Тархины доргилтыг Монгол бариа заслаар засах аргын талаар судалсан судлаач АУ-ын доктор, АШУҮИС-ийн багш Г.Оргилбаяртай ярилцлаа.
-Монголын уламжлалт анагаах ухааны бусад улсаас ялгарах өөрийн гэсэн онцлог нь юу юм бол?
-Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг ярихдаа хамгийн түрүүнд эртний соёл иргэншилтэй нь салшгүй холбоотойгоор авч үзэх хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр бидний төсөөлдөг шиг 500 эсвэл 800 жилийн түүхтэй улс биш. Судлаачдын үзэж байгаагаар Монголчуудын соёл иргэншил 5000 жилийн тэртээгээс бүрэлдэн тогтож, бүр магадгүй түүнээс ч өмнө бий болсон байх үндэслэлтэй. Соёл иргэншил хөгжихийн хэрээр анагаах ухаан зайлшгүй зэрэгцэн оршиж, ард түмний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Эртний Хятадын судар бичиг болох Хуанди Нейжин сударт умард бүс нутгийн ард түмнийг, өөрөөр хэлбэл Монголчуудыг тэмдэглэсэн байдаг. Тэнд дурдсанаар, тэд хүйтэн сэрүүн уур амьсгалтай газар нутагт амьдардаг тул хүйтэнтэй холбоотой өвчин эмгэг элбэг тохиолддог гэжээ. Иймээс Монголчуудын анагаах ухаанд бүлээн эмчилгээ чухал байр суурь эзэлдэг байв. Энэ нь хануур, төөнүүр, бариа засал зэрэг олон төрлийн эмчилгээний аргаар хэрэгждэг бөгөөд тэр дундаа тархины доргилтыг оношлох, эмчлэх өвөрмөц аргачлал хүртэл байжээ.
Тархины доргилтыг бариа заслын аргаар эмчилдэг уламжлал өнөөдөр зөвхөн Монгол Улс болон Өвөр Монголд хадгалагдан үлдсэн байдаг.
Харин Америк, Англи, Япон, Хятад зэрэг өндөр хөгжилтэй улс оронд тархины доргилтыг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс судалж, эмчилдэг боловч уламжлалт бариа заслаар эмчилдэг арга нь байдаггүй. Монгол эмчилгээний нэг онцлог нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг бөгөөд үнэтэй, нарийн тоног төхөөрөмж шаардахгүй, гарын дорхи материал ашиглан энгийн аргаар өвчнийг намдаах чадвартай байдагт оршино.
Манай улсын бүх аймагт уламжлалт анагаах ухааны мэдлэг, арга ухааныг өвлөн тээгчид оршсоор байна. Бид судалгаандаа 21 аймагт тархины доргилтыг бариа заслаар эмчилдэг анагаах ухааны мэргэжил эзэмшээгүй бариач буюу өв тээгчдийг хамруулсан ба тэдгээрийн багахан хувь нь тархины доргилтыг домын аргаар эмчилдэг хүмүүс байсан. Энэ хүмүүс нь түүхэн он цагийн тодорхой хугацаанд хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн.
Сонирхолтой нь, Монгол болон Төвдийн уламжлалт анагаах ухаан олон талаар ойролцоо боловч тархины доргилтын үед хэрэглэдэг бариа заслын арга нь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Монгол анагаах ухааны бие даасан онцлог, ард түмний оюун ухаан, туршлагад тулгуурлан хөгжиж ирснийг баталж байна.
-Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх ямар боломж, бололцоо байгаа вэ?
-Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд өнөөдөр илүү нээлттэй боломжууд бий болж, цаашид ч улам бүр хөгжих боломжтой гэж харж байна. Үүнд итгэлтэй байх нэг гол шалтгаан нь төр засгаас уламжлалт анагаах ухааныг дэмжих бодлого баримталж, багш, судлаачид болон холбоодын үйл ажиллагааг бодлогоор дэмжин, богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн явдал юм.
