хэрэгжүүлдэггүй оронд дээрх бодлого нь дараа дараагийн бодлогыг хэрэгжүүлэх чухал алхам болж магадгүй.
-Цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Энэ нь инфляцад нөлөөлөх үү?
-Энгийнээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн нийт эрэлтийг нэмэгдүүлнэ. Улмаар эрэлт нэмэгдсэнээр инфляцыг өдөөх тодорхой нөхцөл байдал үүснэ. Төрийн албан хаагчдын цалин болон инфляцын хооронд эерэг хамааралтай гэсэн судалгааны үр дүн дэлхий дахинаас гадна Монгол Улсын жишээнд ч бий.
-НӨАТ-ын хөнгөлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжид худалдан авалтаас хамаарч хөнгөлөлт үзүүлнэ. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад таван хувь, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад хоёр хувь байхаар тогтооно гэж тусгасан. Энэ тал дээр таны байр суурь?
-НӨАТ нь татварын их онцгой төрөл юм. Тухайлбал, эдийн засгийн дотоод эрэлтийг хамгийн сайн илтгэх үзүүлэлт болж чаддагаас гадна хүн бүрийн худалдан авалтад ноогддог. Иймд хуурах боломжгүй буюу хамгийн өргөн цар хүрээг хамрах боломжтой татвар юм. Илүү их хэрэглэсэн нь их татвар төлдөг учир орлогын тэгш бус байдлыг бууруулах чиглэлд ажилладаг зарчимтай гэсэн үг юм. Төсвийн бодлогын нэг чухал үүрэг бол орлогын дахин хуваарилалтыг оновчтой хийх буюу орлогын тэгш бус байдлыг бууруулах явдал байдаг тул татварын хуулийн аливаа нэмэлт, өөрчлөлтөд үүнийг харгалзах нь зүйтэй. Дээрх татварын өөрчлөлт нь орлогын тэгш бус байдлыг бууруулах нөлөөтэй гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ 1 сая төгрөгийн хэрэглээтэй өрх ч буцаан олголтын 50 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлбэл 100 саяын хэрэглээтэй өрх ч эхний сая төгрөгт ижил дүн бүхий хөнгөлөлт эдлэхээр байна. Иймд орлогын тэгш бус байдлыг бууруулах нөлөө байгаа эсэх нь эргэлзээтэй харагдаж байна.
-Судлаач хүний зүгээс ирэх оны төсөвт хэрхэн анхаарвал зүйтэй гэж харж байна вэ?
-Иргэдийн нуруун дээрх татварын ачааллыг бууруулна, татварын хувь хэмжээг бууруулна гээд иргэд сонсоход оноо авахуйц сайхан бодлогууд хэрэгжүүлэхээр тусгасан. Гэвч энэ нь уул уурхайн салбарын орлогоос хараат төсөвтэй улсын хувьд тус орлого нь тасалдахад өөр төрлийн орлогоос нөхөх орон зай багасаж байна гэсэн үг. Уул уурхайн салбарын орлого огцом хэлбэлзэж, давхар бусад татварын хувь хэмжээгээ бууруулна гэвэл төсвийн алдагдал л нэмэгдэж, улмаар Засгийн газрын өр томорно. Иймд олон улсад “бороотой өдрийн хадгаламж” хэмээн нэрлэгддэг тогтворжуулалтын санд хуримтлуулах дүнгээ хуулийн дагуу чанд баримталж, хүссэн үедээ гар хүрэхээ болих сахилга баттай болох зайлшгүй шаардлагатай болов уу.