Физикч, доктор Н.Тэгшбаяртай ураны хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн талаар цөөн хором ярилцлаа.
-Монгол, Францын Засгийн газрын хооронд байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад жил болох гэж байна. Гэрээ зурснаас хойш ямар ажлууд хийгдсэн байна вэ. Бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээгээ албажуулсны дараа Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр, орд ашиглах тухай гэрээг Засгийн газартай хийгээд явж байгаа гэсэн мэдээлэл байна.
-Энэ жил бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй гэсэн үг үү?
-Монгол Улсын Засгийн газар Орона групп хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг дагуулж хийх хувьцаа эзэмшигчдийн гэрээнд 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмших тухай өөрчлөлтийг хийх шаардлагатай. Мөн орд ашиглах тухай гэрээ хийх ажил төгсгөлийн шатандаа явж байгаа юм билээ.
Энэ хоёр гэрээ батлагдсаны дараа уул уурхайн ашиглалттай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. 2027, 2028 он гэхэд бид эхнийхээ шар нунтгийг экспортлоод эхлэх боломжтой болно.
-Одоо бол Зөөвч Овоо дээр ямар нэгэн бүтээн байгуулалт болон олборлолт явахгүй байгаа юм уу?
-Одоо бол цацрагийн хяналт шинжилгээ, хайгуул, өрмийн ажил явж байгаа.
-2028 оноос хойш жилд хэдэн тонн уран олборлох вэ?
-Жилд 2500 орчим тонн шар нунтаг олборлох гэрээтэй. Ер нь Монгол Улс уран олборлож экспортолно гэдэг бол уул уурхайн салбарт нэг талаасаа төрөлжүүлж байгаа хэрэг. Бид зөвхөн нүүрс, зэсээс хамааралтай байсан бол нэмээд шар нунтаг экспортлох боломжтой болно. Тиймээс манай улсын эдийн засагт хэрэгтэй. Нөгөө талаасаа стратегийн төсөл гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг Франц улстай хамтарсан гэрээг хэрэгжүүлнэ гэдэг бол НҮБ дахь Монгол Улсын дуу хоолой баталгаажина. Энэ утгаараа ҮАБ-ын үзэл баримтлалд нийцэж байгаа төсөл гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Манай улсын ураны нөөц ямар хэмжээнд байдаг вэ. Дахиад энэ хэмжээний гэрээ хийх, олборлолт явуулах боломжтой юу?
-Ер нь монголчууд гэнэтхэн француудтай хамтраад уран олборлоод байгаа юм биш. Социализмын үед одоогийн ОХУ-тай хамтраад Дорнодын Мардайн ордыг ашиглаж байсан. Тэгэхээр энэ бол ураны хөрөнгө оруулалтын хоёр дахь гэрээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын тогтоогдсон нөөц 200 орчим мянган тонн байгаа. Тогтоогдох боломжтой таамаг нөөц бол 1.5 сая тонн гэж үзэж байгаа.
-ОХУ-ын талаас Мардайн уурхайг дахиж олборлох санал тавьсан гэж байсан. Энэ хэлэлцээр хийгдэж байгаа юу?
-Мардай дээр үүссэн асуудлаа шийдье гэвэл манай талаас эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. ОХУ-ын талаас үеийн үед Мардайг олборлоё гэдэг. Оросуудыг Мардай дээр орохыг эсэргүүцэж байгаа нэг ч субъект байхгүй.
-Мардайн уурхайг ил аргаар олборлодог юм билээ. Тэгэхээр сөрөг нөлөөлөл хэр байх вэ?
-Дэлхий дээр уран олборлох хоёр төрлийн арга байна. Нэг нь ил аргаар, нөгөө нь газар дор уусган баяжуулах арга. Тухайн ордын газрын тогтцоос шалтгаалаад олборлох аргаа сонгодог. Тодруулбал, говьд оршдог элсэн чулууны ордыг газар дор уусган баяжуулах аргаар олборлодог бол чулуулаг ордыг ил аргаар олборлодог. Аливаа уурхайг байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөтэйгөөр олборлох шаардлагатай байдаг. Дэлхий дээр нийт олборлож байгаа ураны 60 гаруй хувь нь газар дор уусган баяжуулах аргаар олборлож байгаа.