Гэхдээ зөвхөн уламжлалт арга барилдаа түшиглэхээс гадна бусад шинжлэх ухааны салбаруудтай хамтран ажиллаж, олон талт судалгааг хийх нь зайлшгүй шаардлагатай. Ингэснээр монгол уламжлалт анагаах ухааныг зөвхөн дотооддоо хөгжүүлээд зогсохгүй олон улсын түвшинд гаргах, дэлхий дахинд таниулах боломж нээгдэнэ. Энэ чиглэлээр манай судлаач, багш нар идэвхтэй ажиллаж байгаа. 20-н жилийн өмнө олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд Монгол уламжлалт анагаах ухааны талаар тун цөөн өгүүлэл хэвлэгддэг байсан бол өнөөдөр харьцангуй олон судалгааны ажлын үр дүн өгүүлэл болж хэвлэгдэж байна. Мөн багш нар маань гадаад орнуудад уригдан лекц уншиж, өөрсдийн уламжлалт эмчилгээний арга барилыг дэлхийд танилцуулж байна.
Гэсэн ч нэг анхаарах зүйл бол судлаачдын бүтээл, судалгааны үр дүн олон нийтэд төдийлөн хүрдэггүй, мэдээлэл түгээх тал дээр сул байгаа явдал юм. Олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг тогтмол түгээж чадвал уламжлалт анагаах ухааны үнэ цэнэ, ач холбогдол илүү тодорч, олон нийтийн итгэл үнэмшил ч өсөх нь гарцаагүй. Өнөөдрийн гол зорилт нь зөвхөн шинжлэх ухааны хүрээнд бус, нийгмийн түвшинд өргөнөөр ойлгуулж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэх шаардлагатай байна.
-Тархины доргилтын оношлогоо, эмчилгээнд уламжлалт бариа заслын аргыг ашиглах боломж, үр дүнг орчин үеийн анагаах ухааны аргуудтай хэрхэн уялдуулах нь зүйтэй вэ?
-Манай судалгааны ажилд олон хүн болон байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон. Судалгааны чиглэл нь шинэхэн тархины доргилт буюу толгой цохигдсоноос үүдэлтэй анхан шатны доргилтыг оношлох, эмчлэх боломжийг судлахад төвлөрсөн. Жишээлбэл, хүн өчигдөр эсвэл өнөөдөр толгойгоо цохисон тохиолдлыг шинэхэн тархины доргилт гэж үздэг.
Судалгааны явцад бариа засал болон уламжлалт дом эмчилгээний аргыг хэрэглэснээр өвчтөний зовуурь богино хугацаанд мэдэгдэхүйц багасаж байгааг тогтоосон. Тухайлбал, эхэндээ 10-аад шинж тэмдэг, зовуурьтай байсан өвчтөн эмчилгээний дараа 4–5 болгон буурч байсан тохиолдол олон. Мөн тархины доргилтын үед булчин чангарч, хүний биеийн хөдөлгөөн хязгаарлагддаг. Харин бариа заслын дараа эдгээр булчин сулран, хөдөлгөөн хэвийн байдалдаа ойртож байв. Үүнээс гадна, тархины идэвх, оюуны ачаалал хүлээн авах чадамжид эерэг өөрчлөлт гарч байгааг судалгаагаар нотолсон.
Мэдээж, тархины гэмтлийг оношлохын тулд хамгийн түрүүнд компьютер томографийн шинжилгээ хийх шаардлагатай. Хэрэв хүнд түвшний гэмтэл илэрвэл уламжлалт эмчилгээ бус, яаралтай мэс засал, гэмтэл, мэдрэлийн чиглэлийн эмчилгээ шаардагдана. Харин хөнгөн болон дунд зэргийн доргилттой өвчтөнүүд дээр бид энэхүү бариа заслын аргыг туршин судалгаа хийсэн юм.
Бидний судалгаа үүгээр хязгаарлагдах бус, цаашид илүү өргөн хүрээнд, нарийвчлан судлахаар төлөвлөж байна. Судалгааны багаа өргөжүүлж, олон салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ажиллах нь чухал гэж үзэж байна. Учир нь тархины доргилтыг судлах орон зай маш өргөн юм. Мэдрэл, гэмтэл, нүд, тархи судлал, сэргээн засах, дотор гэх мэт олон чиглэлийн эрдэмтэн судлаач хамтран ажиллах шаардлагатай.
Түүхэн талаасаа ч энэ сэдэв шинэ зүйл биш. 1704-1788 онд амьдарч байсан Ишбалжир Рашааны дусал, Рашааны хурим зохиолдоо тархины доргилтыг оношлох, эмчлэх аргыг тэмдэглэн үлдээсэн байдаг. Өнөө цагт манай судалгааны баг болон бусад олон улсын багууд тархины доргилтыг дахин судалж, улам бүр гүнзгийрүүлэн авч үзэж байна. Цаашдын урт хугацааны зорилго бол зөвхөн тархины доргилтоор хязгаарлагдахгүйгээр бүх бие эрхтний доргилтыг судлахад чиглэнэ. Учир нь хүний биед тархиас гадна олон эрхтэн, эд эрхтний доргилт бий бөгөөд энэ нь асар өргөн судлагдахуун юм. Нэг хүний амьдралд ч бүрэн судалж амжихгүй байж болох энэ өргөн хүрээт сэдвийг үе дамжин цогцоор нь судалж, хөгжүүлсээр байх нь чухал юм.
-Та судалгааныхаа талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Манай судалгааны баг сүүлийн 10 гаруй жилийн турш тархины доргилтыг бариа заслын аргаар эмчлэх боломжийг судалж ирсэн. Ерөнхийдөө энэ чиглэлийн эмнэлзүйн судалгаа Монгол Улсад 1990 оноос хойш тогтмол хийгдэж байгаа бөгөөд бидний хийсэн ажил нь эмнэлзүйн хоёр дахь томоохон судалгаанд тооцогдоно.
Эхний судалгааг 1989 онд Б.Дагвасүрэн багш хийж, тархины доргилт хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар дүн шинжилгээ хийсэн байдаг. Үүний дараа Х.Долгормаа багшийн хийсэн судалгаа нь тархины доргилтын үед бариа заслын эмчилгээ өвчтөний зовиурыг хэрхэн бууруулж, хэдий хугацаанд үр дүнгээ өгдөгийг тодорхойлсноороо онцлог. Мөн орчин үеийн эмчилгээний аргуудаас бариа засал эдийн засгийн хувьд ямар давуу талтай болохыг судалсан. Манай багийн хийсэн судалгаа нь Х.Долгормаагийн ажлын агуулгатай төстэй боловч орчин үеийн шинжлэх ухааны багаж, тоног төхөөрөмжийг өргөн ашигласан. Дэлхий нийтэд тархины доргилтыг судлахдаа ямар төхөөрөмж хэрэглэж байгаа жишгийн дагуу, Монгол Улсад боломжийнхоо хэрээр тэдгээрийг ашигласан нь онцлог юм. Гэхдээ өндөр өртөгтэй, маш том тоног төхөөрөмжүүдийг ашиглах боломж хязгаарлагдмал байсан. Гэсэн ч бид судалгааны ажлыг тодорхой төлөвлөлт, хугацаа, төсөвтэйгөөр зохион байгуулж, өвчтөний биед илэрч буй зовиур болон түүний өөрчлөлтийг нарийвчлан ажигласан. Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад тархины доргилтын үед мөрдөгдөж байгаа эмчилгээний стандарт нь тодорхой байдаг. Өнөөгийн эмчилгээний практикт голчлон шинж тэмдгийг дарах, хаван бууруулах, цусан хангамжийг сайжруулах, хэвтрийн дэглэм баримтлуулах зэрэг аргыг хэрэглэдэг. Үүн дээр нэмээд тав хоногийн дараа өвчтөнд бариа засал хийж болохоор зөвшөөрдөг.
Хүн толгойгоо цохиж доргилоо гэж үзвэл хамгийн түрүүнд заавал компьютер томографийн шинжилгээ хийж, тархинд цус хурсан эсэхийг тодорхойлох шаардлагатай. Хэрэв тархин дотор цус хурсан, тархины судас гэмтэж цусан хураа үүссэн үед бариа засал хийж болохгүй, хэрэв баривал бөгөөд улам ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэй. Харин тархинд хүнд гэмтэл илрээгүй тохиолдолд л тухайн өвчтөнд тохирсон бариа заслын эмчилгээг хийж болно. Иймээс тархины доргилтыг зөв оношилж, зөв аргачлалаар эмчилбэл өвчтөн хурдан эдгэрэх боломжтой. Гэсэн хэдий ч хэдий хугацаанд эдгэрэх нь тухайн хүний биеийн онцлог, доргилтын зэргээс шууд хамаардаг. Ялангуяа гэмтлийн хүнд, хөнгөний зэрэг нь эмчилгээний явцад хамгийн чухал үзүүлэлт болдог.
Цаг хугацаа нь эмчид хамгийн үнэтэй багш болдог.
-Өнөөдөр тархины доргилтыг бариа заслын аргаар эмчлэхэд богино хугацааны сургалтад суусан бариа засалчид болон мэргэжлийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг хэрхэн ялган үнэлж, баталгаажуулах ёстой вэ?
-Өнөөдөр Монголд олон хүн тархины доргилтыг бариа заслын аргаар эмчилж байна. Ялангуяа ардын уламжлалт мэдлэгээ өвлөж үлдсэн бариач нар энэ чиглэлд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Түүхийн хувьд тэднийг соёлын өв тээгчид гэж нэрлэх нь зүйтэй. Учир нь эдгээр хүмүүс үеэс үед дамжин ирсэн уламжлалт мэдлэгийг хадгалж, хэрэглэж ирсэн бөгөөд бодит амьдрал дээр ч олон хүнд тус дэм болж байгаа. Жишээлбэл, миний найзын хүүхэд тархины доргилттой болоод нэг бариач дээр очиход ганцхан удаагийн бариулалтын дараа зовуурь нь намдсан тохиолдол бий. Тэр хүн албан ёсоор эмч биш байсан ч гаргууд бариач, соёлын өв тээгч гэж хэлж болохоор хүн байсан юм.
Гэхдээ зөвхөн бусдын яриаг сонсож дүгнэлт хийх бус, бодитоор очиж үзэж, тэдгээр хүмүүсийн мэдлэг чадварыг өөрийн нүдээр үнэлэх нь чухал. Учир нь бариа заслын чиглэлээр маш олон хүн богино хугацааны, 1-3 сарын сургалтад сууж төгсөөд шууд ажиллаж эхэлдэг. Гэвч ийм хугацаанд хүний бие махбодыг бүрэн судалж мэдэх боломжгүй. Харин анагаахын сургуулийн эмч мэргэжилтэн дор хаяж зургаан жил суралцаж, дараа нь ч үргэлжлүүлэн суралцсаар нийтдээ 15 орчим жилийн хугацаанд мэдлэг чадвараа боловсруулдаг. Энэ урт хугацаа нь зөвхөн онолын боловсрол бус, туршлага хуримтлуулах, биеийн нарийн өөрчлөлтийг ялгаж оношлох чадварыг бий болгодог. Манай багш нарын дунд нэг үг бий. “Хамгийн сайн эмч бол хөгшин профессор” Жишээлбэл, зөвхөн халууралт гэх мэт энгийн шинж тэмдгийн цаана 50 гаруй өөр онош байж болно. Үүнийг зөв оношлохын тулд олон жилийн туршид онол, дадлага хослуулан суралцсан байх шаардлагатай.
Цаг хугацааны явцад уламжлалт анагаах ухааны сувилагч гэх мэргэжил ховордсон нь бас нэг дутагдалтай тал юм. Уг нь сувилагчийн сургалтыг төгссөний дараа мэргэжил дээшлүүлэн бариа заслын чиглэлээр суралцвал илүү мэргэжлийн, хүний бие махбодыг бүрэн ойлгосон бариа засалчид бэлтгэгдэх боломжтой. Гэтэл өнөөдөр нэг талаас уламжлалт анагаахын сувилагчийн дутагдал гарч байгаа бол нөгөө талаас богино хугацааны сургалт дүүргэсэн, эсвэл бүр ямар ч сургалтгүй бариа засалчид олноор нэмэгдэж байна.
Тиймээс эдгээр хүмүүсийг бүрэн үгүйсгэх биш, харин ном журмын дагуу боловсрол эзэмшүүлж, мэдлэг чадварыг нь баталгаажуулбал үнэхээр чадварлаг мэргэжилтнүүд болж чадах юм. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд ч санал нэгтэй байгаа.
-Уламжлалт анагаах ухааны салбарт өнөөдөр бодлогын ямар анхаарал дэмжлэг шаардлагатай байгаа вэ?
-Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаан хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Одоогоор тодорхой хүрээнд харилцан ойлголцож, хамтын ажиллагаа өрнөж байгаа боловч энэ нь хангалттай өргөн цар хүрээг хамарч чадахгүй байна. Иймээс цаашид хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, илүү зохион байгуулалттай, системтэй болгох шаардлагатай.
Монгол Улсад 1920-оод онд анхны орчин үеийн эмнэлэг байгуулагдаж, түүнд өрнийн болон уламжлалт анагаах ухааны эмч нар хамтран ажиллаж байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд аажмаар өрнийн анагаах ухаан давамгайлсан. Харин өнөө цаг үед эргээд эдгээр хоёр салбарын мэргэжилтэнгүүд одоогийнхоос илүү мэдээллээ солилцож, өвчтөнд хамгийн оновчтой тусламж үзүүлэхийн тулд хамтран уялдан ажиллах нь чухал болж байна.
Жишээлбэл, өвчтөн үзүүлэх үед хэрэв тухайн тохиолдол орчин үеийн анагаах ухааны аргачлалаар эмчлэгдэх боломжтой бол уламжлалт анагаах ухааны эмч тухайн өвчтөнөө холбон зуучлах нь зөв. Мөн эсрэгээрээ уламжлалт аргаар илүү үр дүнтэй эмчлэгдэх тохиолдолд орчин үеийн анагаахын эмч нар хамтран ажиллах шаардлагатай. Энэ мэт харилцан мэдээлэл солилцож, өвчтөнд хамгийн тохирсон арга замыг санал болгох нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд нэн чухал юм.
Нөгөө талдаа зөвхөн эмч, мэргэжилтнүүд төдийгүй иргэд өөрсдөө ч аль тохиолдолд орчин үеийн анагаах ухаанд, ямар үед уламжлалт анагаах ухаанд хандах хэрэгтэйгээ мэддэг байх нь чухал болж байна. Энэ нь өвчний оношилгоо, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог илүү оновчтой, уялдаа холбоотой болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
-Тархины доргилтын үед эмчийн зөвшөөрөлгүйгээр бариа заслын аргыг шууд хэрэглэх нь ямар эрсдэл дагуулж болох вэ, мөн хүүхэд болон насанд хүрсэн хүний доргилтын шинж тэмдгийг хэрхэн ялгаж таних вэ?
-Тархины доргилт нь зөвхөн ганц удаагийн үйл явдал биш, олон удаагийн давтамжтайгаар тохиолдох нь бий. Хүний бие тодорхой хэмжээг хүртэлх доргилтыг тэсвэрлэх чадвартай боловч энэ хязгаараас давбал янз бүрийн өвчний суурь болох аюултай. Жишээлбэл, толгой болон нурууны өвдөлттэй хүнээс эмч асуухдаа ойрын хугацаанд бэртэл гэмтэл авсан эсэхийг тодруулдаг. Иргэдийн дунд зөвхөн ноцтой осол гэмтэлд өртсөн үед л тархины доргилт үүсдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг ч бодит байдалд толгойгоо санамсаргүй цохих, халтирч унах зэрэг жижиг мэт санагдах тохиолдлууд ч доргилт үүсгэж, улмаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихэсдэг тул доргилт авах эрсдэл нэмэгддэг. Мөн цахилгаан скүүтер, дугуй, мотоциклоос унах тохиолдол сүүлийн жилүүдэд олширч байгаа бөгөөд хүмүүс энэ бүхнийг төдийлөн анхаарч үзэлгүй орхидог нь буруу. Доргилтын шууд нөлөө тухайн үедээ мэдэгдэхгүй ч урт хугацааны дараа хараа болон сонсгол муудах, толгой өвдөх, ядрах сульдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Өвчний жинхэнэ шалтгаан нь доргилт боловч хожим өөр өвчний хэлбэрээр илэрч гарч ирдэг тул нуугдмал шинжтэй, аюул дагуулдаг.
Ялангуяа хүүхдүүд хөдөлгөөн ихтэй тул толгойдоо бэртэл авах эрсдэл өндөр. Ийм тохиолдолд эцэг эхээсээ нуухгүй, харин ч нэн даруй эмчид хандах нь чухал. Тархины доргилтын улмаас нярай хүүхэд ногоон өнгөтэй чацга алдах, тэр нь үнэртэй байх зэрэг шинж илэрч болдог. Харин бага насны хүүхэд бөөлжих, сулбагар болох шинж тэмдэг илэрнэ. Насанд хүрсэн хүний хувьд толгой өвдөх, ядрах, сульдах зэрэг нийтлэг шинж тэмдэг зонхилно.
Бүх өвчнийг бариа заслын аргаар эмчлэх боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Оношийг зөвхөн эмч тогтоож, түүнд үндэслэн эмчилгээ хийх ёстой. Компьютер томограф зэрэг шинжилгээгээр тархины нөхцөл байдлыг нягталгүйгээр шууд бариа засал хийлгэх нь амь насанд аюултай. Жишээлбэл, тархинд цус хуралт үүссэн байхад бариа хийлгэн цаг алдсанаас эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд байдаг. Зарим газарт бүр уламжлалын нэрийдлээр хүнд аргаар эмчлэхийг оролдсон, тухайлбал толгой доргилттой хүүхдэд банз тавьж алхаар цохих гэх мэт арга хэрэглэсэн нь харааны чадвараа алдахад хүргэсэн жишээ ч байна. Иймээс мэргэжлийн бус хүнд хандах, эсвэл ганц хоёр туршлагаа бусдад турших явдал эрсдэл дагуулдгийг ухамсарлах нь нэн чухал. Зөвхөн мэргэжлийн эмчийн оношилгоо, зөвлөгөө, зөвшөөрөгдсөн эмчилгээний аргыг сонгосноор тархины доргилтоос үүдэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Ардын болон уламжлалт анагаах ухааны ялгаа, тэдгээрийн эрүүл мэндийн салбарт гүйцэтгэх үүргийг хэрхэн зөв ойлгож, салгаж тайлбарлах ёстой вэ?
-Өнөө үед бариа засалчдын тоо эрс нэмэгдэж, борооны дараах мөөг шиг олширсон нь үнэн зөв мэргэжлийн түвшинд ажиллаж буй хүмүүсийг ялган танихад хүндрэлтэй болгож байна. Тиймээс бариа засалч нарын мэдлэг, чадварыг шалгах шалгалт, тэдэнд мөрдөх стандарт шаардлагыг тогтоон хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр мэргэжлийн түвшинд ажилладаг хүмүүсийг баталгаажуулж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм.
Сүүлийн жилүүдэд бариа заслыг гэрийн сургалтаар богино хугацаанд зааж, улмаар хүмүүс мэргэжлийн нарийн мэдлэггүйгээр ажиллаж эхэлдэг болсон. Энэ нь олон талаараа эрсдэл дагуулж байгаа бөгөөд зөвхөн танхимын сургалт, онолын системтэй мэдлэгт тулгуурлаж байж хүний бие махбодын нарийн тогтолцоог зөв оношилж, эмчлэх боломжтой юм. Уламжлалт анагаах ухаан бол өөрийн гэсэн онол, тогтолцоотой, оношилгоо, эмчилгээг нарийн зарчим, арга зүйгээр явуулдаг шинжлэх ухааны салбар. Харин ардын анагаах ухаан нь онолын хувьд системтэй бус ч ахуй соёлын хүрээнд өвлөн уламжилж ирсэн эмчилгээний олон арга ухааныг багтаадаг.
Ардын анагаах ухаанд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн, үр нөлөөгөө үзүүлсэн арга барил бий. Жишээлбэл, уйлагнаж буй хүүхдийг ширгэх арга хэрэглэсний дараа тайвширдаг нь шинжлэх ухаанаар бүрэн тайлбарлагдахгүй ч бодит үр дүнтэйд тооцогддог. Мөн таван салаа ургамлыг буцалгаж уух, эсвэл шархан дээр тавих зэрэг нь ургамлын эмчилгээний уламжлалт аргуудын нэгэн жишээ юм. Үүнтэй адил амьтны болон ургамлын гаралтай түүхий эдүүдийг ашиглах, ахуй соёлын уламжлалтай холбогдсон зан үйл, аргууд ч ардын анагаах ухаанд хамаардаг.
Эдгээр ардын аргуудыг бүрэн үгүйсгэх боломжгүй. Түүхийн явцад тэдгээр нь тодорхой хэмжээнд эрүүл мэндэд нөлөөлсөөр ирсэн бөгөөд зарим нь цаг хугацааны явцад хөгжөөд онол, системтэй уламжлалт анагаах ухаанд шингэсэн байдаг. Харин зарим нь хуучин хэвэндээ үлдэж, зөвхөн соёл, зан үйлийн уламжлал хэлбэрээр хадгалагдан ирсэн. Зарим домын аргыг орчин үеийн шинжлэх ухаанаар тайлбарлаж болох ч, заримыг нь одоогоор бүрэн тайлбарлах боломжгүй хэвээр байна. Энэ нь шинжлэх ухааны онол, судалгааны багаж төхөөрөмж хараахан бүрэн хөгжөөгүйтэй холбоотой байж болох юм.
Зурхайн ухаан ч мөн адил мухар сүсэгтэй андуурагддаг боловч үнэндээ шинжлэх ухааны суурьтай мэдлэгийн нэг хэлбэр гэж үзэх үндэстэй. Зурхай болон анагаах ухаан нь түүхэн уламжлалаараа ах дүү хэмээн зүйрлэгддэг бөгөөд хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад харилцан нөхөх, нэгнээ баяжуулах чиглэлээр хэрэглэгддэг. Жишээлбэл, нүүдэл суудлаа тохируулах зэрэг зөвлөмжүүд нь тухайн үеийн нүүдэлчин ахуй амьдралд нийцсэн эрүүл мэндийг хамгаалах арга хэлбэр байсаар ирсэн.
Иймээс ардын болон уламжлалт анагаах ухааныг ялган ойлгож, тус бүрийнх нь онцлог, үнэ цэнийг зөв үнэлэх шаардлагатай. Уламжлалт анагаах ухаан бол шинжлэх ухааны суурьтай, онол системд тулгуурласан салбар бол ардын анагаах ухаан нь ахуй, соёлын уламжлалд тулгуурласан туршлагын сан хөмрөг юм. Хоёул эрүүл мэндийг хамгаалахад тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж ирсэн ч, тэдгээрийг мэргэжлийн түвшинд ялгаж салгах нь ирээдүйд эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой.